Хятадын Богд хаант Монгол улсыг эзлэх төлөвлөгөө
1915 онд Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээ гэдгээр Монголыг Хятадын автономит улс. Гэвч Хятадын Ерөнхийлөгчийн зарлигаар автономийг устгаж Монголыг төргүй болгосон жил гаруйгийн намтрын эх үүнээс хоёр жилийн өмнөөс үүдэлтэй. Октябрийн эргэлтийн дараа Орост иргэний дайн өрнөн, улмаар Сибирийн ихэнх нутагт самуун гаарснаар Монголд нөлөөлөх Оросын хүч суларсныг ашиглан хятадууд алдагдсан эрхээ сэргээх боломж хайх болов. Үүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн далим үүсчээ. Юун түрүүн Нармай Монгол байгуулсан атаман Семёнов үүнээ Халхаар зөвшөөрүүлэх гэж улайран заналхийлэх болов. “Хүрээ рүү төлөөлөгч явуулж Богд хааныг нийт Монголын хаан ширээнд суулгахаар ятгах, татгалзвал Хүрээ рүү Дагуурын Засгийн газрын цэргийг хөдөлгөх” шийдвэр гаргажээ.
Гэхдээ гол шалтгаан нь Монголын хар, шар феодалуудын хоорондын зөрчил дээд цэгтээ тулснаас эхтэй. Засгийн газар байгуулсан өдрөөс л шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч Чин ван Ханддорж нар биенээ үзэхээ больсон. Богд хаан Цэрэнчимэдэд илүү талтай авч зөрчил хэт хурцдаад ирэхээр тэнцвэр тогтоохын тулд Бүгд хэргийг ерөнхийлөн шийтгэх яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн шууд угсааны Сайнноён хан Намнансүрэнг томилжээ. Цэрэнчимэд ч, Ханддорж ч тэгсхийгээд үл мэдэгдэх шалтгаанаар дараалан үхсэн ба Хайсан, Удай зэрэг өвөр монголчуудыг хавчин хөөж явуулснаар түр намжмал байдал үүсчээ. 1918 онд Ерөнхий сайд Намнансүрэн үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас барж, оронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын төлөөлөгч томилогдов.
Богд хааны дэмжлэгтэйгээр шарынхан төрийн эрх авснаар ноёд, ван, гүн нарыг хавчин татварыг нэмэгдүүлэх мөртөө хутагт хувилгаадыг дэмжин Их шавь болон бусад шавийг алба гувчуураас чөлөөлөх төдийгүй шавь руу зугтаасан харц ард нарыг өмгөөлөх болов. Иймэрхүү гадуурхал нь ноёдын хилэнг хөдөлгөж, тэд шарынхны эсрэг нэгдэж эхэллээ. Л.Дэндэвийн бичсэнээр “Их Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгосноор дөрвөн аймгийн тэргүүлэгчдийн гомдол хорсол улмаар нэмэгдсэн”[1]. Чингис хааны шууд угсааныхны хүч нөлөө маш их тул тэдний “хорсол” аймшигтай үр дагавартай байж таарна.
Хиагтын гэрээний гурван сүбъектийн нэг нь болох Орос бараг байхгүй болсонд тооцогдохоор болжээ. Хэд хэдэн засагтай болсон Оросын төрийг аль бүлэглэл хууль эрхийн хүрээнд төлөөлөх нь тодорхой бус болов. Ийм учраас монголчууд энэ асуудалд яаж хандахаа тодорхойлохоор 1918 оны зун цуглав. Семёновын тулгаад байгаа Нармай Монгол бодлогод ямар хариу өгөх талаар хэлэлцэх гэсэн хэрэг.
Хуралдаанаас бичиг шийтгэн Богд хаанд өргөн барьжээ. Учир нь автономт Монголын цэргийн зардлыг Халх дөрвөн аймаг гаргадаг ба Дөрвөдийн хоёр аймаг болон Шавь үүнд оролцдоггүй байв. Дээрх бичгийн гол санаа нь Дөрвөд хоёр аймаг болон Шавиас цэргийн зардлыг хамтран даах санал гомдлын агуулгатай юм. Богд Дөрвөд аймгаас цэргийн зардал гаргуулахыг зөвшөөрөөд, “Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгох” гэсэн хариу өгчээ.
Үүнд дөрвөн аймгийн төлөөлөгчдийн гомдол хорсол улам нэмэгдэж… Их шавиас цэрэг ба хүнс гаргуулахгүй бол дөрвөн аймаг дангаар улс төрийг хамгаалж чадахгүй бөгөөд, ингэж байснаас Хятадыг түшсэн минь дээр гэдэг дээр асуудал шийдэгдсэн[2].
Нармай Монголыг байгуулах гэсэн Дагуур дахь санаачилга Монголын автономийг устгахаар хөөцөлдөж байсан Чэн И-д аятайхан далим боллоо. Тэрээр Бээжин рүү энэ хэргийг улам дэвэргэн бичиж, Богдын Засгийн газрыг Семёновоор айлгах тактикт шилжив. Түүний шахалтаар Монголын Засгийн газар “...Семёновын цэргийн зэвсгийг хурааж Чита хотод байгаа хятад, монголын үймээнч цэргийг тараан, хатуу чанга хяналтын дор нутаг усанд нь буцаах талаар яаралтай арга хэмжээ авахыг төв Засгийн газарт мэдэгдэхийг эрхэм сайд Танаас гуйсугай”[3] гэсэн төгсгөлтэй аврал эрсэн урт бичиг шийтгэж өөрт нь барьлаа. Аль шинэтгэлийн бодлого хэрэгжиж эхэлсэн үе болох 1907 оноос л монголчуудыг аргалах хэн ч чадаагүй ажлыг Чэн И гүйцэтгэн түүхэнд гавьяа байгуулахаар ихэд улайрлаа. Тэрээр Гадаад Монголын өөртөө засахыг устгасны хойно, Хятадын Засгийн газраас Гадаад Монголыг хүндэтгэн үзэх ба жич хойчийг сайжруулах хууль зүйлгэсэн урт нэртэй хуулийн төсөл өөрөө боловсруулаад Гадаад Монголын Засгийн газрын ихэстэй хэлцэл хийж эхлэв. Эхлээд тэрээр ГЯЯ-ны тэргүүн сайд Цэрэндоржтой уулзжээ. Монголчууд сайн дураараа автономи эрхээсээ өөрөө гуйн татгалзаж өргөдөл хийж өөрт нь өгөхийг шаардаад хэрэв эс чингэвэл хойчийн өдөр гэмшилтэй явдал болно гэж сүрдүүлэв[4]. Сайд түүнд энэ асуудлаар Ерөнхий сайд болоод Богд гэгээнтэй ярилцах болно гэж хариулжээ.
Монголыг эзлэн түрэмгийлэх санааг Хятадын Ерөнхий сайд, аньхой бүлгийн гишүүн Дуань цижуй анхлан гаргасан байна. Дуань цижуй бол Хятадыг Дэлхийн нэгдүгээр дайн татан оролцуулсан хүн бөгөөд армиа шинэчлэн зохион байгуулахын тулд Японоос хэд хэдэн удаа ихээхэн зээл авсан юм. Цэргийн яамны зэрэгцээгээр, “Дайнд оролцох асуудлыг товчоо”-ны захирал гэж Дуань цижуйн авсан зээлийн мөнгө амласан ёсоор хилийн чанад дахь байлдааны ажиллагаанд оролцоогүй арми байгуулахад зарцуулагджээ.
Дайн төгсөхөд Дуань цижуйг эсэргүүцэгчид буруугаар ашиглахаас нь эмээж шинэ армиа тараахыг түүнээс шаарджээ. Гэтэл Дуань цижуй Монголын тусгаар тогтнолыг устгахад шинэ армиа ашиглахаар шийдсэн байна. Энэ нь Парижийн энхийн гэрээгээр Японд Шаньдуныг буулт хийн тавьж өгснөөр ганхсан байр сууриа эргүүлэн олох гэсэн “эх оронч” оролдлого төдий өчүүхэн зүйл байсан аж. Хэрэв тэр үнэхээр “эх оронч” байсан бол Шаньдунаа алдахгүй байх ёстой байсан юм. Том улсын зарим эрх баригчдад эх орноо худалдан буулт хийж, жижиг улсаас эх орноо “хамгаалдаг” хятад зан байдаг байх… Ингээд Дуань цижуй өөрийн байгуулсан армиа “Баруун Хойд хилийн арми” гэж нэрлэх болж, түүнийг захирагчаар аньхой бүлгийн нэгэн гол зүтгэлтэн, генерал Сю Шүжанг томилжээ. Мөн 1919 онд Манжуурын Дагуур өртөөнд Нэйс Гэгээн Мэндбаярын Засгийн Газрын “аюулаас сэргийлэх” асуудал хятадууд Монголд түрэмгийлэх нэг том шалтгаан болсон.
Эшлэл
засварлах- ↑ Дэндэв, Л. Монголын товч түүх, IY (Улаанбаатар 1934) [Dendev, L. Breaf history of the Mongolia]
- ↑ Навааннамжил, Галсангийн Галсангийн Навааннамжилийн бүтээлийн дээж ЗГХЭГУлаанбаатар 2011х-215 [Best of Navaannamjil`s works]
- ↑ Ширэндэв, Б. Монгол ардын хувьсгалын түүх (Улаанбаатар 1969) х-124 [Shirendev, B. History of the Mongolian people`s revolution]
- ↑ Магсаржав, Н. Монгол улсын шинэ түүх (Улаанбаатар 1994) х-143 [Magsarjav, N. New History of Mongolia]