Преториа
Преториа (англи. африк. Pretoria, зулу, коса E-Pitoli) -Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын хот, тус улсын "гурван нийслэлийн" Засаг захиргааны (гүйцэтгэх засаглалын байгууллагууд байрладаг) нийслэл. Бодит байдлаар Улсын Үндэсний нийслэл юм. Африк тивийн хамгийн орчин үеийн хотын нэг Преториа хотын хүн ам 2017 оны байдлаар 2,9 саяд хүрсэн байна.
Преториа хот Цване хэмээх хотын хэмжээний тойрогт багтддаг тул заримдаа Цване (Тсвана, Тшване) гэж нэрлэх тохиолдол байдаг.
Тус хот нь ӨАБНУ-ын хамгийн их хүн амтай Йохааннесбург хотоос зүүн хойно 55 км зайд оршдог.
Түүх
засварлахЭнэ хотыг 1855 онд нүүн суурьшигчдын удирдагч Мартинус Преториус үүсгэн байгуулж, хотыг өөрийн эцэг Андрис Преториусын нэрээр нэрлэжээ. "Цуст голын тулалдаан"-д зулучуудыг ялсны дараа эцэг Андрис Преториус үндэсний баатар болжээ. 1860 онд Преториа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын (мөн Трансвааль Бүгд найрамдах улс гэгддэг) нийслэл болжээ.
1880 оны 12-р сараас 1881 оны 3-р сар хүртэл Англи-Боерын нэгдүгээр дайн, дараа нь хоёрдугаар дайны үеэр 1900 оны 6-р сарын 5-нд Преториа хот бууж өгч 1902 оны 5-р сарын 31-нд Преториа хотод Феринихингийн энхийн Гэрээнд гарын үсэг зурснаар дайн дууссан байна. Преториа нь Английн мэдэл дор Трансваалын засаг захиргааны төв болсон түүхтэй.
1910 онд Трансвааль, Улбар шар (англи. Orange River Colony, голланд. Oranjerivierkolonie) голын колони улс, Капсын болон Натал колониудыг нэгтгэж Өмнөд Африкийн Холбоо (Их Британийн бүрэлдэхүүнд) байгуулж Холбооны Засаг захиргааны нийслэлээр Преториа, хууль тогтоох нийслэлээр Кейптаун хотыг гэж зарлан тунхагалсан байна.
1961 онд Өмнөд Африкийн холбоо Их Британиас тусгаар тогтнолоо зарласны дараа Преториа засаг захиргааны нийслэл хэвээр үлджээ. "Апартеид" буюу арьс өнгөний ялгаварлалын үед Преториа хотыг апартеидын цайз гэж нэрлэдэг байв.
Өнөөгийн Преториа бол орчин үеийн томоохон хот юм. Энэ хотод олон усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, тэнгэр баганадсан барилгууд бий. Преториа бол баян, ядуугийн хорооллын бүсээр заагласан ялгаатай хот юм. 2010 онд Өмнөд Африкт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад Преториад хэд хэдэн тоглолт болж, Лофтус Версфельд цэнгэлдэх хүрээлэнг шинэчилсэн байна.
Преториа бол тус улсын эдийн засаг, шинжлэх ухаан, худалдааны чухал төв юм. Тус хот өндөр хөгжсөн автозамтай, төмөр замууд дамжин өнгөрдөг зангилаатай, олон улсын нисэх онгоцны буудалтай.