Баасанжавын Сэвжидмаа

Баасанжавын Сэвжидмаа (1977 оны арваннэгдүгээр сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод төрсөн) нь Монголын хүний их эмч, хоёр улсын их сургуулийн багш, анагаах ухааны доктор юм. Б. Сэвжидмаа нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хумбольдт Их Сургуулийн харьяаны их сургуулийн эмнэлэг болох Шаритед хүний цус ойртолтоос шалтгаалсан шинэ төрлийн синдром (өвчний янз бүрийн шинж тэмдэг) мөн уургийн өөрчлөлтийг нээн илрүүлсэн[1] эрдэмтэн юм.

Баасанжавын Сэвжидмаа
Хувийн мэдээлэл
Төрсөн1977 оны 11-р сарын 21
Зүүнхараа хот, Сэлэнгэ аймаг
 Монгол
Алма матерАнагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Хумбольдт Их Сургууль
МэргэжилАнагаах Ухааны Доктор, Хүний Их Эмч

Б. Сэвжидмаа нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод гурван хүүхэдтэй айлын бага охин болон хорвоод мэндэлжээ. Түүний эцэг эх нь бас эмч бөгөөд ажлын шаардлагаар дөнгөж ой гарантай байхад нь Улаанбаатар хот руу шилжсэн байна. Хотод арван жилийн 6-р дунд сургуульд сурч байх хугацаандаа Нүцгэн уулын бэлд киноны гол дүр болох «Анужин»-ы дүрийг бүтээжээ.[2] Дараа нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр дүүргээд, эндээс Герман Улсын Хумбольдт Их Сургуульд докторын ажлаа эхлүүлсэн байна. Тэрбээр докторын судалгааны ажлаа цус ойртолттой гэр бүлийн генийн өөрчлөлтийг судлан, түүнээс шинжлэх ухаанд мэдэгдээгүй байсан синдром, мөн уургийн нийлэгжлийн өөрчлөлтийг нээн илрүүлж, түүнээ олон улсын анагаах ухааны шинэ өвчний бүртгэлд бүртгүүлэн докторын ажлаа („magna cum laude“ - онцсайн дүнтэй) хамгаалсан байна.[1] Үүний дараа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд физиологийн тэнхмийн багш болон тэнхмийн эрхлэгчийн ажлуудыг гүйцэтгэж байв.

Өдгөө Герман Улсын Халле хот дахь Мартин-Лютерын нэрэмжит Халле-Виттенбергийн Их Сургуульд багшаар ажиллахын зэрэгцээ Монгол Улсад энэ жил (2021 он) ихээхэн газар авч байгаа Ковид-19 вирусийн халдварын бүтцийг тогтоох ажилд гар бие оролцон ажиллаж байгаа юм.[3][4][5] Мөн түүнчлэн анагаах ухааны доктор, дэд профессор Н. Одонгуа, нийтийн эрүүл мэндийн хүний их эмч Э. Ундармаа нарын хамтаар Аз жаргал ба стресс хэмээх нийтийн эрүүл мэндэд зориулсан аз жаргалын дааврыг нэмэгдүүлэх, стрессийн дааврыг хорогдуулах, эрүүл хооллох зэргийн сэдвийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан номыг зохиожээ.[6]

Эх сурвалж

засварлах
  1. 1.0 1.1 Судлаач, доктор Б. Сэвжидмаа: Өнөөгийн шинжлэх ухаан өвчин удамшдагийг үгүйсгэж байна. tusgal.mn: цахим хуудаст нийтэлсэн Б. Батцэцэг, нийтлэгдсэн 2018 оны есдүгээр сарын 28, хандсан 2021 оны арваннэгдүгээр сарын 07
  2. Нүцгэн уулын бэлд. Монгол кино үйлдвэрийн мэдээллийн сан.
  3. Б. Сэвжидмаа: Вирус байгаль дээр тарчихсан учраас устаж үгүй болоход хэцүү. (Memento 7. Арваннэгдүгээр сар 2021 цахим архивт) нийтэлсэн Г. Жаргал, нийтлэгдсэн 2021 оны тавдугаар сарын 13, хандсан 2021 оны арваннэгдүгээр сарын 07.
  4. Комментатор шинэ дугаар: Б. Сэвжидмаа (ХБНГУ-ын Мартин Лютер их сургуулийн багш, анагаах ухааны доктор). хөтлөгч Энхбат, нийтлэгдсэн 2021 оны дөрөвдүгээр сарын 24, хандсан 2021 оны арваннэгдүгээр сарын 07.
  5. Эрүүл мэндийн яамны цаг үеийн байдлын шуурхай мэдээ
  6. Өнөөдрийн ном: "Аз жаргал ба Стресс". peak.mn: нийтэлсэн Б. Болормаа, нийтлэгдсэн 2021 оны хоёрдугаар сарын 3, хандсан 2021 оны арваннэгдүгээр сарын 07.