Ференц Лист
Ференц Лист (Унгар: Liszt Ferenc; 10 сарын 22, 1811 он – 6 сарын 31, 1886 он) нь Унгарын хөгжмийн зохиолч байв.
Унгарын хөгжмийн суут зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач, нийтлэлч Ференц Листийн авьяас билэг багаасаа тодорчээ. Ференц хүү хөгжимчин эцгээрээ төгөлдөр хуур заалгаж, удалгүй нийтийн өмнө концерт тоглох болов. 1820 онд унгар нутгаараа аялан тоглосны дараа Вена хотод очиж, Л. Бетховены сурагч К. Чернид шавь оржээ.
1823 онд түүний амьдралд онцгой үйл явдал болж хүсэж мөрөөдөж явсан суут хүнтэйгээ уулзсан нь Л. В. Бетховен байлаа. Л. Бетховен Ф. Листийн концертод ирж суужээ. Гэвч хөгжмийн их зохиолч таг дүлий болсон байсан болохоор түүнд нэгэн аялгуу өгч шууд найруулан хөгжимдөхийг хүсчээ. Ф. Листийн гар хурууны хөдөлгөөн, царай зүс, сэтгэлийн ер бусын хувирлаар ямар гоц авьяастан болохыг Л. Бетховен ойлгоод тоглолт дуусмагц тайзан дээр гарч түүнийг тэврэн үнссэн ажээ.
Тэр жилээ Парист очиж хөгжмийн дээд сургуульд элсэх гэсэн боловч харийн хүн гээд авсангүй. Энэ үеэс энэ хүний амьдралын их сургууль эхэлж, бие дааж сурахын зэрэгцээ нэрт хүмүүст шавь оржээ.
Ф. Лист дэвшилт үзэлтэй хүн байсан болохоор 1830 оны хувьсгалын үед “Хувьсгал” симфони бичиж, хожим түүнийгээ засварлаж “Баатруудын дурсгалд” гэдэг найраглал болгосон юм. Мөн 1834 онд Лион хотын нэхмэлчдийн бослогод зориулж “Лион” гэдэг нэртэй төгөлдөр хуурын баатарлаг аяз зохиожээ. 1848 оны Унгарын хувьсгалын баатар Лайош Батьяны амь насыг австрийн харгисууд бүрэлгэснийг эсэргүүцэж “Гашуудлын цуваа” гэдэг эмгэнэлт зохиол бичжээ.
Ф. Лист нэрт төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолчийн хувьд адил тэнцүү алдаршсан юм. Тэр XIX зуун гучаад онд Парист олон удаа концерт тоглож нэрээ цуурайтуулж, Швейцар, Итали орноор аялан хөгжимдөхийг зэрэгцээ “Аян замын тэмдэглэл” хэмээх хоёр боть зохиол бичсэн билээ.
Ф. Лист 1848 оноос Ваймарт суурьшиж, дэлхийн алдартай дуурь, симфониудыг удирдан тоглуулж, хөгжмийн нийтэлч болохоо бас харуулжээ. 1854 онд “Ваймарын шинэ холбоо” гэгчийг байгуулж, хөтөлбөрт хөгжмийг хөгжүүлэх, сонгодог хөгжмийг хамгаалах зорилго тавьж түүнээ хэрэгжүүлсэн юм. Энэ үед тэр симфонийн ихэнх бичжээ.
Тухайлбал “Прелюди”, “Прометей”, “Мазепа”, “Орфей”, “Данте”, “Унгар”, “Гамлет” зэрэг найраглал, симфони зохиосон байна. Ф. Лист ийнхүү “Хөтөлбөрт симфонийн эцэг, симфонийн нэг ангит зохиолыг үндэслэгч” гэж түүхэнд зүй ёсоор орсон билээ.
Ф. Лист Эх Орондоо халуун хайртай хүн байв. Венад тоглосон концертуудынхаа орлогыг үерт хэлмэгдсэн нутгийнхандаа илгээж, Бонн хотод Л. Бетховений хөшөө босгоход зориулж байв.