Бүрхүүл ургамал

Бүрхүүл ургамал (Англи: cover crop) нь хүн төрөлхтний хүнсний, тэжээлийн болон аж үйлдвэрлэлийн түүхий эдийн зориулалттайгаар бий болгосон тариалангийн экосистем дэх хөрсний элэгдэл, үржил шим, хөрсний чанар, ус (чийг), хог ургамал, хортон шавж, өвчлөл, биологийн төрөл зүйлийн олонлог зэргийг сайжруулан удирдах зорилгоор тариалсан ургамал (ургамлын багц) юм. Харамсалтай нь бүрхүүл ургамлын технологи нь олон оронд нэвтэрч чадаагүй байна.

Хөрсний элэгдэл

засварлах

Бүрхүүл ургамал нь хэдийгээр тариалангийн экосистемд олон үүргийг гүйцэтгэдэг ч түүнийг/тэдгээрийг ургуулах үндсэн шалтгаан нь хөрсийг элэгдлээс хамгаалах явдал юм. Хөрсний элэгдэл нь тариалангийн экосистемийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг (хүчин чадлыг) үл сэргэх байдлаар бууруулдаг процесс юм. Бүрхүүл ургамал нь хөрсийг бүрхсэнээр борооны дуслууд газрын гадаргууд хүрэхээсээ өмнө уг бүрхүүл дээр унаж, хурд нь саарч хөрсний гадаргууг цохиж бутлахаас хамгаалж, ингэснээр элэгдэл үүсгэх гадаргуун урсалтыг зогсооно. Үүнээс гадна, бүрхүүл ургамлын үлэмж хэмжээний хэлхэлдсэн үндэс нь хөрсийг бэхэлж барьдаг ба нэгэн зэрэг хөрсний сүвшлийг нэмэгдүүлж, хөрсний макрофаунд амьдрах тухтай орчныг бүрдүүлж өгдөг. Дурьдагдсан зүйлүүд нь хөрсийг дараагийн хэдэн жил үржил шимтэй байх боломжийг олгодог.

Хөрсний үржил шим

засварлах
Үндсэн өгүүлэл: Ногоон бордуур

Бүрхүүл ургамлыг ашиглах үндсэн шалтгаануудын нэг бол хөрсний үржил шимийг сайжруулах юм. Энэ зорилгоор ашиглаж буй бүрхүүл ургамлыг "ногоон бордуур" гэж ойлгож болно. Ногоон бордуур бүрхүүл ургамлыг, хөрсний хэд хэдэн макро ба микротэжээлийг удирдахад ашигладаг. Эдгээр тэжээлээс, судлаачид болон фермерүүд азотын зохицуулалтад чухал ач холбогдол өгдөг. Учир нь тэжээлүүд дотроос азот нь тариалангийн үйлдвэрлэлийг хамгийн их хязгаарлаж байдаг хүчин зүйл (тэжээл) юм.

Ногоон бордуур ургамлууд нь ихэвчлэн буурцагт ургамлууд буюу буурцагтны овгийн ургамлууд байдаг. Энэ овгийн, шош, сэвэгзарам, люпин, царгас, гиш, хошоон, хошоонгор г.м. бүх зүйл ургамлуудын үр нь хонхорцог дотор бүрэлдэнэ. Буурцагт бүрхүүл ургамлууд нь азотын агууламж өндөртэй байдаг ба бусад ургамлын ургалтад азотыг нийлүүлэх чадвартай. Уламжлалт тариаланд азотын эх үүсвэрийг химийн бордоо хэлбэртэйгээр хангадаг. Азот хуримтлуулагч дээрх ургамлуудын энэ чадварыг бордоо орлуулах зэрэг гэж нэрлэдэг.

Буурцагт ургамлуудын бас нэг өвөрмөц шинж чанар бол, тэд ризобактеритэй симбиоз харилцааг үүсгэдэг. Ризобактери нь буурцагт ургамлын үндсэнд булцуу үүсгэн түүн дотроо байрлана. Люпин нь хөрсний Bradyrhizobium sp. (Lupinus) микроорганизмтэй симбиоз харилцааг үүсгэнэ. Энэ микроорганизм нь агаарт агуулагдах (78%) биологийн үл хүртээмжтэй азотыг (N
2
) биологийн хүртээмжтэй аммони (NH+
4
) болгон хувиргана. Энэ процессийг биологийн азотын фиксаци гэж нэрлэдэг.

Тариалангийн экосистем уруу биологийн азотын фиксациар азотыг нийлүүлдэг бүрхүүл ургамлуудаас гадна, хөрсөнд агуулагдаж байгаа азотыг барих зориулалт бүхий "баригч ургамлууд" (Англи: catch crop) гэж бий. Эдгээр ургамлууд нь өмнөх таримал ургамлаас илүүдэн үлдсэн хөрсөнд агуулагдах азотыг, угаагдах, денитрификацид орж хий хэлбэрт шилжих, уурших зэргээр алдагдахаас сэргийлэн өөртөө шингээн авч, хожим үхүүлсний/үхсэний дараа ялзарч задралд орон дараагийн тарималд өгдөг юм. Баригч ургамлууд нь ихэвчлэн, хурдан ургадаг үет ургамлууд байдаг.

Ногоон бордуурыг ашиглах нэгэн жишээ Нигер улсаас гаралтай. Нигерийн фермерүүд талбайдаа фосфоритыг цацсаны дараа түлдэг мукунаг (Mucuna pruriens) тариалж, биологийн хүртээмжтэй фосфорын хэмжээг нэмэгдүүлдэг.

Хөрсний чанар

засварлах

Бүрхүүл ургамал нь хөрсний чанарыг сайжруулдаг. Бүрхүүл ургамал нь аажмаар хөрсний органик материйн агууламжийг нэмэгдүүлэх ба үүгээрээ хөрсний чанарыг сайжруулж байдаг. Хөрсний органик материйн агууламж нэмэгдэх тусам хөрсний бүтэц сайжирч, ингэснээр хөрсний ус (чийг) ба тэжээлийг барих/агуулах чадвар нэмэгдэнэ. Хөрсний органик материйн агууламж өссөнөөр, хөрсний нүүрстөрөгчийн шингээлт нэмэгдэх ба энэ дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж буй шалтгаануудын нэг болох агаарын нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг буруулах бодлогыг/стратегийг дэмждэг.

Хөрсний чанар нь ХАА-н таримал ургамлуудын ургалтыг нэмэгдүүлэх тохиромжтой нөхцлийг бүрдүүлдэг. Хөрсний чанарын үндсэн шалгууруудад, хөрсний давсжилт, рН, микроорганизмийн тэнцвэр, хөрсний бохирдол зэрэг багтана.

Бүрхүүл ургамал нь хөрсний элэгдлийг бууруулснаараа, тариалангийн талбайгаар нэвчин, өнгөний ус ууруу зайлан үгүй болох усны хэмжээ болон хурдыг нэгэн зэрэг буруулдаг. Бүрхүүл ургамлын биомасс нь борооны дусал ба хөрсний гадаргуу хоёрын хооронд тусгаарлагч болж өгдөг нь борооны дуслууд хөрсний гадаргууг цохин эвдэлж, нүх сүвийг бөглөн ус нэвчилтийг бууруулах биш, харин хөрс рүү аажим нэвчин орох боломжийг олгодог. Мөн, өмнө дурдсанчлан, бүрхүүл ургамлын үндэс нь хөрсний сүвшилийг нэмэгдүүлдэг ба ингэснээр хөрсний ус нэвчүүлэх чадвар өснө.

Бүрхүүл ургамал нь үхүүлэхээс (хадах, булдах, гербицид цацах, дискдэх, г.м.) өмнө их хэмжээний усыг агуулж байдаг ба түүнийг/тэдгээрийг үхүүлсний дараа хөрсний чийг нэмэгддэг. Усны хүрэлцээ багатай тариалангийн экосистемийн хувьд бүрхүүл ургамал нь хөрсийг сүүдэрлэн бүрхэж, хөрсний гадаргуун температурыг бууруулж, ингэснээр ус ууршин алдагдах нь багасдаг.

Хог ургамал

засварлах
 
Бүрхүүл ургамал. Өмнөд Дакота.

Бүрхүүл ургамлын өтгөн масс нь ургаж байх үедээ хог ургамлын өрсөлдөгч болдог. Бүрхүүл ургамал нь соёолж амжсан хог ургамалд амьдралынхаа циклийг гүйцээж нөхөн үржих боломжийг олгодоггүй. Бүрхүүл ургамал нь үхсэний/үхүүлсний дараа хөрсний гадаргууд бараг битүү гэж болох бүрхүүлийг үүсгэх ба ингэснээр гэрэл нэвчилт буурч, хог ургамлын үрийн соёололт багасдаг. Хог ургамлын үр соёолж чадсан ч цаашид зузаан бүрхүүлийг нэвтлэн гарах гэж үрд хуримтлагдсан энергиэ дуусгаж, ургахад шаардлагатай бүтцийг бий болгож чадахгүй үхдэг. Үүнийг "бүхрүүл ургамлын боомилох эффект/үзэгдэл" гэж нэрлэдэг.

Зарим бүрхүүл ургамал амьд, үхсэн аль ч үедээ хог ургамалд дарангуйлагч болдог. Ийм ургамлууд амьд үедээ хог ургамалтай орон зай, гэрэл, тэжээлийн төлөө өрсөлдөн тэмцдэг бол, үхсэний дараа газрын гадаргууд бүрхүүлийг үүсгэж хог ургамалд "боомилох" нөлөөг үзүүлдэг. Жишээ нь шар хошооныг (Melilotus officinalis) уриншийн оронд бүрхүүл ургамал болгон тариалахад, талбайд ургасан ногоон массын зөвхөн 1-12 хувийг л хог ургамал эзэлж байсан бол, шар хошооныг үхүүлсний дараах хог ургамлын хэмжээ энгийн уриншийнхтай харьцуулахад 75-97 хүвь бага байсан байна.

Зарим зүйл бүрхүүл ургамал нь хог ургамалд физик дарангуйлал үзүүлэхээс гадна аллелопат шинжийг үзүүлдэг. Энэ нь уг бүрхүүл ургамлаас ялгарах биохимийн зарим нэгдэл бусад зүйл ургамлуудын үрийн соёололтыг дарангуйлах (хортойгоор нөлөөлөх) эсвэл хурдасгах зэргээр илэрнэ. Зарим сайн судлагдсан аллелопат бүрхүүл ургамлуудад, хөх төриа (Secale cereale), үслэг гиш (Vicia villosa), улаан хошоонгор (Trifolium pratense), сорго (Sorghum bicolor), ба тоонолжин цэцэгтний (Brassicaceae) овгийн зүйлүүд, ялангуяа гичийн төрөл зэрэг багтана. Нэгэн судалгаагаар, шар буурцаг, тамхи, эрдэнэ шиш, наран цэцэг зэргийг хөх тарианы бүрхүүл доор тариалахад өргөн навчит хог ургамлыг 80-95 хувиар буруулдаг болох нь тогтоогдсон байна.

Өвчин, паразит

засварлах

Бүрхүүл ургамлын аллелопат шинж чанар нь хог ургамлыг дарангуйлахаас гадна өвчний циклийг тасалдуулж, өвчин үүсгэгч нян, мөөгөнцөр, паразит нематодуудын/дугуй өтний тархалтыг бууруулдаг. Тоонолжин цэцэгтний (Brassicaceae) овгийн зүйлүүд, жишээ нь гичийн эсэд агуулагддаг глюкозинолатын задралын/деградацийн үед ялгардаг байгалийн хорт нэгдлүүд нь мөөгөнцөрийн гаралтай өвчлөлүүдийг дарангуйлдаг болох нь тогтоогдсон.

Хортон шавж

засварлах

"Урхи ургамал" эсвэл "хавх ургамал" (Англи: trap crop) гэж нэрлэгдэх бүрхүүл ургамлууд нь хортонг өөр рүүгээ татаж үндсэн таримлаас хол байлгадаг. Олонх тохиолдолд хавх ургамлыг үндсэн ургамалтай нэгэн зэрэг зурвас үүсгэн тариалдаг. Хожим, тухйан хэсэг дэх хортны хэмжээ ихсэх үед пестицидээр боловсруулан устгаж болно. Органик тариаланд, пестицид хэрэглэхгүйн тулд зарим фермерүүд вакуум төхөөрөмжөөр тоноглогдсон техникээр хавх ургамал тариалсан хэсэг дээгүүр явж хортонг соруулан авдаг. Энэ аргыг гүзээлзгэний органик тариалангийн үед лигус (lygus) цохтой тэмцэхэд зөвлөдөг. Хавх ургамлын өөр нэгэн жишээ бол, нематодод тэсвэртэй цагаан гич (Sinapis alba) ба таримал манжин (Raphanus sativus) юм. Эдгээрийг, үетний овгийн үндсэн таримлын (улаан буудай, арвай г.м.) дараа тариалж нематодыг "хавхддаг". Жишээ нь манжингийн нематод/дугуй өт[1][2] ба Колумбын үндэсний ялзралын нематод.[3] Цагаан гич ба таримал манжин ургах үед нематодууд нь тэдгээрийн үндэс рүү татагддаг. Үндэс рүү нэвтрэн орсны дараа тухайн ургамлын хэт мэдрэг хариу үйлдлийн (hypersensitive response) улмаас цаашид үржиж чаддаггүй. Ийм аргаар, зүйл болон тариалах хугацаанаас хамаарч нематодын/дугуй өтний тархалтыг 70-99 хувь хянаж болдог.

Монгол оронд ашиглаж болох зүйлүүд

засварлах

Мөн үзэх

засварлах

Ном зохиол

засварлах
  • SARE National. Topic: Cover Crops. [1]
  • Midwest Cover Crops Council. [2] Resources for growers, researchers, and educators.
  • Hartwig, N. L.; Ammon, H. U. (2002). "50th Anniversary - Invited article - Cover crops and living mulches". Weed Science. 50: 688–699. doi:10.1614/0043-1745(2002)050[0688:aiacca]2.0.co;2.

Цахим холбоос

засварлах
  • [3] "Cover Crops," Cyclopedia of American Agriculture, v. 2, ed. by L. H. Bailey (1911). A short encyclopedia article, early primary source on varieties and uses of cover crops.
  1. Lelivelt, C. L. C.; Leunissen, E. H. M.; Frederiks, H. J.; Helsper, J. P. F. G.; Krens, F. A. (1993-02-01). "Transfer of resistance to the beet cyst nematode (Heterodera Schachtii Schm.) from Sinapis alba L. (white mustard) to the Brassica napus L. gene pool by means of sexual and somatic hybridization". Theoretical and Applied Genetics. 85 (6–7): 688–696. doi:10.1007/BF00225006. ISSN 0040-5752.
  2. Smith, Heidi J.; Gray, Fred A.; Koch, David W. (2004-06-01). "Reproduction of Heterodera schachtii Schmidt on Resistant Mustard, Radish, and Sugar Beet Cultivars". Journal of Nematology. 36 (2): 123–130. ISSN 0022-300X. PMC 2620762. PMID 19262796.
  3. Teklu, Misghina G.; Schomaker, Corrie H.; Been, Thomas H. (2014-05-28). "Relative susceptibilities of five fodder radish varieties (Raphanus sativus var. Oleiformis) to Meloidogyne chitwoodi". Nematology. 16 (5): 577–590. doi:10.1163/15685411-00002789. ISSN 1568-5411.