Элон Маск

овог нэр

Элон Рив Маск (англи. Elon Reeve Musk, 1971 оны 6-р сарын 28-нд Өмнөд Африкийн Преториа хотод төрсөн) -Өмнөд Африкаас гаралтай АНУ, Канадын иргэн бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч тэрбумтан юм. Тэрээр SpaceX-ын CEO болон CTO, мөн Тесла Моторсын CEO болон бүтээгдэхүүн загварчлалын захирал юм. SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч юм. Мөн Элон Hyperloop хэмээх өндөр хурдны тээврийн систем болох дараагийн үеийн загварыг боловсруулсан онцгой нэгэн билээ. Тэрээр 2021 оны 1-р сард 185 тэрбум $ хөрөнгөтэй болж Жэфф Безосыг урд гарч дэлхийн хамгийн баян хүнээр тодроод байна.

Элон Маск

Тэрээр 2022 оноос өмнө шүүмжилж байсан 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампыг идэвхтэй дэмжиж эхэлсэн.

Амьдралын эхэн үе болон боловсрол

засварлах

Элон Маск 1971 онд Өмнөд Африкийн Преториа хотод Канадын иргэн загвар өмсөгч Мэй Маск болон Өмнөд Африкт төрсөн Британи гаралтай Эррол Маск нарын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр багаасаа л компьютер програмчлалыг сонирхдог байсан ба 12 настай байхдаа л Blastar хэмээх видео тоглоомыг бүтээж 500$-аар зардаг байжээ. 1980 онд эцэг эх хоёр нь салсны дараа Маск ихэнхдээ эцэг Эрролын хамт Өмнөд Африкт амьдарч байсан байна.

Элон Маск “Waterkloof House” хэмээх сургуульд бэлтгэл ангиа, “Pretoria” хэмээх хөвгүүдийн ахлах сургууль төгсөөд 1988 онд 17 настайдаа эхийгээ дагаж Канад руу нүүж очоод иргэншил авчээ. Түүнд Өмнөд Африкаас Канад руу, Канадаас АНУ руу цагаачлах нь хялбар байсан тул тэрээр Өмнөд Африкийн цэрэг татлагаас өмнө явж амжсан байна.

1992 онд Элон Канадын Кингстонд дахь Хатан хааны их сургуульд (англи. Queen's University at Kingston) 2 жил суралцаж, дараа нь Пенсильванийн их сургууль руу шилжиж физикээр бакалаврын зэрэгтэйгээр төгссөн юм. Улмаар Вартоны их сургуульд эдийн засгийн бакалаврын зэрэгтэй болохын тулд нэг жил үргэлжлүүлэн сурч, дараа нь Калифорни руу нүүн Стэнфордын их сургуульд хэрэглээний физикээр докторын зэрэг хамгаалах санаатай орсон байна. Тухайн бүс нутагт интернет, сэргээгдэх эрчим хүч нэлээд хүчтэй дэлгэрч, яригдаж байсан тул бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн хоёр хоногийн дараа сургуулиа орхижээ. Харин сүүлд 2002 онд тэрээр албан ёсоор АНУ-ын иргэн болсон юм.

Амжилтын түүх

засварлах

Анхны гараа: Zip2

засварлах

1995 онд Элон Маск өөрийн дүү Кимбэлтэй хамтран Zip2 хэмээх програм хангамжийн компанийг анх нээж байв. Тус компани нь сонин хэвлэлийн салбарт зориулж Интернет “шар хуудас”-ыг зохион бүтээж, зах зээлд гаргасан юм. 1999 онд Compaq компани Zip2-ийг нийт 307 сая доллараар худалдаж авсан нь тухайн үедээ хамгийн том үнийн дүнтэй хэлцлээр тодорч байв. Элон Маск 7% болох нийт 22 сая долларыг хэлцлээс олсноор доткомын саятнуудын эгнээнд нэгдсэн юм.

X.com болон PayPal

засварлах

Zip2-ыг зарсны дараахан 1999 оны 3 дугаар сард Маск онлайн санхүүгийн үйлчилгээ болон и-мэйлд суурилсан төлбөр тооцооны компани болох "X.com"-г үүсгэн байгуулжээ. Нэг жилийн X.com PayPal гэх үйлчилгээг гаргаад байсан өрсөлдөгч Confinity гэх стартап компанитай хүчээ нэгтгэн PayPal нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болов. X.com болон Confinity нар хоёулаа и-мэйл дээр суурилсан төлбөр тооцооны систем буюу онлайн банк хөгжүүлж байсан юм.

Элон Маск X.com-оос илүү PayPal үйлчилгээг илүүд үзжээ. X.com-г Paypal-ын дэд домэйн болгов. X.com болон PayPal-г нэг брэндийн нэрэнд оруулсны дараа Маск албан ёсоор X.com брендийг үгүй болгосон байна. Үүнийг дагаад удирдах зөвлөлийн гишүүн, PayPal-г үндэслэгч Питер Тьелийг түр зуурын гүйцэтгэх захирлаар томилжээ. PayPal-ын эхэн үеийн өсөлт нь Mаскийн эхлүүлсэн кампанит ажлаас ихээхэн хамааралтай байв. 2002 оны 10 сард eBay компани PayPal-ыг 1.5 тэрбум доллараар худалдаж авсан бөгөөд үүний 250 сая доллар нь Маскад оногдсон юм.

Мөрөөдлийн гараа: SpaceX

засварлах

2002 оны 6-р сард Элон Маск өөрийн гурав дахь компани Сансрын Хайгуулын Технологи буюу SpaceX компанийг байгуулсан юм. Тэрээр Калифорни мужийн Хавтхорнед байрлах уг компанийн CEO болон CTO үүргийг давхар гүйцэтгэж байлаа. SpaceX пуужингийн технологийг сайжруулан хөгжүүлэхэд төвлөрөн сансрын хөлөг зохион бүтээн, үйлдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байв. Компанийн хөөргөсөн эхний хоёр пуужин Falcon1 болон Falcon9 бөгөөд анхны сансрын хөлөг нь Dragon нэртэй байсан юм. SpaceX-г сансарын пуужин, хөлөг үйлдвэрлэдэг анхны хувийн компани гэж хэлж болно.

2008 оны 12-р сарын 23-нд SpaceX компани NASA–тай ОУСС уруу ачаа хүргэх Falcon 9 пуужингийн 12 нислэгийн гэрээ хийв. 2011 онд Олон Улсын Сансрын Төв Space Shuttle сансрын хөлөг онгоцыг акталж, оронд нь Dragon хөлөг онгоцыг ашиглахаар болов. Тухайн үед SpaceX нийт 1.6 тэрбум долларын гэрээг хийсэн аж. Falcon9 болон Dragon нь ачаа тээшийг тээвэрлэхэд зориулагдсан бол харин сансрын нисгэгч, судлаачдыг Оросын Союз хөлөг онгоцоор тээвэрлэдэг байсан юм.

Элон Маск ”Сансар судлал нь хүний амьдралын хөгжил дэвшлийн томоохон алхам” гэж үздэг нэгэн бөгөөд түүний энэ үзэлд Исаак Асимовийн “Сан” цуврал ихээхэн нөлөөлсөн байна.

Автомашины салбар дахь шинэ эрин үе: Тесла Моторс

засварлах

Тесла Моторс компанийг анх Мартин Эберхард, Марк Тарпeннинг нар үүсгэн байгуулсан юм. Элон Маск 2004 онд тус компанид А шатны хөрөнгө оруулалт хийж компанитай холбогдсон байна. 2008 оны санхүүгийн хямралын үеэр Элон Маск компанийн CEO болон бүтээгдэхүүн загварчлалын дарга болж, компанийн бүх удирдлагыг гартаа авсан бөгөөд одоог хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байна. Тесла Моторс нь анх Roadster (хоёр хаалгатай, дээвэр нь онгорхой уралдааны загварын машин) хэмээх цахилгаан спорт машин үйлдвэрлэж байлаа. Харин 2012 оны 6 сард хоёр дахь машин болох седан загварын 4 хаалга бүхий Model S загвараа гаргасан билээ.

Дэлхийн дулаарлын эсрэг: SolarCity

засварлах

Элон Маск SolarCity-ийн санааг гаргаж, түүний үеэл ах Лейндрен болон Петер Райв хоёр үүсгэн байгуулж байв. Мэдээж хэрэг Маск тус компанийн хөрөнгө оруулагч болон удирдах зөвлөлийн гишүүн юм. SolarCity бол Америкийн Нэгдсэн Улсад нарны хавтан борлуулалт, суурилуулалтаараа хамгийн томд тооцогдох компани юм. SolarCity болон Теслаг үүсгэн байгуулах болсон үндсэн шалтгаанаа тэрээр дэлхийн дулааралтай тэмцэх явдал хэмээн тайлбарладаг юм.

Түүний энэ бүх амжилтууд бүгд мөрөөдлөөс нь эхтэй. Мөрөөдөлдөө хөтлөгдөн Африкаас гараагаа эхэлсэн хүү цахим төлбөр тооцоог хялбарчилж, сансар судлалыг хөгжүүлж, цахилгаан машин бүтээж бидний амьдралыг улам л хялбар болгосоор байна. Тэр бол 21-р зуунд төрөн гарсан шилдэг энтрепренерүүдийн нэг яах аргагүй мөн билээ.

Твиттер

засварлах

2022 оны 3-р сарын 14-ний байдлаар Элон Маск "Твиттер"-ийн 9.2 хувийг (73.48 сая ширхэг) худалдаж авсан байна. 4-р сарын 1-ний ханшаар багцын үнэ 2.8 тэрбум гаруй доллар байсан бөгөөд энэ мэдээтэй холбогдуулан Твиттер-ийн хувьцаанууд зах зээлд 25 гаруй хувиар өссөн юм. 2022 оны 4-р сарын 25-нд Твиттерийн захирлуудын зөвлөл Маскийн 44 тэрбум доллараар "Твиттер"-ийг худалдаж авах саналыг хүлээн авсан байна.