Шарга сум
Шарга нь Говь-Алтай аймгийн сум юм.
Шарга сум
ᠰᠢᠷᠭᠠᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Говь-Алтай |
Газар нутаг | |
• Нийт | 5,566 км2 (2,149 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,017 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Түүх
засварлахМанжийн дарлалын үед Зүүнгарын хаант улсаас орж ирсэн Дөрвөн ойрадын баруун гарын Хойд аймгийн эзэн, язгууртан Сүлдэн тайшийн ач хүү Лувсан тайжын удмын ноёд тус хошууг захирч ирсэн бөгөөд сүүлийн тэргүүн зэргийн тайж, засаг ноён Цэрэнчагдаржав нь тэр үедээ зохих боловсролтой, билиг оюунлаг нэгэн байсан тул Ховдын амбанд Богд хутагтаас жасаа залган Улиастай хотод алба барьж байгаад хэлмэгдсэн аж. Мөн Засагт ханы тайж, ноёдын хуралдааныг хэлмэгдүүлэлтийн үед Сүжигт гүн ахлан зохион байгуулдаг байсан бөгөөд Ховдыг манжийн ноёрхолоос чөлөөлөхөд Засагт ханы цэргийн бие бүрэлдэхүүнийг тэрбээр удирдан оролцож, Монгол улсыг манжийн дарлалаас чөлөөлөхөд амь биеэр зүтгэсэн гавьяат нэгэн юм. Цэрэнчагдаржав засаг ноён нь нутаг усны сүүлчийн угсаа залгамжилсан ноён байж 1922 оны 11 сарын 20-ний өдөр 17 настайдаа МАН-д элсэж, удирдах хорооний тэргүүлэгчээр сонгогдож байжээ.
Хүмүүс
засварлахГовь-Алтай аймгийн баяр наадамд Шарга сум тэргүүлдэг бөгөөд олон хүчтэн төрсөн түүхтэй. Бас хамгийн олон генерал төрсөн сум юм. Генералууд Гонгорын Балжинням; Жарантайн Авхиа; Тавхайн Баатар; Лувсангийн Пүрэвдорж; Чойжамцын Улаанхүү.
Цаашлаад бусад салбарт Туушин группийн ерөнхийлөгч, Монгол улсын гавъят эдийн засагч Н.Зоригт, Монгол Базальт ХК-н ерөнхийлөгч Аж үйлдвэрийн гавъят ажилтан Л.Ариунболд, Алтай Констракшин ХХК-н ерөнхийлөгч Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж, Бүжгийн урлагийн сургуулийн захирал, УГЗ Д.Баярбаатар, Монгол Улсын баатар Магсарын Жанчив, Монгол Улсын гавьяат багш Ш.Чоймаа, Монгол улсын хөдөлмөрийн баатар Гомбын Лодойхүү, их хурлын гишүүн асан Луузангийн Лувсан-очир, Т.Очирхүү, Намжилжавын Дашням, Товуусүрэнгийн Хадхүү, Монхорын Минжиг, Паламын Тэргүүн болон амжилттай яваа бусад олон бизнес эрхлэгч, урлагийн зүтгэлтэнтэй нутаг юм.
Газар зүй
засварлахТус сум нь Улаанбаатар хотоос баруун урагш 1090 км зайд, өмнө талаараа Алтайн нурууны салбар уулс болох Хар Азаргын нуруу, Цагаан хайрхан зэрэг уулс, зүүн талаараа Хасагт хайрхан, Хан тайширын нуруу, хойд талаараа Дарвийн нуруугаар хүрээлэгдсэн Шаргын говьд оршдог.
Шарга сум нь Говь-Алтай аймгийн төвөөс баруун тийш 89 км зайтай, д.т.д 950-1200 м өргөгдсөн Их нууруудын хотгорын хамгийн урд захын хонхор тал газар юм. Хасагтхайрхан уулын бэлээс Төгрөг сумын Өгөөмөрийн тал хүртэл 180 км, Шаргын говийн урт нь Хүйсийн говийн урд захаас Халиуны хоолой хүртэл 160 км, говь тал хээр, уул хангай хосолсон 579 мянган га бэлчээр нутагтай аймагтаа томоохон сумын нэгэнд ордог юм. Шарга сум хойд захаараа Дарви, зүүн хойд талаараа Баян-Уул, зүүн болон зүүн урд талаараа Жаргалан, Тайшир, Есөнбулаг сумд, баруун урд баруун талаараа Халиун, Төгрөг сумдтай хиллэн, дархан цаазат Хасагтхайрхан уул, Хантайшир, Хар Азаргын нуруу, Дарвийн нуруу зэрэг Монгол-Алтайн томоохон уул нуруугаар хүрээлэгдэн оршдог билээ. Эдгээр уулсаас алинаас нь ч харсан аяга шиг хонхор боловч дотроо говь-хээрийн талархаг, Алтайн уулархаг мужийг харуулсан Их нууруудын хотгорын бүсэд багтдаг. Жилийн 4 улирлын онцлогийг алтан шаргал өнгө жавхаагаар хадгалсан нутаг юм.[1]
Энэ нутаг вансэмбэрүү, алтан гагнуур, бамбай, рээгомбо, сонгино, дэгд, юмдүүжин, сэржмядаг, таван салаа, тарваган шийр, гоёо зэрэг эмийн ургамлаар баялаг. Дунд шарын голд балга гэдэг тун ховорхон нэгэн төрөл мод байдаг. Хасагт хайрхан ууланд бага зэрэг шинэсэн ой бий.
Шаргын голд арвай, буудай тариалахад тохиромжтой. Хадлангийн талбайтай.
Эшлэл
засварлах- ↑ Х.Санжжав “Миний мэдэх Шарга, Шаргачууд”