Хужиртын рашаан сувилал
Хужирт рашаан сувилал нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газар, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн түвшнээс 1660 метрийн өндөрт оршдог.
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Байгуулагдсан он | 1939 |
Захирал | Г.Энхжаргал |
Цахим хуудас | hujirt.mn |
Тус сувилал нь нийслэл хотоос 390 км, Арвайхээрээс 90 км, Хархориноос 54 км зайтай бөгөөд нийслэл хоттой хатуу хучилттай засмал замаар холбогдсон. 7 хоногт 3 удаа (Даваа, Лхагва, Баасан гаригуудад) автобус өглөө 7:00 цагт Төлөөлөгчийн газраас сувилуулагчдад үйлчилдэг. Тус сувилал нь Төрийн Өмчийн Хорооны шийдвэрээр 2008 онд хувьчлагдсан. Цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэр болох төвийн эрчим хүчний системд холбогдсон. Хужирт рашаан сувилал нь захиргаа, эмчилгээ, санхүү, хоол үйлдвэрлэл гэсэн үндсэн бүтэцтэй. Зуны улиралд 800-1200, өвлийн улиралд 300 амрагч зэрэг хүлээн авах хүчин чадалтай ажиллаж, 21 аймаг төдийгүй гадаад орны сувилуулагчдыг хүлээн авч эмчлэн сувилж байна. Нийт сувилуулагчдын 5 байртай.Сувилуулагчдын амрах 300 ортой 3 давхар 2 корпус нь хоорондоо холбогдсон, 3-5 ор бүхий 20 гэртэй (зуны улиралд),сувилуулагчдын саналыг харгалзан люкс, хагас люкс, энгийн зэрэглэлээр өрөөний үйлчилгээ үзүүлнэ. Дотоод гадаадын зочдыг хүлээн авах 75 ортой люкс, хагас люксийн 2 сонголт бүхий зочид буудал ажиллаж байна. Сувилуулагчид өдөрт 5 удаа цай хоолоор үйлчлүүлэх 300 суудал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжтэй, мэргэшсэн тогооч нарын багтай зоогийн газар тогтмол ажиллана. Соёл амралт, үзвэр үйлчилгээ, мэдээлэл сургалт явуулах 100 суудал бүхий соёлын танхимтай.
Хужирт рашаан сувиллын эргэн тойрон Орхон голын сав газарт эртний түүхтэй Хархорин, Эрдэнэ зуу хийд, Төвхөн, Шанхын хийд, Улаан цутгалан, Бага хүрхрээ, Үүртийн тохой зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд байх тул сувиллын эмчилгээ хийлгэхээс гадна аялал жуулчлалаар явах боломжтой. Эдүгээ Хужирт рашаан сувилал нь жилийн 4 улиралд тасралтгүй тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгалийн халуун рашаан, эмчилгээний шавраас гадна физик, биеийн тамир, усан иллэг болон эмэгтэйчүүд, зүү төөнө зэрэг эмчилгээний кабинетуудад дотор мэдрэл, уламжлалт анагаах ухааны эмч нар эмчилгээ сувилгаа хийж байна.
Түүх
засварлахХужиртын рашааныг эрт үеэс эмчилгээнд ашиглаж байсан археологийн баримтууд, эрдэмтдийн таамаглал байдаг. 1600-аад оны үед нутгийн анчин Шунхлай тус рашааны увидасыг олон нийтэд таниулснаар Хужиртын халуун рашаан, эмчилгээний шаврыг түшиглэсэн буддын шашны тусгай хүрээ хийд ажиллаж 1921 оны үе буюу Ардын хувьсгал ялах хүртэл оточ маарамба, лам нар ард олонд эмчилгээ хийдэг байв. Хужирт сумын малчин ард Өрнөх БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны түшмэдэд өргөх бичиг барьж халуун рашааны дэргэд европ эмнэлэг, сувилалын газар байгуулах хүсэлт өргөн барьж эмнэлэг, сувилалыг байгуулахад өөрийн зүгээс хандив өргөж байжээ. Зөвлөлт Орос болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хамтарсан экспедици 1920-оод оноос эхлэн тус бүс нутагт судалгаа шинжилгээ хийж Хужиртын рашаан нь эмчилгээний ховор элемент бүхий үр дүнтэй орд болохыг илрүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, барилгын ажил эхлүүлжээ. Тус рашаан сувилал нь анх 1939 онд 40 ортой 1 эмчтэй “Партизаны сувилал” нэртэйгээр байгуулагдан ажиллаад 1948 онд улсын бага хурлын тэргүүлэгчдийн 10 дугаар зарлигаар Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болж, 1980 онд АИХ-ын 179-р зарлигаар “Алтан гадас” одонгоор, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор тус тус шагнагджээ. Хужирт Рашаан Сувилал нь 1970 оноос Монгол улсын хэмжээнд хамгийн том сувилал болон өргөжиж, сувиллын харьяанд "Цагаан залаа" хүүхдийн зуслан, цэцэрлэг, зочид буудал, лаборатори, орон сууц зэрэг олон объектийг багтаасан цогцолбор болсон бөгөөд Хужиртад 1992 он хүртэл байнгын агаарын нислэгтэй байв. Хужирт Рашаан Сувилал нь Монгол улсын аялал жуулчлалын гол бүс нутагт оршдог бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан Орхоны хөндийн байгалийн цогцолборт газарт оршдог Монгол Улсын Маршал Ю.Цэдэнбал, Их Британи Улсаас БНМАУ-д суух анхны элчин сайдын хамт зочилж байв. 2007 онд Монгол Улсын Үйлдвэр худалдааны яам, Япон улсын Засгийн газраас зохион байгуулсан “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэнгээс “Шилдэг бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ” өргөмжлөл цом хүртжээ. Хужирт Рашаан Сувиллын сувилуулагчдын байрны гадна фасадыг чимэглэсэн "Шунхлайн домог" бүтээл нь Монгол улсын шигтгэмэл зургийн оргил үеийн гол төлөөлөл юм. Жанжин Д.Сүхбаатарын цээж баримал мөн тус рашаан сувилалд өдгөө хүртэл хадгалагдаж түүхэн үйл явдлыг гэрчилж байна.
Хужирт Рашаан сувилал эрүүл мэндийн байгууллагуудаас анх удаа эмчилгээ үйлчилгээндээ Стандартчилал хэмжил зүйн газраас "Үндэсний тохирлын тэмдэг" хэрэглэх эрх 2 удаа авсан ба рашаан сувиллуудаас анх удаа олон улсын ISO 9001-2015 стандартыг хангасан байгууллага болсон.
Рашаан, шавар
засварлахХужирт рашаан сувиллын хамт олон үйлчлүүлэгчдийн дунд “Хужиртын хөх сувд” хэмээн алдаршсан халуун рашаан, ”Хужиртын хар сувд” хэмээн алдаршсан эмчилгээний шавар хоёрыг ашиглаж эмчилгээ сувилгааны үйлчилгээ үзүүлдэг.
“Хужиртын хөх сувд” хэмээх халуун рашаан нь 120 метрийн гүнээс ундаргатай, химийн найрлагаараа сулавтар радонт, гидрокарбонат, карбонат-натрийн, бага эрдэсжилттэй (0.5г/л), шүлтлэг (РН-8.5) +48+56° халуун ус юм. Бусад халуун рашаануудаас ялгарах нэг гол онцлог нь хийн бүрэлдэхүүн дэх азотын хэмжээ 90.7-93.9%, фтор 17.0-21.0 мг/л, цахиурын хүчил 72.5-123.1 мг/л, бор зэрэг микроэлементүүд агуулдагт оршино. Бас нөгөө онцлог нь гидросульфид /НS/-ийн хэлбэрт хүхэрт устөрөгчийн агууламж 10.0 мг/л-ээс их, нүүрсхүчлийн хийн агууламж эзэлхүүндээ 0.4-5.0 % байна. Хужирт рашаан сувиллын тогтмол ашигладаг рашааны ордын 20-р цооногийн рашаан усны химийн найрлага нь РН-8.84 юм.
“Хужиртын хар сувд” хэмээх эмчилгээний шавар нь гидрокарбонат-хлорт-натри-калийн сул хүчиллэг орчинтой, дунд зэргийн эрдэсжилттэй, хүхэрт устөрөгчийн сулавтар үнэртэй хөрсний ургамлын үлдэгдэл, ургамлын үлдэгдэл, ургамлын ялзмагийн хольцтой (хүхэрлэг) шавар юм. Энэ шавар эрдэс бүрэлдэхүүндээ альбит десмин, монтморилллонит, тридимит-О, элементийн найрлагадаа эрдсийг бүрдүүлэгч элементүүдээс зонхилох хувийг Si, Fe, K, Na, Ca, Mg, Al агуулдаг болох нь судалгаа шинжилгээгээр тогтоогджээ. Энэ шаврын бусад ордын шавраас ялгагдах ялгаа нь:
- Гумины хэмээх биологийн өндөр идэвхит органик нэгдэл агууламж дахь нийт органик бодисын 55.6 хувийг эзэлдэг.
- Эмчилгээний шаварт биологийн өндөр идэвхит липид гэдэг нэгдэл ихээр агуулагдаж байгаагийн дотор ханасан нүүрст устөрөгч 45.3%,карбон хүчил, тэдгээрийн эфирээс бусад хүчилтөрөгч агуулсан органик нэгдэл 31.4% байдаг.