Халиун сум
Халиун (ᠬᠠᠯᠢᠭᠤᠨ) нь Говь-Алтай аймгийн сум юм. 2019 онд Халиун сумын 60 жилийн ой тохиож байсан түүхтэй билээ.
Халиун сум
ᠬᠠᠯᠢᠭᠤᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Говь-Алтай |
Байгуулагдсан | 1959 он |
Газар нутаг | |
• Нийт | 4,214 км2 (1,627 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,411 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Говь-Алтай аймгийн Халиун сумын төв нь Шаргын говийн үргэлжлэл болсон Халиуны хоолойд Хар Азаргын нурууны ар бэлд оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 1026 км, Алтай хотоос хойгуураа 112 км, урдуур Дөтийн даваагаар 87 км зайтай байдаг.
Түүх
засварлахГовь-Алтай аймгийн Халиун сумын нутаг нь хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэбишрэлт Засагт ханы хошуу, Дайчин вангийн хошуу, 1923 оноос Хантайшир уулын аймгийн Хантайшир уулын хошуу, 1931-34 онд Алтай аймгийн, 1935-40 онд Завхан аймгийн, 1940 оноос Говь-Алтай аймгийн Баян, Түмэн, Наран сумын нутагт багтаж байсан.
Халиун сумыг 1959 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Говь-Алтай аймгийн Намын хорооны товчоо, Хөдөлмөрчдийн Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны гишүүдийн хамтарсан хурлын 26/3 дугаар тогтоолоор "Коммунизмын төлөө" нэгдэл нэртэйгээр Халиуны голд байгуулсан.
Засаг захиргааны нэгж
засварлахХалиун сум нь засаг захиргааны хувьд Олонбулаг, Сүүж, Гүү бариач, Чацран гэсэн 4 багт хуваагдана. Сумын газар нутаг 5214 км² болно.
Хүн ам
засварлах2020 оны тооллогоор 725 өрхийн 2420 хүнтэй байсан. Үүнээс эрэгтэй 1280, эмэгтэй 1178 байна. Малчин өрх 529 байна.
Он | Өрх | Хүн ам |
---|---|---|
1960 | 572 | 3357 |
1965 | 628 | 2810 |
1970 | 704 | 3289 |
1975 | 734 | 3441 |
1980 | 721 | 3015 |
1985 | 691 | 3293 |
1990 | 636 | 2563 |
1995 | 782 | 3507 |
2000 | 3189 | |
2010 | 2413 | |
2020 | 2420 |
Газар зүй
засварлахМонгол Алтайн гол нурууны нэг Хар Азаргын нуруу, Хантайширын нурууны хооронд Шарга, Хүйсийн говийн төгсгөл, Бигэрийн хоолойн эхлэл уулзвар дээр говь, хангай хосолсон нутагт оршдог. Сумын төв нь далайн түвшнээс дээш 1460 м, хамгийн өндөр цэг болох Бурхан Буудай уул 3765 м, хамгийн нам цэг болох Бор үзүүрийн суваг 1010 м, Сумын газар нутгийн 2/3 нь говь, хоолой, тал, хээр, 0.5% буюу 24.5 км² газрыг ой мод, 0.3% нь хад асга бүхий уулархаг нутаг эзэлдэг.
Сумын нутагт гадаргын ус ховор биш. Төв Азийн урсгалгүй савд багтах богинохон голуудтай. Голууд цас, мөсний ба гүний усаар тэжээгддэг. Хамгийн элбэг устай голын тоонд Бурхан Буудай уулнаас эх авдаг Уст чацран, Намалзах, Хар азаргын нуруунаас эх авдаг Урд Улиастай, Дунд Улиастай, Цагаан гол, Харз, Бор гол, Хуст, Найтуур, Цангилах, Хантайширын нуруунаас эх авдаг Дархинт, Шинэ Ус, Согоот, Бумбат зэрэг нийт 82 гол, горхи байдаг.
Амьтан ургамал
засварлахСумын нутаг цөлөрхөг хээрийн бүсийн ургамлаар баялаг. Говь хоолойгоор тэсэг, харгана, шаваг, баглуур, зээргэнэ бүхий хялганат-таанат, хялгана-баглуурт ургамал зонхилно. Шаргын говийн өмнөд зах болох нутгийн хойд хэсгээр заг, хармаг, харгана, тэсэг, нохойн шээрэн, улаан бударгана зэрэг бутлаг ургамалтай. Мөн хөмөл, таана, өргөст хамхуул ургана. Шинэ усны амнаас хойш бага зэргийн цулхир ургана. Олон булаг, Халиун голын эх, Гүү бариач зэрэг олон газар дэрстэй. Олонбулаг багийн орчмоор хиаг, зангуу, царван, өмхий шарилж, намгийн шарилж, толгодын бударгана ургадаг. Хантайшир, Хар Азаргын нуруугаар алаг өвст ботиул, алаг өвст жижиг дэгнүүлт, үетэн ботиулт зэрэг уулын хээрийн ургамалтай.
Говь, хээрийн олон зүйлийн амьтан нутагладаг. Аргаль, янгир, зэгсний гахай, хар сүүлт, бөхөн, буга зэрэг туурайтан, Ирвэс, хадны суусар, чоно, үнэг, хярс, мануул, шилүүс зэрэг махчин, ятуу хахилаг, хойлог, ногтруу, тас, бүргэд, ууль, элээ зэрэг шувууд элбэг байдаг. Эдгээрээс буга, хойлог, аргаль, янгир, хар сүүлт, бөхөн, суусар, ирвэс зэрэг нь улаан номд орсон ховордсон ан амьтан юм.
Уур амьсгал
засварлахХалиун сум нь Алтай, Хангай, Говь хосолсон өргөн уудам нутагтай тул эх газрын эрс тэс солигдмол уур амьсгалтай. Өвөл, зуны температурын хэлбэлзэл ихтэй. Тус сумын агаарын үнэмлэхүй бага хэм 1 дүгээр сард -36.4°С, үнэмлэхүй их хэм 7 дугаар сард 38.4°С хүрдэг. Хур тундасны дийлэнх нь дулааны улиралд унах ба жилд дунджаар 110 мм хур тундас унадаг. Уулархаг нутгаар 200 мм, говь, талдаа 150-250 мм унадаг. Нартай байх хугацаа жилд 2900 цаг байдаг бөгөөд цэлмэг өдрийн тоо 100-120, бүрхэг өдрийн тоо 50-70 өдөр байдаг. Өвөл, зуны аль ч улиралд баруун зүгийн салхи давамгайлдаг. Агаарын харьцангуй чийгшил 33.8% байдаг. Цасан бүрхүүл шууд ууршдаг учраас хөрсөнд бага чийг хуримтлагдана. Агаар ерөнхийдөө их хуурай, зарим сард 2-4%-д хүрч буурах тохиолдол байдаг.
Сумаас төрсөн алдартнууд
засварлахСумаас Алдар цуутангууд олноор төрөн гарсан. Үүнд: Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүү, Л.Түдэв, Б.Үрчгэр, Н.Дугуйцагаан, Д.Аюур, Ардын багш Ж.Дүгэр зэрэг болно.
Халиун сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч Л.Түдэв, нэрт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, орчуулагч, их соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Д.Дашдондов, Соёлын гавъяат зүтгэлтэн, зураач Д.Мөнх, Монгол Улсын Хүний гавьяат эмч Б.Дагвадорж зэрэг шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, соёлын алдартнууд төрөн гарсан.
Халиун сум нь хамгийн олон Генерал цолтон төрсөн сум юм. Анхны генералуудын нэг Хошууч генерал Д.Цэдэв, Дэслэгч генерал Ш.Жадамбаа, Хошууч генерал Ж.Баатар, Хошууч генерал Я.Чойжамц, Бригадын генерал М.Заяабаатар, Бригадын генерал Т.Дашдэлэг нар болно.