Чүннёль ван

Гуулин улсын эзэн ван

Чүннёль ван (солонгосоор: 충렬왕 галиг: Chungnyeol-wang; хятадаар: 忠烈王, пиньинь: Zhōngliè wáng) (1236-1308) 1274-1298, 1298-1308 оны хооронд Курё улсыг захирч байсан 25 дахь ван юм. Төрсөн нэр нь анх Шим (; 諶) гэж байснаа хожим нь Чүнь (; 賰), эцэст нь Го (;昛) болж нэрээ өөрчилж байв. Вонжон вангийн ууган хөвгүүн.

Чүннёль ван
Курё улсын ван
Хаанчлал1274-1298, 1298-1308
Хаан суусан1274
Бүтэн нэрВан Ко
Төрсөн огноо1236 оны 4 сарын 3
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1308 оны 7 сарын 30
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхВонжун ван
УдаахЧүнсонь ван
Их хатанХутулужин бэхи
ЭцэгВонжун ван
ЭхЖонсун хатан
УлсКурё улс
Ургийн овогВан
Сүмийн цолЧүннёль

1260 онд Курё улсын хунтайжд өргөмжлөгдөөд, Их Монгол Улсын Шанду хотод Хубилай хааны дэргэд данж болж очоод алба хаших болжээ. Түүхэнд тэмдэглэснээр Ван Шим нь монгол ёс заншил, дуу хөгжимд зэгсэн сайн суралцаж, монгол ордны боловсролыг авсан гэжээ. 1269 онд Хубилай хааны зарлигаар улсдаа буцаж явахдаа Курё улсад Им Йөнъ тэргүүтэй цэргийн жанжид Вонжон ванг сууринаас нь зайлуулж, төрийн эргэлт гарсан мэдээг сонсоод, Дайду хотод буцаж Хубилай хаанд энэ тухай мэдээг хүргэж, тэндээс 3000 тооны цэргийн тусламж аван Курё улс руу буцан очиж, Им Йөнъ жанжин, түүний хөвгүүн Им Юмү нарын босогчдыг устган тонилгож, бослогыг дарж, Канхва аралд байсан нийслэл хотыг Кэгён хот руу буцаан шилжүүлэх ажил эхлүүлсэн нь 1270-1271 онд дуусчээ. Үүний дараа Хубилай хааны охин Хутлуг жэлмиш гүнжтэй гэрлэх санал тавьсан ч, их хаан татгалзаж байв.

1270-1273 он хүртэл Жинду, Тамна арлыг хамарсан Самбёлчогийн цэргийн бослого гарч, Курёгийн усан цэргийн хүч дээр суурилсан монгол, хятад, курёгийн цэргийн хүчээр Тамна аралд үлдсэн сүүлчийн цэргийн бэхлэлтийг эзэлж, Курёгийн цэргийн жанждын ноёрхолыг төгсгөл болгов.

1274 онд Хубилай хаанд дахин худ ураг болох санал тавьсанд зөвшөөрч, Хутлуг жэлмиш гүнжийг Курёгийн хунтайж Ван Шимд хатан болгож өгөх хурим тус жилийн 5 сард Дайду хотод болсон. 1274 оны 7 сард Вонжон ван өөд болсны дараа тэрбээр Чүннёль ван цолтойгоор курёгийн 25 дахь ван болсон. Ингэснээр Курё нь Монголын хүргэн улс болж, энэ харилцаа Юань Улс мөхтөл үргэлжилсэн.

1274 онд Юань Улсаас Японд илгээсэн элчийг цаазлан, доромжилсон гэх шалтагаар Чүннёль ванд зарлиг буулган богино хугацаанд 900 усан онгоц бэлтгүүлж, тус жилийнхээ 7 сард монгол, зүрчид, хятад, курё нийлсэн 20000 орчим усан цэргийн хүчээр Цүшима арал руу довтолсон ч, далайн хар шуурганд өртөж, сүйрснээр энэ удаагийн дайн бүтэлгүйтсэн. Үүний дараа Тамна аралд Юань улсын цэргийн хуаран байгуулж, монгол морь өсгөж, японыг дайлахад бэлтгэн цэрэг суулган суурьшсан. Мөн Дорныг дайлах муж байгуулж, мужийн чинсан буюу тэргүүнээр Курёгийн ванг томиложээ. 1281 онд Юань улс дахин Япон руу довтлохоор их хэмжээний цэргийн хүч бэлтгэн, тэдгээрийг зөөх усан онгоц бэлтгэхээр курё улсад элч илгээж, усан онгоц хийхийг шаардсан. Ингэхдээ 1281 оны 6 сард Юань Улс нийт 100,000 гаруй хятад, монгол, зүрчид, солонгос цэрэг, 3500 гаруй усан онгоцтойгоор Япон руу дайрсан. Дээрх 3500 онгоц бэлтгэсний 900 орчмыг нь зөвхөн Курё улс хийж, өөрийн нутагт нэг ч мод үлдээлгүй усан онгоц, завь хийхэд ашиглажээ. Хоёр дахь удаагийн дайралт нь өмнөхийн адил далайн хар шуурганд өртөж, сүйрснээр Хубилай хааны Японы арлыг эзлэх санаархал бүтэлгүйтсэн.

1297 онд Хутлуг Жэлмиш гүнж таалал төгссөний дараа тэрбээр 1298 онд тэрээр сайн дураараа вангийн сууринаас огцорч, суудлаа Монгол хатан Хутлуг жэлмиш хатнаас төрсөн Чүнсоньд шилжүүлсэн боловч, Чүнсонь нь ван болмогцоо төрийн бүтэцэд эрс шинэчлэл хийж, түшмэлийг олноор нэмэх зэргийн өөрчлөлт хийсэн нь курёгийн хууч түшмэд, монгол даргач нарын сэтгэлд нийцээгүй тул, их хаанд огцоруулах айлтгал бичиг өргөн барьсны дараа тус жилд нь Төмөр Өлзийт хааны зарилгаар Чүннёль ванг буцаан сууринд томилж, хүү Чүнсонь ванг Дайду хот руу дуудан гэрийн хорионд оруулсан. Тэрээр болсон явдалыг буцаан хэвийн байдалд нь оруулсан. 1308 онд таалал төгссөн.

Түүнийг ван болоход Хубилай хаан курёгийн нас барсан вангууддаа жо (祖), жон (宗) ханзаар төгссөн цол өргөмжлөхийг нь хориглсон зарлиг гаргаж, Юань Улсад үнэнч хараат улс байхыг шаардаж, "Чүн (忠) - үнэнч шудрага" гэсэн утгатай ханзийг Курё улсын вангийн цолонд заавал нэмж хэрэглэх болсон нь 1351 он хүртэл үргэлжилсэн. Таалал төгссөний дараа Гванмүнь Сондок Кёнхё их ван (광문선덕경효대왕; 光文宣德景孝大王) гэх цолоор нэхэн өргөмжлөн, Кённын бунханд оршуулсан.

  • Эцэг: Вонжон ван (원종)
  • Эх: Жонсүнь хатан (정순왕후)
    • Нагац өвөө: Ким Яксонь (김약선)
    • Нагац эмээ: Убон Чой овгийн ахайтан (부인 우봉 최씨): Чой Ыи жанжны охин.
  • Хатад, хүүхдүүд:
  1. Боржигин овгийн Жанмок хатан (장목왕후 보르지긴씨; 1251–1297): Төрсөн нэр нь Хутлуг жэлмиш (忽都魯 揭里迷失, hūdōulǔ jiēlǐmíshī). Хубилай хааны Чаби хатнаас төрсөн.
    1. хунтайж Ван Вонь (태자 왕원): Чүннёль вангийн дэд хөвгүүн.
    2. Охин (b. 1277)
    3. Хөвгүүн (b. 1278)
  2. Кэсон Ван овгийн Жонхва гүнж (정화궁주 왕씨; ?-1319): Синьжон вангийн ач хүү Сианъ гүн Ван Инь-ий охин.
    1. Канян гүн Ван Жа (왕자 강양공): Чүннёль вангийн ууган хөвгүүн.
    2. Жоннён ванби (정녕원비): Жэань гүн Ван Сүктэй гэрлэсэн.
    3. Мёнсүнь ванби (명순원비): Анькён гүн Ван Чангийн[1] хөвгүүн Ханъяан гүн Ван Хёнтой гэрлэсэн.
  3. Ким овгийн Сүкчан бага хатан (숙창원비 김씨)
  4. Баньжу татвар эм (시비 반주)
    1. Ван Со (소군 왕서)
  5. Ши овгийн Мүби (무비 시씨; ?-1297)
  6. Ким овогт татвар эм (후궁 김씨)
Өмнөх
Вонжун ван
Курё улсын ван
1274-1298
Дараах
Чүнсонь ван
Өмнөх
Чүнсонь ван
Курё улсын ван
1298-1308
Дараах
Чүнсонь ван
  1. Чүннёль вангийн авга ах