Бенжамин Франклин
Бенжамин Франклин (Англиар Benjamin Franklin, 1706 оны 1 сарын 17 – 1790 оны 4 сарын 17) АНУ-ыг “Үндэслэгч эцгүүд" нэг юм. Тэрээр зохиолч, улс төрч, эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн, дипломатч буюу улс төр, бизнес, шинжлэх ухаан, уран зохиол гэсэн хүний үйл ажиллагааны дөрвөн өөр салбарт хосгүй амжилтад хүрсэн суут хүн байсан юм.
Бизнесийн салбарт түүний оргилд хүрсэн замнал нь одоогийн эалуу хүн бүрт үлгэр жишээ болохоор байдаг. Бостон хотод ядуу айлд төрж идэр залуудаа Филадельфи хотод анх очихдоо халаас хоосон байв. Гэвч хэвлэлийн бүтээгдэхүүний дэлгүүр ажиллуулах, сонин эрхлэн гаргах зэрэг үйл ажиллагаагаараа 40 настайдаа их баян хүн болж чөлөөт цагаараа гадаад хэл судалж шинжлэх ухаан сонирхож байв.
Б.Франклин эрдэмтний хувьд цахилгаан, гэрлийн салбарт хийж байсан суурь судалгаагаараа нэрд гарчээ. Тэрчилэн Франклиний пийшин, бифокапийн томруулдаг шил зэрэг хэд хэдэн өндөр ашигтай шинэ бүтээл гаргасан байна. Уран бүтээлийн үйл ажиллагаагаа сэтгүүл зүйгээс эхэлж удалгүй "Ядуу Ричардын цоморлог" нэртэй цуврал гаргаж түүндээ уран цэцэн үгнүүд байнга хэвлүүлж уншигчдын анхаарлыг гойд татаж байв. Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд намтраа бичиж хэвлүүлсэнийг нь өнөөдөр дэлхий даяар амтархан уншсаар байна.
Улс төрийн салбарт захиргааны санаачилгатай ажилтан: эзэмшил нутагт ерөнхий шууданч байхдаа, шуудангийн үйлчилгээний давуу талыг үйлчлүүлэгчиддээ үнэмшилтэй харуулж чадсан, өргөн мэдлэгтэй хуульч: Пеннсильвани муж улсын хууль тогтоох байгууллагад хэд хэдэн удаа сонгогджээ, авьяаслаг дипломатч: АНУ-ын түүхэнд Франц улсад байсан хамгийн цуутай, азтай элчин сайд байв. Америкийн Эрх чөлөөний тунхаглалд хамгийн түрүүнд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг, хожим нь Үндсэн хуулийн хурлын гишүүн байжээ.
Б.Франклин цогтой ухуулагч, гарамгай зохион байгуулагч хүн байсан. Тухайлбал Филадельфи хотод анхны эмнэлгийг санаачлагчдын нэг байсан бөгөөд эзэмшил нутгуудад галын аюулаас хамгаалах анхны багуудыг эмхлэн байгуулахад тусалж муж улсдаа цагдаагийн газар байгуулахад гар бие оролцож байв. Тэрчилэн эзэмшил нутгуудад нийтийн номын сангууд байгуулж, шинжлэх ухааны нийгэмлэг санаачлан сэдэж байжээ. Гэхдээ аливаа хүний адил амьдрал, үйл ажиллагаандаа алдаа дутагдал гаргаж, сүйрэл, азгүй явдалтай байнга тааралдаж байсан ч хорвоогийн амьдралаа бахархам үр дүнтэй өнгөрөөсөн хүний түүхэн дэх сонгодог жишээ болсоор байна. 84 хүрч өндөр сайхан наслахдаа эрүүл саруул бие бялдартэй байж аз жаргалтай, атаархам амьдрал, тэмцэлийг туулжээ.
Өсвөр үе
засварлахБэнжамин Франклин 1706 онд Бостон хотод англиас ирсэн цагаач саван, лаа үйлдвэрлэгч Жосиа Франклины хүү болон мэндэлжээ. Эцэг Жосиа Франклин хоёр эхнэрээсээ нийт 17 хүүхэдтэй байжээ. Тэрээр анхны эхнэр Энн Чайлд"тайгаа 1677 онд Английн Эктон хотод гэрлэж, 1683 онд түүнтэй хамт Америк руу Бостон хотод цагаачилан нүүжээ. Тэд цагаачлахаас өмнө гурван хүүхэдтэй, дараа нь дөрвөн хүүхэдтэй болсон. Эхнэрээ нас барсны дараа эцэг Жосиа 1689 оны 7-р сарын 9-нд Абиа Фолгертэй гэрлэж, түүнээс арван хүүхэдтэй болжээ. Тэдний найм дахь хүүхэд Бенжамин бол Жосиа Франклины арван тав дахь хүүхэд бөгөөд түүний арав дахь хүүхэд болж төржээ.
Олон хүүхэдтэй, тарчиг амьдралтай байсан тул Бэнжамин хүү сургуулиа орхин эцгийнхээ ажилд туслахаас аргагүйд хүрчээ. Номонд дуртай хүүхэд байсан учир эцэг нь түүнийг 10 настай байхад нь ах Жэймсийнхаа хэвлэх үйлдвэрт ажиллуулахаар явуулсан байна. Хэвлэх цехэд өглөөнөөс орой хүртэл ажиллаж байсан Бэнжамин шөнийн цагаар ном уншиж, бичгийн чадвараа дээшлүүлэхийн тулд уйгагүй хичээллэдэг байлаа. Олдсон жаахан мөнгөө ном худалдаж авахад зориулдаг байсан түүнд цорын ганц амралт нь уншлагын цаг болдог байв. Гэвч түүнд дургүй ах нь сав л хийвэл зоддог байсан тул 17 настайдаа Филадельфи уруу оргохоор шийдсэн байна. Халаасандаа хэдхэн зоостой гарсан Бэнжамин Филадельфид очоод хэвлэгчийн ажилд оржээ. 1730 онд Дэбора Рийд хэмээх бүсгүйтэй гэрлэж, зээл авч хувийн хэвлэх үйлдвэртэй болж сонин гаргаж эхэлсэн байна. Түүний сониндоо бичсэн цэцэн нийтлэл, хурц агуулгатай нийтлэлүүд нь уншигчдыг байлдан дагуулах болсон юм. Франклин 27 наснаас гадаад хэл үзэж эхлэн богино хугацаанд франц, итали, латин хэлүүдийг эзэмшсэн байна.
Амьдрал
засварлах1749 оноос бизнесээ орхин шинжлэх ухааны шинэ нээлт, туршилтуудад хүчээ сорих болов.
1753 онд Иел болон Харвардын их Сургуулиас хүндэт гишүүний цол авсан.
1757 оноос колони улсуудын төлөөлөгчөөр томилогдож Англид ажиллах болсон.
1775 онд Пеннсилвани мужаас колони улсуудын 2-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон, 1776 онд "Тусгаар тогтнолын тунхаглалын" эх хувилбарыг зохиох таван хүний бүрэлдэхүүнтэй багт орж, Томас Жефферсонтой хамт ажиллаж байжээ.
1778 онд Франц улстай "Холбоотны гэрээ" байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Мөн Англи улстай найрамдлын гэрээ байгуулах ажлыг эхлүүлсэн ба 1783 онд хүчин төгөлдөр болсон байна.
1785 онд Пеннсилвани муж улсын гүйцэтгэх зөвлөлийн тэргүүнээр сонгогдож "Үндсэн хууль" батлах ажиллагаанд оролцсон.
1789 онд "Боолчлолыг устгах гэрээнд" оролцов.
Бэнжамин Франклин 1790 оны 4-р сарын 17-нд таалал төгссөн бөгөөд түүнийг сүүлчийн зам үдэх ёслолд 20,000 гаруй ард иргэд оролцсон ажээ.
Франклины 13 зарчим
засварлах1. Тохирсон хэрэглээ: Хэтрүүлэн идэхгүй байх, согтотлоо уухгүй байх.
2. Чимээгүй байдал: Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх.
3. Эмх цэгц: Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах.
4. Шийдэмгий зан: Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх.
5. Арвич хямгач: Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх.
6. Үр бүтээлч: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх.
7. Үнэнч, найдвартай: Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх.
8. Ёс суртахуун: Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх.
9. Уян хатан байдал: Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих.
10. Цэвэрч байдал: Орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих.
11. Тогтуун дөлгөөн зан: Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах.
12. Ариун нандин байдал: Шунал тачаалд автахгүй байх.
Бэнжамин Франклины мэргэн цэцэн үгнүүд:
засварлах- Энэ амьдралд үхэл, татвар хоёр л үнэн.
- Хүүхнүүдийн сул талыг мэдье гэвэл найзад нь магт
- Ирээдүйн бүх хүслээ биелүүлэхээс анхны хүслээ даран унтраах нь хялбар.
- Бээлийтэй муур хулгана барьж чаддаггүй.
- Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин заримтай нь л илэн далангүй бай.
- Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг.
- Залхуурал, зэв хоёр адилхан, төмөр эдлэл эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.
- Аливааг олж үзэх амархан, урьдчилж харах л хэцүү.
- Бурууг зөвтгөж чаддаг хүн өөр юм чаддаг байх нь ховор.
- Эзэн хүний нүд хоёр гараас ч ихийг бүтээдэг.
- Бүх философич сургаал айлдахдаа ухаалаг ч гэлээ ааш авир нь мунхаг байдаг.
- Нэг удаа нүүдэл суудал хийх нь түймэрт гурав өртөхтэйг адилхан
- Олдгоосоо бага мөнгө зарцуулах нь ид шидээс илүү.