Гүюг хааны захидал

Гүюг хааны захидал ( англи. Letter from Güyük Khan to Pope Innocent IV)- Монголчуудын гадаад харилцааны түүхэнд холбогдох 1246 оны баримт бичиг.

Гүюг хааны перс хэл дээрх захидал

Энэхүү баримт бичиг нь Ромын пап лам IV Иннокентийн өөрийн элч католик шашны санваартан Плано Карпинигаар уламжлан Монголын Их Хаанд 1245 оны 3-р сарын 13-нд бичиж илгээсэн “Cum non solum” хэмээх захидлын хариу болгож илгээсэн захидал юм.

Плано Карпини Францын Лион хотоос 1245 оны 4-р сарын 16-нд пап IV Иннокентийн захидлыг авч гараад 1246 оны 4-р сард Ижил мөрний сав газар дахь Бат хааны орд өргөөнд ирсэн байна. Улмаар Их Монгол Улсын хаанаар Гүюг хаан сууж байсан тул Ромын Папын захидлыг хүлээж авалгүй Монголын төв нутаг руу явуулжээ. 1246 оны 7-р сард Монгол нутагт ирээд дөрвөн сарын турш хүлээсэний эцэст Гүюг хаанд бараалхаж Ромын папын захидлыг өргөн барьсан байна. Энэхүү захидалд монголчуудыг христийн загалмайн шашинд орж, Мажар зэрэг загалмайн шашинт орнуудыг эзлэн түрэмгийлснийхээ бурууг хүлээхийг Бурханы нэрийг барьж гуйсан төдийгүй монголчуудыг найрамдал тогтоож, хойшид хэрхэхээ дуулгахыг хүссэн ажээ. Мөн Плано Карпини монголчуудыг христийн шашинд орох ятгалгыг Гүюг хаанд амаар хэлсэн гэж түүхчид үздэг. Плано Карпини аяллынхаа талаар "Монголчуудын түүх" хэмээх ном бичиж үлдээсэн байдаг.

Гүюг хааны захидлын агуулга

засварлах

Гүюг хааны хариу захидалд "Мөнх Тэнгэрийн хүчинд, Бидэн, Их Улсын Хаан Зарлиглах ану: Энэ болбоос Их Пап ламд перс хэлээр юу хэмээн бичсэнийг уншин ухаартугай хэмээсэн захидал бичгийн хувь болой. [Бидний тусаар] Манай их эзэн хааны улс нутагт хуралдсан Их Xуралдайн шийдэл айлтгалыг та нар элчдээсээ сонссон буй заа.

Тэрбээр өөрийн өчилөө та бүхэнд хүргэх аваас чи, Ромын пап бээр хамаг ханхүү ноёдоо дагуулан өөрийн биеэр хүрэлцэн ирж, бидэнд үйлчлэхээ [өөрийн] амаар өчигтүн. Харин ирэх цаг дор бид Их Яса (Их Засаг) хуулийг таниулах амуй.

Мөн “Бидний төлөө айлтгал мөргөл үйлдэн залбирах нь миний усан баталгааг хүртэх сайн үйл болмуй” хэмээн илгээжээ чи. Чиний энэ айлтгалыг би үл ухав за. Хэлсэн бусад үгсийг чинь үзвээс “Загалмайтны шашинтан иргэд хүмүүсийн хамтаар Мажар (Унгар)-ын хамаг газрыг эзэлсэн болохыг олж мэдээд цочирдов. Тэдний буруудсан учир юун билээ” хэмээн авай за.

Энэ үгсийг чинь бас эс ойлгов. Дээд Тэнгэрээс зарлиг мэдүүлэхээр илгээсэн их эзэн Чингис хаан ба Хаан нар болоод Дээд Тэнгэр, ер аль хэнийг ч дагаагүйн учир Мөнх Тэнгэр тэднийг гэсгээн хүйс тэмтэрсэн буй за. Чиний хэлсэн мөнөөр тэд өөрсдөө увайгүй шазруун, бардам омголон загнаж манай элчийг хядсан буй. Хэн бөгөөс хэрхэн Дээд Тэнгэрийн зарлигийг сөрж, өөрийн бяд чадлаар хэнийг ч барьж буюу алж үл болох билээ, Тэнгэр бүхнийг мэдэх ажгуу?!

Чи мөн намайг аюун дагжсан Несторын загалмайт шашинтан болж, танай Ертөнцийн Эзэнийг шүтэн даяанчилж амьдарваас зохимуй хэмээжүхүй. Хэрхэн чи Дээд Тэнгэр хэнийг уучилж, хэнд чин үнэн өршөөлөө хайрлахыг яаж мэдмүй?

Чиний хэлж буй үг чинь Дээд Тэнгэрийн соёрхолыг хүртсэн мэт бардам давлиун байх нь хэрхэн чи үүнийг мэдэж өгүүлнэм? Наран ургахаас жаргах хүртэлх бүхий л газар нутгийг Дээд Тэнгэр бидэнд соёрхсон болой. Хэн хэрхэн Дээд Тэнгэрийн зарлигийг зөрчин сөрж зүрхлэх билээ?

Одоо чи бээр үнэнхүү сэтгэлээсээ "Би Танд дагаар орон Танд зүтгэх бөлгөө” хэмээн чи өөрийн биеэр хамаг хаад ноёдоо дагуулан бидэнд ирж, бүгд хүчээ өгөн манайд хоргодогтун. Тэгэх цагт чинь би дагаар орсныг чинь соёрхсу.

Хэрвээ чи Дээд Тэнгэрийн зарлигийг үл хүлээж, миний зарлигийг эс тоох аваас чамайг өөрийн өштөн дайсан хэмээн үзсү. Мөн тэрчлэн чамд би ухааруулж өгөх билээ. Харин үүнийг зөрчвөөс миний хэрхэхийг Дээд Тэнгэр мэдмүй.

644 оны Жумада сарын хоёрны сүүлээр" гэж бичжээ (Захидлын энэхүү перс хэл дээрх хувилбарыг орчуулж бичсэн хүн перс хэлээр алдаа мадагтай бичсэн байгаа тул энэ перс хүн биш дундад ази хүн байсан болов уу гэсэн таамгийг зарим судлаачид дэвшүүлдэг).

Захидлын судалгаа

засварлах

Монголын талаас хариу захидлаа (1246 оны 11-р сарын эхэн үе) бичихдээ перс, латин хэлээр орчуулан бичиж илгээсэн гэж судлаачид үздэг. Өнөөгийн Ватиканд хадгалагдаж буй захидал хоёр цардмал цаас нийлүүлж хийсэн бөгөөд нийт 20 см өргөн, 112 см урттай , перс хэлээр бичсэн байдаг. Цаасны наасан уулзвар дээр болон бичээсийн төгсгөлд Их Хааны тамгаар хоёронтоо тамгалсан байдаг ажээ. Плано Карпини 1246 оны 11-р сарын 13-нд Их Хааны ордноос буцах замдаа гарч 1247 оны намар Лион хот хүрч Ромын папад Их хааны захидлыг гардуулжээ.

Захидлын перс хэлээрх энэхүү хувилбарыг 1920 онд түүхч, лам Кирилл Королевский (франц. Jean François Joseph Charon; Cyril Korolevsky; Cyrille Korolevsky; Cyrill Karalevskij, 1878-1959) Ватиканы номын сангийн архиваас олж гэрэл зургаар хуулбарлан францын араб, иран судлаач Энри Массэд (франц. Henri Massé; 1886-1969) өгчээ. Энри Массэ энэ захидлын анхны орчуулгыг хийсэн байна. Улмаар Францын нэрт монголч эрдэмтэн П.Пеллио энэ захидлыг судлан дахин орчуулж, перс эх, өөрийн орчуулга, тайлбарын хамт хэвлүүлж судалгааны эргэлтэд оруулсан гавьяатай.

Одгоо Гүюг хааны захидлын эх хувь нь Ватиканы номын сангийн архивт (The Vatican Apostolic Library) хадгаладаж байна.

Бэлэг болгосон захидлын хуулбарууд

засварлах

1998 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат захидлын хуулбарыг Монголын Үндэсний музейд бэлэглэж байжээ.

2018 оны 8-р сард Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэ дэ Фэлип Хархорум музейн сан хөмрөгт 1245 онд Гүюг хаанаас Ромын папад илгээж байсан захидлын зөвшөөрөгдсөн цорын ганц хувилбарыг хүлээлгэн өгч байжээ.

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ватиканд айлчлах үеэрээ Гүюг хааны захидал зэрэг Монголын түүхэнд холбогдох үнэт өвүүдтэй танилцаж байв.

2023 оны 9-р сард Гэгээн ширээт улсын тэргүүн, Ромын пап Францис Монгол Улсад албан ёсоор айлчлах үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гүюг хааны захидлын дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж дурсгав.