Людвиг ван Бетховен

Людвиг ван Бетховен (герм. Ludwig van Beethoven; * 1770 оны 12 сарын 16-нд Ариун Ромын эзэнт гүрний Бонн хотод; † 1827 оны 3 сарын 26-нд Австрийн Вена хотод) нь Германы агуу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, хөгжмийн удирдаач. Өрнө дахины "Венийн сонгодог дэг"-ийн төлөөлөгч ба романтизмын хөгжмийн урлагийн шилжилтийн үед уран бүтээлээ туурвисан суут хөгжмийн зохиолч юм.

1820 оны хөрөг

Гарал үүсэл

засварлах

Людвиг ван Бетховен Бонн хотод 1770 оны 12 дугаар сарын 16-нд төрж 17-нд загалмайлуулсан байна.

Түүний эцэг Иоханн Бетховен (1740—1792), хааны капеллад тенор дуучин байжээ. Эх Мария-Магдалина, гэрлэхээс өмнө Кеверих (1748—1787), Кобленц дахь хааны ахлах тогоочийн охин байжээ. Людвигийн эцэг эх хоёр 1767 онд гэрэлсэн байна.

Залуу нас

засварлах

Хөгжмийн суут зохиолч Людвиг ван Бетховеныг эцэг нь хүүгээ хоёр дахь Моцарт болгох гээд багаас нь клавесин (даралтат хөгжим) болон хийл тоглож сургаж байжээ. Авьяас билэг нь багаасаа тодорсон Бетховен 10 насандаа даралтат хөгжим, бадралт бишгүүрээр тоглодгоороо Бонн хотод алдаршиж эхэлжээ. 1782 онд Бонн хотод хөгжмийн зохиолч, орган хөгжим тоголдог Кристиан Готлоб Нефе ирж Бетховены багш болжээ. Тэрээр Бетховен хүүг авьяастай юм байна гэдгийг шууд ойлгосон байна. 17 настайдаа 1787 онд Вена хотноо очиж хэдийнээс мөрөөдсөн алдарт В.Моцартын хөгжимдөхийг сонссон төдийгүй дотно танилцсан нь түүнд асар их урам зориг нэмжээ. Хоёр их хүний анхны учрал Бетховены ирээдүйг төгс тодорхойлж өгсөн юм. Гэвч энэ уулзалт төд удсангүй Л.Бетховены эх нас барж хүнд гарз тохиолдсон, бас амиа бодогч эцэг нь орон гэрээ орхиж одсон тул Бетховенд хоёр дүүгээ асарч тэтгэх үүрэг ногдсон байна. Энд Бетховен дуурийн театрын эрдүү хийлчээр ажиллаж чөлөө завандаа концертод хөгжимдөж, хөгжмийн хичээл заадаг болов. Л.В.Бетховен ховор олддог амралтынхаа цагийг үзэсгэлэнт байгальтай Бонн хотын захад өнгөөрөх дуртай бөгөөд Райн мөрний хөвөө тэгшхэн тал хөндий, ой модон дотор байгалийн сайхан авиа эгшиг сонсон сууж зовлон зүдгүүрт амьдралаа мартагнадаг байлаа. Энэ үеэс Бетховен өөрийн болон өргөн олны сэтгэл санаа, зовлон жаргалыг зохиол бүтээлдээ аль болох тод тусгахыг эрхэмлэж анхныхаа сонат, эгшиглэнт аялгуу, дөрвөл, гурвалыг туурвижээ. 1789 онд Францын хөрөнгөтний ардчилсан хувьсгалын нүргээнт жилүүд эхлэв. Эл нүргээн Герман орныг нэгэн адил хамарчээ. Энэ үед философийн салбарын сонсогч байсан Л.Бетховен бусад нөхдийн нэгэн адил ах дүү ёс, тэгш эрх, эрх чөлөөний тухай мөрөөдөж хувьсгалын үзэл санаанд үнэнч байхаа тангараглажээ. Оюутнууд түүний «Чөлөөт хүн гэдэг» дууг нууцаар дуулж байлаа. Л.Бетховен ийнхүү хувьсгалын үзэл санаагаар хүмүүжсэн нь түүний хосгүй авьяас билгийг тэтгэх хур, ивээх нар болж өгсөн билээ.

1792 оны намар залуу Бетховен Бонныг орхин явах гэж байхад алдарт Гайднтай уулзаж, Гайдн уулзсаны дараа залуу Бетховены авьяасыг олж хараад түүнд хичээл заахаар шийджээ. Гэвч багш сурагч хоёрын барилдлага таарагүй байна. Удалгүй Гайдн Англи руу явж, шавиа алдартай багш, онолч Альбрехтсбергерт шилжүүлэв. Эцсийн дүнд Бетховен өөрийн зөвлөгч Антонио Сальери багшаар сонгов. Вена дахь амьдралынхаа эхний жилүүдэд Бетховен төгөлдөр хуурчаар алдар нэрийг олж авсан. Түүний үзүүлбэр үзэгчдийг алмайруулж байжээ.

Бүтээл туурвилын үед

засварлах
 
E. T. A. Hoffmann, self-portrait, c. 1820

Л.Бетховен нийтдээ 32 эгшиглэнт аялгуу (сонат) бичсэн юм. Дор бүрийдээ хэн нэгэн хүнд зориулагдсан эдгээр бүтээлд суут хөгжмийн зохиолчийн дотоод сэтгэл, зориг эрмэлзэл, зовнил, дуртгал нэвт шингэсэн байдаг.

Л.Бетховен есөн симфони бичсэний анхныхыг Вена хотноо тогложээ. Чин сэтгэлийн баяр баясгаланг илтгэсэн эхнийхээ хэсгээс төгсгөл хүртлээ хүний нинжин сэтгэл, хүсэл тэмүүллийг илэрхийлсэн нь энэ симфонийн гол онцлог байв.

Хөгжмийн суут зохиолчийн авьяас билэг ийнхүү ид ундарч алдар хүнд хүлээсэн боловч хэдэн жилийн өмнө эхэлсэн чихний дүлийрэл нь улам даамжирчээ. Гэвч тэр туурвих тэмцэх, аз жаргалыг хүсэх мөрөөдлөө орхисонгүй. «Би түүнд дурлаж тэр ч намайг хайрлалаа» гэж багын найздаа бичиж байсан Жулетта Гвиччарди гэдэг бүсгүйтэй тэр тааралдаж 1802 онд түүнд зориулсан алдарт «Сарны сонат»-аа бичжээ. Сонатын эхний хэсэгт цөнийн чимээгүй, сэтгэлийн зовнил дүрслэгдэж, хоёрдугаар хэсэгт шаламгай, сэвэлзүүр аальгүй байдал илэрнэ. Бетховены дурлал бүтэлгүй болж, биеийн зовлон дээр сэтгэлийн зовлон нэмэн даржээ. Энэ үедээ хоёрдугаар симфонио зохиосон бөгөөд түүнд залуу насных нь хайр дурлал хүсэл тэмүүлэл шингэжээ.

1804 онд тэмцэл, ялалтын бэлгэдэл болсон гуравдугаар симфонио бичив. Хөгжмийн дүлий зохиолч хэдийгээр концертод тоглох, удирдаач хийхээ бараг больсон боловч гайхамшигт симфониуд, дуртгал ая, сонат, дөрвөлүүдээ туурвисаар байлаа. 1812 онд долоо, наймдугаар симфонио хэдэн сарын дотор бичжээ. 1816 оноос 1823 он хүртэл олон янзын өвчин эмгэг тусаж, бас ахуй амьдралын хувьд ихээхэн гачигдмал байсан боловч тэр тэсвэрлэсээр, туурвисаар байв. Бетховены 9-р симфони бол түүний уран бүтээлийн оргил юм. Энэ бол симфонийн түүхэнд анх удаа найрал дуучид дуулж, түүний хөгжилд шинэчлэл хийсэн алдарт бүтээл байлаа. Бетховен уг алдарт симфонио бичиж байхдаа таг дүлий байсан юм. Суут хөгжмийн зохиолчийн бүтээлүүд ялангуяа алдарт «Сарны сонат»- ыг өндөр үнэлдэг байжээ.

1824 оны 5-р сард энэ суут бүтээлээ удирдан тоглуулж дуусаад, эргэж ёслохдоо сонсогчдын алга ташилтын нижигнээнийг огт сонсохгүй гагцхүү нулимс мэлтгэнэсэн нүдээр баяр бахдалдаа дэвэрсэн сонсогч олны дахин сонсохыг шаардсан гар яралзаж байхыг харж, тэдэнд юу бүтээж өгснөө ойлгожээ. 1826 онд Л. Бетховен амьдралынхаа сүүлчийн бүтээл болох чавхдаст хөгжмийн дөрвөлийг дуусгаад байх үедээ салхинд цохиулжээ. «Би мянга дахин амьдрахыг хүсэж байна», «өөр бас хэд хэдэн том бүтээлээ ертөнцөд бэлэглэнэ» гэж бодож явсан хөгжмийн их зохиолч таалал төгсөв. Зовсон тэмцсэн хэн бүхний үлэмж дотно нөхөр, агуу сод хүний нэг Л.Бетховены амьдрал ийнхүү 57 дахь жилдээ тасарчээ.

Людвиг ван Бетховен 1827 оны 3 дугаар сарын 26-нд нас барахад 20 мянга орчим хүн түүний шарилыг дагаж явсан бөгөөд Вена хотын Верингийн оршуулгын газар түүнийг оршуулах үеэр Луижи Керубинийн "Реквием до-минор" бүтээлийг тоглож байжээ.

Цахим холбоос

засварлах