Балдангийн Содном
Боржигон овогт Балдангийн Содном (1908 онд төрсөн- 1979 оны 2 сарын 11-нд нас барсан) Монгол Улсын эрдэмтэн багш, зохиолч.
Намтар
засварлах1923-1924 онд Намын Төв Хорооны дэргэд байсан Сүхбаатарын нэрэмжит клубт Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д.Чимэд, Базарын Ишдорж нар зохиол, бичгийн талаар яриа, лекц таниулдаг байхад Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Н.Наваан-Юндэн болон Б.Содном нар хамт суудаг байжээ.
1930 онд Герман улсын их сургуулийн бэлтгэл ангийг дүүргээд буцаж гэртээ иртэл эцэг эх нь хоёул өнгөрсөн байжээ. Ингээд тус жилийн 5 дугаар сарын 1-нээс Шинжлэх Ухааны Хүрээлэнд Монголын утга зохиолын судлалаар дагнан ажиллажээ.
1934 онд ЗХУ-ын Ленинградын Их сургуульд сурч төгссөн.
Б.Содном нь 1932, 1933 онд Эрдэнэбатхаантай Ленинград хотод үе үе уулзалддаг байв. Эрдэнэбатхааныг Монгол улсын Ардын Гэгээрүүлэх Яамны сайд байсныг сайн мэдэхээр барахгүй, анхны дунд сургуульд газар зүйн хичээл заадаг байлаа.
1938 оноос эхлэн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхад нь 11-р сарын 4-ний өдөр Дотоодыг хамгаалах газар дайчлан баривчилж хилс хиргээр шоронд хорьжээ. Содном 1940 оны 4-р сарын 11-нд суллагджээ.
Б.Содном 1938 оноос эхлэн багш нарыг бэлтгэх сургуулийн хэл бичгийн анги, багш нарын зуны давтан сургууль, 1949 оноос эхлэн Улсын Их Сургуулийн хэл бичгийн ангид тасралтгүй 13 жил утга зохиолын онол, ардын аман зохиол, дорно дахины утга зохиол зэрэг хичээлүүдийг зааж байв. Тэрээр 1940-1947 онуудад багшлахын хажуугаар Шинжлэх ухааны хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, улсын нэр томьёоны комиссын нарийн бичгийн даргаас эхлэн Шинжлэх ухааны эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг хавсран хийхээс гадна өөрийн нүсэр их судалгаа шинжилгээний бүтээлээ тасралтгүй туурвисаар иржээ.
1951 онд Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 26 дугаар зарлигаар цагаатгасан боловч хувьсгалын эсэргүү, Японы тагнуул гэсэн хэргийг дахин хяналтад оруулсан байдаг.
Эрдэмтэн зохиолч Б.Содном түүний уран бүтээлүүд нь Монголын Шинжлэх Ухааны хэд хэдэн судалгаа шинжилгээний үндсийг үүсгэн тавьсан.
- Хэл шинжлэл судлал,
- Утга зохиол урлаг судлал
- Ардын аман зохиолын судлал,
- Д. Нацагдорж судлал
- Нэр томьёоны судалгаа
- Шинэ үеийн уран зохиолын судлал
Үүн дээр өөрийн зохиосон зохиолууд, хэлсэн ярьсан үг болон дурсамжууд орж байгаа юм. Нэрт эрдэмтэн Б.Содном нь Монголын шинжлэх ухааны олон салбарт хувь нэмрээ оруулснаас гадна дэлхийд алдар нь товойж гарсан, гадаад дотоодын эрдэмтэн мэргэдэд өндөр үнэлэгдсэн нэрт эрдэмтэн байсан гэдгийг олон эрдэмтэд баталдаг.