Дамдины Пагмадулам
Дамдины Пагмадулам (1905 онд төрж, 1937 онд нас барсан ) - Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий.
Намтар
засварлахЭцэг нь Дамдин хэмээх тайж хүн байсан. Д.Пагмадулам яг хэдэн онд төрсөн гэдэг нь батлагдсан баримтгүй бөгөөд 1905 онд эсвэл 1906 онд төрсөн гэж таамаглан үздэг.
1922 онд Бошгийг халах залуучуудын байгууллагад элссэн.
1923 онд МАН-д элсэж, Улаанбаатар хотын Намын 11 дүгээр үүрийн гишүүн,
1924 онд Монгол Ардын Намын Суртлын хэлстийн дэргэд байгуулагдсан Бүсгүйчүүдийн тасгийн анхны эрхлэгч, гишүүн.
1924 онд Монгол Ардын Намын Төв хорооны Боловсрон цэнгэлдэх хүрээлэнгийн товчооны гишүүн, хүрээлэнгийн номын сангийн үйл ажиллагааг хариуцаж байж.
1924 онд Анхдугаар Үндсэн хуулиар эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил улс төрийн эрх чөлөө олгосон байдаг. Тухайн үеийн төр, засгийн энэхүү бодлогыг Д.Пагмадулам дэмжиж, хурал цуглаан дээр үг хэлж байсан.
1925 онд Ленинград хотын Дорно дахины хэлний хэл бичгийн сургуульд сурсан.
1925 оны 11-р сарын 27-ны энэ өдөр хуралдсан Ардын Засгийн газрын 42 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэр ёсоор Ардыг Гэгээрүүлэх яамнаас “Хичээл сурлагадаа шалгарсан, биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг сонгон авч Герман, Франц улсад явуулж, дунд болон лицей, тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах” шийдвэр гарчээ.
1926-1929 онд Герман улсад нөхөр Д.Нацагдорж болон бусад нөхдийн хамт сурсан байдаг. Д.Нацагдорж, Д.Пагмадулам нар Берлин хотод герман хэлний курст суралцаж, улмаар Д.Нацагдорж Лайпцигийн Иx сургууль (Герман: Universität Leipzig)-ийн Зүүн Ази судлалын тэнхимд нэрт монголч эрдэмтэн Э.Хейниш (E. Hаeinisch)-ийн туслахаар ажиллаж байжээ. Тэдний талаар буддизм судлаач профессор Ф.Веллер (F. Weller) “Нацаг, Дулам хоёр хотоос зайдуу дүүрэгт жижиг хоёр өрөөг хөлслөн суусан” гэж бичсэн байдаг.
1925 оны хүн амын тооллогод түшмэл Д.Нацагдорж, эхнэр Д.Пагмадулам гэж бүртгэгдсэн байдаг.
1931 онд түүний сонгох, сонгогдох эрхийг хасаж, 1932 онд Намын III цэвэрлэгээгээр Намын гишүүнээс нь хөөгөөд 1932 онд Д.Нацагдоржийг үндсэрхэг үзэлтэн, хувьсгалын эсэргүү хэргээр, Д.Пагмадуламыг бас хэргийн учир баривчилсан. Мөн гадаадад хамт сурсан Б.Гомбо, Б.Лооройсамбуу, Д.Намдаг, О.Намнандорж нарын 14 хүнийг баривчлан хорьсон байна.
Германд хамт суралцсан Балдангийн Содном, Донровын Намдаг, Насан-Очирын Наваан-Юндэн нар болон Бямбын Ринчен гуайн дурсамж тэмдэглэлд Пагмадуламыг монгол бичиг, гадаад хэл сайн мэддэг, зан ааш эелдэг, хурдан шаламгай, тэр үеийн эмэгтэйчүүдийн дотроос гоц хэдийн нэгэн байсан талаар бичсэн байдаг.
Тэрээр Д.Нацагдоржийн нэгэн адил 1937 онд нас барсан гэж судлаачид үздэг.
Дурсгал
засварлахТөрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Д.Төрбатын “Пагмадулам” роман, С.Буяннэмэх “Пагмадуламдаа”, Ардын уран зохиолч П.Бадарч “Пагмадулам” яруу найрагч, доктор Я.Баатар “Пагмадулам” шүлгээ бичсэн байдаг.
Цагаатгал
засварлах2019 оны 12-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлаар, Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж Д.Пагмадуламыг цагаатгасан. Шүүх хуралд Х.Мэндсайхан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын мэргэжилтэн С.Энхбаяр, Н.Мэндбаяр, Монголын зохиолчдын ахмад үеийг төлөөлж, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Монгол Ардын Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Саруул, ажиглагчаар Б.Бүжин нар оролцсон байна.