Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2012-44
Монгол Улс нь Зүүн болон Төв Азид орших улс юм. Хойд талаараа ОХУ, бусад талаараа БНХАУ-тай хиллэдэг, баруун зүгт Казахстантай ойр (хилийн цэгүүд 38 километр зайтай) байрладаг. Нийслэл болон хамгийн том хот нь нийт хүн амын 40 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар. Улс төрийн засаглалын хэлбэрийн хувьд нэг танхимт парламенттай бүгд найрамдах улс болно. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, хууль тогтоох эрхтэй буюу төрийн дээд байгууллага нь Улсын Их Хурал юм.
Монгол (95%), Казах (4.9%), Тува ард түмнээс бүрдэх 2.75 сая хүн амтай. Монгол улс нь далайд гарцгүй бөгөөд Бурханы шашин дийлэнх хүн амын шүтлэг юм. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19 дэх дэсд эрэмбэлэгдэх 1,564,116 ам дөрвөлжин километр нутаг нь дунджаар далайн түвшнээс дээш 1,580 метр өндөрт өргөгдсөн байдаг ба хүн амын нягтрал хамгийн сийрэг улс юм. Нутгийн дийлэнх нь тал, хээр бөгөөд хойд болон баруун талаар Алтай, Хангай, Хэнтий нурууд, бусад салбар уулс сунан тогтсон, өмнөд хэсэгт говь зонхилно. Хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, мөн гол мөрнүүдийн ай сав газруудаар улаан буудай, хүнсний ногоо голчлон тариалдаг. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмал баялаг. (Бүрэн эхээр нь унших...)