Шанага боомт, хятадаар Шаньхайгуань (уламжлалт ханз: 山海關; хялбаршуулсан ханз: 山海关; пиньинь: Shānhǎi Guān) нь Хятадын цагаан хэрмийн Хэбэй мужийн нутаг дахь Бохайн тэнгист тулсан зүүн талын бэхлэлт юм. Тус боомт бэхлэлт нь Яньшань уулаас Бохай тэнгис хүртэл дамнан үргэлжилдэг.

Шанага боомтын гол хаалга

Шанага боомтыг эртний Хятадын Ци, Сүй, Тан улсын үед байгуулж, 785 оноос "Линьюйгуань (临榆关)" гэж нэрлэн цэргийн хүрээ байрлан хамгаалж байсан. Тан улс мөхсөний дараа Кидан, Зүрчид, Монголын ноёрхлын үед өөр нэрээр оршиж байгаад Мин улс эзэлсний дараа 1381 онд Сюй Да жанжны тушаалаар хуучин бэхлэлтийг түшиглэн зарим газарт шинээр хэрэм барьж, Шаньхайгуань (Уул далайн боомт) гэж нэрлэсэн. Учир нь тус хэрмийг барихдаа Бохай тэнгист оруулж барьсантай холбоотой. 16-р зуунд хятад жанжин Ци Жигуан тус боомтын зүүн, өмнө, хойд этгээдэд бэхлэлт барьсан.

1644 онд Хятадад Ли Зичэнээр удирдуулсан тариачдын босогчид Бээжин хотыг эзлэн Мин улсыг мөхөөж, Шанага боомтын цэргийг захирч байсан У Сангүй манж нарт дагаар орж боомтын хаалгаа нээснээр Манжийн арми Хятадыг эзлэх эхлэл тавигдсан. Чин улсын үед тус боомт Юнпин фугийн Линьи шяньд харьяалагдаж байсан.

1911 онд Чин улс мөхсөний дараа Хятадын иргэний дайн, Хятад-Японы дайнд ихээр өртөж байсан. БНХАУ байгуулагдсаны дараа Ляоши мужид харьяалагдаж байгаад сүүлээр нь Хэбэй мужийн харьяанд багтсан. 1987 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн.

 
Далайд тулсан хэрмийн төгсгөл

Холбоотой хуудас

засварлах