Гаадангийн Алтанхуяг

Гаадангийн Алтанхуяг (1948 оны 3-р сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн) Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, морин хуурч, мэргэжлийн хөгжмийн зохиолч.

Тэрээр эцэг эхийн төрсөн нутаг Дундговь аймагт хүүхэд насаа өнгөрүүлсэн. Эцэг Гаадан нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, тээврийн жолооч, эх нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч хүн байсан.

Дуу хуурт ойр өссөн, цэцэрлэгт байхаасаа гармонь хөгжим тоглож сурсан. Ээж нь дууг сайхан аялдаг хүн байсан бол эцэг Гаадан нь "Зууны манлай эрэгтэй уртын дууч" Жигзавын Дорждагватай нутгийн хүний хувьд нөхөрлөж, дуулсан дууг нь дагаж дуулдаг хүн байв.

БНМАУ-ын алдарт гавъяат хөгжимчин, лимбэч Лувсандоржийн Цэрэндоржоор ахлуулсан комисс тухайн цаг үед хөдөө орон нутгаар явж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор хийсэн сонгон шалгаруулалтад тэнцэж улмаар ХБДуС-д ирж суралцсан.

1962-1966 онд Хөгжим Бүжгийн Дунд сургуульд алдарт хуурч Гомбодоржийн Жамъянгийн ангид суралцан морин хуурч мэргэжлийг эзэмшсэн.

1969-1977 онд Болгар улсын нийслэл Софи хотын Хөгжмийн их сургуульд (хэлний бэлтгэл нэг жил, хөгжмийн их сургуулийн бэлтгэл хоёр жил, үндсэн анги таван жил, нийт найман жил) суралцаж хөгжмийн зохиолч (багш Димитр Тыпков) мэргэжил эзэмшин 1978 онд төгссөн.

1966 онд МХөЗХ-ны гишүүнээр элссэн.

1966-1968 онд Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд багш, 1968-1969 онд Багшийн сургууль (Багш нарыг бэлтгэх сургууль)-д багш, 1978 оноос ХБДуС-д багш, 1982 оноос Монгол Телевизэд хөгжмийн редактор, 2004-2007 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн Хорооны тэргүүнээр ажиллаж байсан.

1963 онд, арван дөрөв тавхан настай, ХБДуС-ийн дунд сургуулийн дунд ангийн сурагч байхдаа хайрт ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан дуун суварга босгохоор Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн "Эхийн тухай дуу" шүлгэнд ая хийсэн нь түүний уран бүтээлийн эхлэл болсон. Энэ дуугаа тэрээр ХБДуС-ийн дуулаачийн ангийн Н.Гэрэлт-Одоор дуулуулж, Монголын Радиод бичлэгт хамт орж өөрөө хоолой салган дуулж бичүүлж анх нийтийн хүртээл болгожээ.

Байгаль эхээс заяагдсан төрөлхийн авъяас нь хөгжмийн боловсролоор тэтгэгдсэн түүний "Эхийн тухай дуу"-ны араас "Монгол бүсгүйн үзэсгэлэн", "Борхын голын ус" ("Баяртай угтъя, чамайгаа"), "Сэрүүн саранд" ("Сэрүүн саран"), "Нэгдэлч түмнээ дуулъя" ("Нэгдэлчин түмнээ дуулъя"), "Дуунд дуртай болов оо би", "Шинэ жилдээ" ("Шинэ жил"), "Ээждээ дуулах дуу" ("Ээждээ өргөх дуу"), "Халхын сайхан хүүхнүүд", "Өрхийн тэргүүн гэгдэх юмсан", "Алсаас дуулсан дуу" зэрэг дуу нь гарч хит болон монголын хөгжмийн урлаг, түүний дотор манай орчин цагийн цахилгаан хөгжимтэй эстрад урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан төдийгүй зуун дамжин өдгөө ч дуулагдсаар байгаа билээ.

Тэрээр анх Сочийн фестивальд 1968 онд дууны уран бүтээлээрээ амжилттай оролцсон. 1968 оны намар, есдүгээр сарын сүүл аравдугаар сарын эхээр, ЗХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан Олон улсын залуучуудын дууны II их наадамд түүний "Сэрүүн саран" (шүлэг Ж.Бадраа) дууг дуулсан УАДБЧ-ын дуучин Н.Гэрэлт-Од тус наадмын шагналт III байр эзэлж, мөн түүний "Их наадмын Сочи" (шүлэг Ж.Бадраа) дууг дуулсан УИС (МУИС)-ийн орос хэлний ангийн оюутан Түнжээгийн Рэнцэнханд наадмын тусгай байрын шагнал хүртсэн.

Жич: 1968 оны Олон улсын залуучуудын дууны II их наадамд уран бүтээлчдээ авч очсон Ж.Бадраа "Сайн байна уу, Сочи? Сайхнаа чи Сочи" гэсэн шүлэг бичиж Г.Алтанхуягийн, анх яруу найрагч Л.Дагвадоржийн "Шинэ жил" шүлэгт хийсэн аяар дуулуулж наадамд сойсон нь тийнхүү амжилт үзүүлсэн байдаг. Энэ дуу нь ЗХУ-ын Москва хотын дуу бичлэгийн "Мелодия" фирмийн пянзанд "Сочи - Столица Песни" нэрээр бичигдэж 1969 оны 1-р сард хэвлэгдэн гарсан.

1969 оны 7-р сарын 10-нд Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны Цахилгаан хөгжмийн чуулга буюу одоогийн Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулгын 30 минутын хөтөлбөр орон даяар цацагдаж манай эстрадын түүхэнд анх цахилгаан хөгжмийг ард олондоо толилуулахад Г.Алтанхуягийн хөгжим "Эхийн тухай дуу", "Нэгдэлчин түмнээ дуулъя" дуунуудыг тус чуулгын анхны эмэгтэй дуучин Лувсангийн Оюунчимэг дуулсан.

Жич: Түүний "Нэгдэлчин түмнээ дуулъя" дууг Радиогийн цахилгаан хөгжмийн чуулга бит бүрэлдхүүнээр хөгжимдөж, дуучин Л.Оюунчимэг гитардаж дуулсан нь дүрс бичлэгт хадгалагдан үлдсэн байдаг байна.

Г.Алтанхуягийг Болгарын Софи хотноо хөгжмийн дээд сургуульд суралцаж хөгжмийн зохиолч мэргэжил эзэмшихээс өмнө түүний дууны уран бүтээл 1963-1964 оноос ард түмэнд хэдийнээ танигдаж, 1968 онд олон улсын тэмцээнд байр эзэлж, 1969 онд гадаад оронд пянзанд бичигдэж, манай джаз, эстрад, бит чиглэлийн хамтлаг чуулга, дуучдын урын санд орж зуун дамжин дуулагдаж иржээ.

Хөгжмийн сургууль төгсөж ирээд тэрээр жүжиг, киноны хөгжим бичихийн зэрэгцээ "Унаган хайр", "Амьдралын анхны хонх", "Янзага", "Шөнийн эргүүл", "Манай гаригийн залуус", "Цэцэгчний хүслэн", "Уянга дууны алтан намар", "Алиалагчийн дуу", "Монгол цирк", "Зүрх минь уйлах юм", "Мөнгө", "Өлзиймаа" зэрэг олон сайхан дуу бүтээсэн дууны нэрт мастер юм.

Хөгжмийн зохиолч АЖ, УГЗ хөгжмийн зохиолч Дашийн Мяасүрэн түүний уран бүтээлийн тухай "онцлог тал нь болбол хүнд их амархан хүрдэг" гэсэн бол ХБ, ТШ, АЖ хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав "Үеийн дотроос ... нэлээн дээгүүр орох уран бүтээлчийн нэг гэж үнэлдэг" хэмээжээ.

Тэрээр хөгжмийн бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвисан манай нэртэй хөгжмийн зохиолчдын нэг юм.

Уран бүтээл

засварлах

Хүүхдийн дуу

засварлах
  • "Унаган хайр" (Д.Дожоодорж), 1982 он
  • "Нарны өнгө" (Д.Дожоодорж), 1987 он
  • "Буратиногийн адал явдал буюу Алтантүлхүүр" (А.Толстой), 1983 он
  • "Мартагдсан аялгуу" (Д.Батбаяр), 1983 он
  • "Буэнос-Айресээс хийсэн сурвалжлага" (Г.Боровик), 1984 он
  • "Будамшуу" (Ч.Ойдов), 1985 он
  • "Гурван найз, гурван дайсан" (Ж.Дашдондог), 1985 он
  • "Гарваа" (Э.Оюун), 1985, 2005 онууд
  • "Сувдан сондор" (Д.Мягмар), 1986 он
  • "Нэр төр" (Д.Гармаа), 1986 он
  • "Буцах хаяг" (С.Жаргалсайхан), 1987 он
  • "Үгүйлэгдсэн хайр" (Б.Лхагвасүрэн), 1988 он
  • "Галуу эргэж ирлээ" (Б.Лхагвасүрэн), 1989 он
  • "Галзуу хүний яриа" (Ш.Гүрбазар), 1990 он
  • "Далан худалч" (Ч.Ойдов), 2001 он
  • "Эхлэл" (Ж.Лхагва, Э.Галсан), 1980 он
  • "Хуучин сүмийн нууц" (Ж.Сэлэнгэсүрэн), 1982 он
  • "Санаж яваарай" (Ч.Энхээ, Д.Энхээ), 1984 он
  • "Үлгэр дууссан хойно" (Н.Уранчимэг), 1987 он
  • "Эргүүлэг" (Б.Балжинням), 1989 он
  • "Найрын ширээний ууц" (С.Жаргалсайхан), 1992 он
  • "Соёо" (Д.Энхболд, Т.Чимэд), 1992 он
  • "Бой" (Ц.Балдорж), 1993 он
  • "Өв" (Д.Хатанбаатар), 1993 он
  • "Талийгаач" (И.Цэрэнжамц, Д.Эльбрус), 1993 он
  • "Тогоруу өдөөрөө уйлдаг" (Д.Маам), 1993
  • "Хадагтай ембүү" (Дан.Нямаа, Д.Төрбат), 1993
  • "Чамд итгэж явсан" (Н.Бямбацогт), 1993 он
  • "Чоно" (Д.Хатанбаатар), 1993 он
  • "Нүцгэн уулсын бэлд" (Д.Хатанбаатар), 1994 он
  • "Тамд эдэлсэн жаргал" (Д.Цолмон), 1994
  • "Наран ургахыг хүлээхгүй" (Н.Ганхуяг), 1997 он
  • "Газар шороо" (Д.Маам), 1998 он зэрэг уран сайхны киноны хөгжим
  • "Манай жаргалант ирээдүй", 1982 он
  • "Хөтөлийн залуус", 1985 он зэрэг баримтат киноны хөгжим
  • "Өүлэн эх" С.Оюуны цомнол

Хөгжмийн бүтээл

засварлах
  • "1921 он" симфони найраглал, 1982 он
  • Утсан хөгжмийн найралд зориулсан вариаци, 1976 он
  • Ардын хөгжмийн найралд зориулсан сюит, 1986 он
  • "Өмнийн цэнхэр говь" зураглал
  • "Хийл найрал хөгжмийн концерт" (4 ангит), 1978 он
  • "Төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан хүүхдийн концерт", 1979 он
  • "Эрдүү хийл, симфони найрал хөгжмийн концертино", 1980 он
  • "Төгөлдөр хуур, найрал хөгжмийн концерт" (1 ангит), 1986 он
  • "Хос шударга, симфони найрал хөгжмийн концерт" (3 ангит), 1987 он
  • "Чавхдаст хөгжмийн дөрвөл" (I), 1978
  • "Чавхдаст хөгжмийн дөрвөл" (II), 1985
  • "Хийл, төгөлдөр хуурт зориулсан рондо", 1977 он
  • "Төгөлдөр хуурт зориулсан хувилбар аяз", 1979 он
  • "Хийлийн чуулгад зориулсан бүтээл", 1980 он
  • "Монгол цэрэг" оратори
  • "Их хаадын өлгий" циркийн бүрэн хэмжээний хөтөлбөрт чуулбар, 1990 он
  • "Хөх тэнгэрийн цирк" циркийн хөтөлбөр, 1998 он
  • "Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй" циркийн хошин хөтөлбөрт тоглолтын хөгжим
  • Морин хуурт зориулсан "Монгол аялгуу" I, II, III

Нэвтрүүлэг

засварлах

2003 он, "Эргэн дурсахуй", хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг

2015 он, Гаадангийн Алтанхуяг "Дуусашгүй дуу минь..." ТВ хөрөг нэвтрүүлэг

2022 он, МҮОНР, Хөгжмийн эгшигт хайрцаг: Хөгжмийн зохиолч Г.Алтанхуягийн уран бүтээлийн тухай

2023 он, МҮОНТ, Теле уулзалт: Хөгжмийн зохиолч, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Г.Алтанхуяг