Хама
Хама (Ханз: 哈麻, пиньинь: Hā má) (?-1356), өргөсөн нэр Шилянь (士廉) нь Юань Улсын Тогоонтөмөр хааны үед 1355 онд Тогтох чинсаныг гүтгэж албан тушаалаас нь огцоруулахад гол үүрэг гүйцэтгэж, төвлөн засах яамны зүүн гарын чинсанд томилогдож 1356 он хүртэл төрийн хэрэгт нөлөөтэй байсан зальхай түшмэл юм.
Намтар
засварлахХамагийн угсаа гарлыг Юань улсын судрын 205-р дэвтэрт "канли хүн (康里人), эцэг Тулу нь жигуо гүн (冀國公) цол, тайвэй, алтан бор гуанлю дайфу түшмэлийн хэргэм шагнуулж байсан, ээж нь Ринчинбал хааны хөхүүл эх байсан"[1] тухай тэмдэглэжээ. Хамагийн дүү Сюэсюэ (雪雪) нь хишигтэн цэрэгт байх үеэс хаан эзэнд ойр шадарлаж, итгэлт хүн нь болжээ. Хамагийн ярих чадвар нь сайн байсан тул эзэн хаанд тоогдож, хааны ордны хянагч түшмэлээр (殿中侍御史) томилогджээ. 1349 онд зүүн гарын чинсан Тайпин, зарга шийтгэх яамны сайд Ханжяна нарын ноёд түүнийг "ноёд түшмэдээс авилга авч төрийн хэрэг самууруулсан, Хүслэн хааны Тогос хатны орд өргөөгөөр орж гарч нууцаар явалдсан"[1] зэрэг хэрэг тулгаж Тогоонтөмөр хаанд айлтгаж, Хамаг шийтгэхийг хүсчээ. Гэвч Хама нь их хааны итгэлт түшмэл байсан учир дээрх хэргээс мултарч, Тайпин, Ханжяна нарын түшмэд буруутгагдсан.
1352 онд төвлөн засах яамны баруун гарын түшмэлээр (中书右丞) томилогдов. 1353 онд Тогтох чинсантай маргалдаж, тушаал бууран сюань жэн хүрээлэнгийн түшмэл (宣政院使) болсноор Тогтохтой дайсагнаж эхлэсэн.
1353 онд Хама, Төртөмөр зэрэг түшмэд хаанд нэгэн төвөд ламыг уулзуулж, бурхны нууц аргыг танилцуулав. Энэ тухайн Чуан Хэн-ий бичсэн Тогоонтөмөр хааны түүхд: "Эзэнд мэдүүлрүүн: Эзэн хэдийгээр тэнгэрийн хөвгүүний эрхэмд хүрч, дөрвөн далай эд баялаг эзэмших боловч, гагцхүү мөн энэ төрлөө хамгаалж чадахын төдий л бөлгөө хүн төрөөд явах буй. Миний нууц их амгалан самади хэмээх олон бясалгах аргыг хүртвээс баяр жаргалыг эдэлнэ хэмээв. Эзэн мишээж зарлигаар хамаг сытү болгож, бас дөрвөн охиныг өгч сувилуулав. Төвөд ламыг нь Дай Юань улсын гүүш лам болгож, гурван охиныг өгч сувилуулав. Гүүш лам бас Лодиша, Билиг тайж, Дармадай, Долоотөмөр, Тогон, Бодь, Бахма, Нагачу, Сүхтөмөр, Суутдарам зэрэг нийт арван хүнийг танилцуулж, цөм янаг хэмээн нэрлэнэ."[2]
1354 онд Тогтох чинсан улаан алчууртны бослогыг дарахаар их хэмжээний цэрэг удидан өмнө зүгт дайнд явсан хойгуур, төвлөн засах яамны пинжан жэнши түшмэл болоод Өлзийхутаг хатан, Аюушридар хунтайж нартай хуйвалдаж Тогтохыг хэрэгт гүтгэн албан тушаалаас нь огцоруулах, амь насыг нь бүрэлгэх гэх мэтийн үйлдэлд гол үүрэг гүйцэтгэсэн.
1355 онд хааны зарлигаар түүнийг зүүн гарын чинсан, ёслолын яамны сайд (禮部尚書), цэргийн явдлын хүрээлэнгийн хамт мэдэгч түшмэл (同知樞密院事), дүү Сюэсюэ нь зарга шийтгэгч сайд болгосноор гол төр баригч болсон.
1356 онд Тогоонтөмөр хааныг садар самуунд уруу татаж, төр удирдах хэргээс хөндийрүүлэн ужид самуунд автуулсны дараа, өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, өөрийн эцэгт өгүүлэхдээ: "Манай ах дүү ... эзнийг төв явдалд удирдваас зохих бөгөөтөл, эдүгээ манай хүргэн Төртөмөр ямагт ужид гажуугаар хаанд бялдуучилмуй. Дэлхий дахины түшмэд эрхгүй намайг элэглэхийн тул, би ямар нүүрээр хүнд учирмуй. Тэр ч байтугай хаан улам мунхаг харанхуй болсноор дэлхий дахиныг засан үл чадаж, эдүгээ хуантайзи өсч, цэцэн гэгээн нь хүнээс хэтэрхийн тул тайзиг хаан болгоод хаан эзнийг Тайшан хуан (Амьддаа хаан сэнтийгээ хүүдээ шилжүүлсэн хаадын цол) болговоос зохистой"[3] гэж ярилцсныг охин дүү нь нөхөр Төртөмөрт хэлсэнд нөгөөх нь Хамагийн хэлснийг гуйвуулж, "хаан таныг өтлөв хэмээмүй"[3] хэмээн хэлж, эл хуйвалдааныг илчилсэнд, Хаан өгүүлрүүн: "Миний үс бууралтаагүй, шүд унаагүй байтал өтлөв хэмээнэ үү?" гэж уурлан Хама тэргүүтэй түшмэдийг өглөө эрт ордонд орохыг хориглон, гэрт нь байхад хааны зарлигийг сонсгон бүх албан тушаалаас нь огцоруулаад Хама-г Хуйжоу руу, дүү Сюэсюэ-г Жаожоу руу цөллөгт илгээхээр шийтгэгдэж, гэрийнх нь эд хөрөнгийг хураажээ.[1] Хама, Сюэсюэ нар зам зууртаа амь үрэгдсэн.
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 "Юань улсын судар: 205-р дэвтэр - Хамагийн шастир". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-03-16.
- ↑ Их Юань хэмээх Их Монгол Улс. Улаанбаатар: Степпе паблишинг ххк. 2019. p. 145.
- ↑ 3.0 3.1 ., Раашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2. Translated by М, Баярсайхан. Улаанбаатар. p. 485.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link)