Чанчунь бомбо хэмээх Чю Чүжи (хятадаар:丘處機, пиньинь галиг:Qiūchùjī) (1148-1227 7 сарын 23) нь Алтан улсын сүүлд үед амьдарч байсан Бомбын шашны 7 их аршийн нэгд тооцогдож байсан нэгэн юм. Мөн тэрээр Их Монгол Улсын Чингис хаантай уулзахаар урт замыг туулж аялсан түүх нь одоо үед түүнийг алдаршуулах нэгэн гол хөшүүрэг болсон.

Чанчунь бомбо хэмээх Чю Чүжи арши

Түүхэн тойм

засварлах

Тэрээр 19 настайдаа бомбын шашны Ван Чунян аршид шавь орж, олон жил Даогийн ёсны номлолыг 13 жил шамдан бясалгасаар тухайн цагтаа 30 гаруй настайдаа бомбын шашны аршийн нэгд тооцогдох болж, олон шавь дагагчтай болсон. Ингэж алдартай хүн болсны дараа өнөөгийн Шаньдун мужийн Фэнлай тосгонд төвлөрөн сууж байлаа. Тэр Алтан улс, Сүн улсын олон хаад, ноёдын урилга гуйлтаас татгалзаж байсан гэдэг. 1219 оны 5 сарын 19 нд Чанчунь бомбо Чингис хааны Лю Жунлу тэргүүтэй элчид өгч явуулсан захидалыг хүлээн авч, замд гарахаар болсон. Тэр Монгол нутагт их хаантай уулзахаар Чингай балгасанд ирсэн ч, Чингис хаан Сартуул улсыг эзлэхээр явсан байснаар Чанчунь бомбо улам цаашлан Чингис хааны аяны ордост очиж уулзсан байна. Ингэж явах замд хааны томилсон элч нарын ахлах Лю Жунлу, Чингай ноён хамт бараа болохоор явж, Боорчу ноёныг 1000 цэргийн хамт хамгааллуулахаар Чанчунь бомбо руу илгээсэн байв. Чингис хаантай уулзаад буцах замдаа Тангуд улсын нутгаар дамжиж нутагтаа харьжээ. Энэ аялал нь нийтдээ 3 жил гаруйн хугацааг зарцуулсан юм. Нутагтаа ирээд 1227 оны 8 сарын 22 нд Яньжин хотын Чанчунь ордонд нас баржээ. Хожим нь түүний дагуулж явсан 18 шавийнх нь нэг Ли Жичан аяны тэмдэглэлээ эмхэтгэн 长春真人西遊记 (пиньинь галиг:Zhǎngchūn zhēnrén xīyóu jì)буюу Чанчунь бомбын өрнө зүгт аялсан тэмдэглэл гэх ном бичсэн нь одоо цагт хадгалагдан үлдсэн.

Холбоотой өгүүлэл

засварлах