Ардын хувьсгал

(1921 оны ардын хувьсгал-с чиглүүлэгдэв)

Ардын хувьсгал — 1920-иод оны үндэсний ардын хувьсгал нь харийн түрэмгийлэгч, хуучин феодалуудыг түлхэн унагасан.

Ардын намын гишүүд

Нууц бүлгүүд байгуулагдсан нь

засварлах

1919 онд Оросын консулын сургуулийн багш Догсомын Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэмийг, гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Консулын бүлгэмд Хорлоогийн Чойбалсан, Дамбын Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс байсан бол Зүүн хүрээний нууц бүлгэмд Цэргийн яамны түшмэл Дансранбилэгийн Догсом, Магсаржав хурцын Дугаржав, Дамдины Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйллыг буруушаасан ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ.

Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн нь

засварлах
 
1920-иод онд Монголын Ардын Хувьсгалт Цэрэг ба ЗОУ-ын командлагчууд

1920 оны 7 дугаар сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг Да лам Пунцагдоржийн тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. 1920 оны 8 сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Д.Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ луу буцаад иржээ. Ардын намынхан анх Зөвлөлт Орос улс явахдаа зөвхөн зэвсэг гуйхаар явсан боловч сүүлдээ зэр зэвсгээс гадна оросын улаан цэргийн хүчийг авахаар тохирч үүний төлөөсөнд Монголд зөвлөлт маягийн төр засаг тогтооно гэсэн амлалт өгсөн ажээ. Ингэж анх ардын намынхан Коминтерний нөлөөнд шууд орох нөхцлийг бүрдүүлжээ.

Барон Унгерн Монголд орж ирсэн нь

засварлах

1920 оны эцсээр Оросын Байгал нуурын чанадын Цагаатны удирдагч Атаман Семёновын харьяаны дэслэгч генерал Барон Унгерн фон Штернбергийн удирдсан Оросын цагаан армийн Азийн морин дивиз Монголд орж ирэн 10 сараас эхлэн нийслэл хүрээг хэд хэдэн удаа довтолж 1921 оны 2-р сарын 23 ны өдөр Нийслэл Хүрээг хятадын гамин цэргээс бүрэн чөлөөлжээ. Үүний үр дүнд Богд хаант монгол төр дахин тогтнож монголчууд тусгаар тогтнолоо дахин сэргээв. Барон Унгерн нийслэл Хүрээнд банк, цэргийн сургууль, гааль байгуулж хотыг хогноос нь цэвэрлэх ажлыг зохион байгуулжээ. Барон Унгерний цэргүүд 1921 оны 4 дүгээр сар гэхэд Монгол орныг хятадын гамин цэргээс бүрмөсөн чөлөөлжээ. Оросын улаантнууд Барон жанжны гавьяаг үгүйсгэж, улаан орос цэрэг Монголыг гамин цэргээс чөлөөлсөн гэж түүхэнд олон жил худал гүтгэсээр ирсэн.

Ардын нам байгуулагдсан, Хиагтыг эзэлсэн, Барон Унгернийг бут цохисон нь

засварлах
 
Монгол Ардын Журамт цэрэг Нийслэл хүрээнд орж ирж буй нь

1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, Түр засгийн газрыг байгуулан намын даргаар Солийн Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Дамбын Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Д.Бодоо, бүх цэргийн жанжнаар Д.Сүхбаатар томилогдсон байна.

1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулалдааныг хийн уг хотыг эзлэн авчээ.

5-р сарын эцсээр Барон Унгерн Их Хүрээнээс хойд зүг хөдөлсөн ба гол хүч нь Улаан арми болон, Ардын цэрэгт бут цохигдон Зөвлөлт Орос улс руу гарчээ.

1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан байна.

Ач холбогдол

засварлах

Ардын хувьсгалын гол зорилго нь тусгаар тогтнолоо олох явдал байсан боловч уг хувьсгалын үр дүн нь нийгмийн эрс өөрчлөлт авчирч чадсан байна. 1911 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залж шашин төрийг хослуулан бариулсан бол 1921 оны хувьсгалаар ч мөн Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч эрх мэдлийг хязгаарлан зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарласан, илүү ардчилсан засаглал тогтоосон ач холбогдолтой болжээ. Мөн уг хувьсгалаар нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан феодализм, хамжлагат ёсыг халсан байна.

Дурсгал

засварлах

1921 оноос хойш жил бүрийн 7-р сарын 11-нд Ардын хувьсгалын ялалтын баярыг Эрийн гурван наадам хийн ёслон тэмдэглэж иржээ.

Түүнчлэн үзэх

засварлах