Тэмээн жин
Тэмээн жин нь Монголын уламжлалт алс замын, аян замын ачлага уналага бүхий тээвэр юм.
Түүхэн тойм
засварлахМонгол оронд тэмээ нь эрт дээр үеэс тээврийн гол хэрэгсэл, хөсөг байж ирсэн.
"Тэнэгэр явахыг тэнгэр мэднэ
Тэнхлүүн явахыг тэмээ мэднэ" гэсэн ардын цэцэн үг байдаг.
Монгол оронд ардын хувсгал буюу орчин цагийн тээвэр үүсэхээс өмнө тэмээ нь тээврийн гол хэрэгсэл байв. Худалдаа арилжаа хөдөө нутгаас нийслэл хот уруу, хилийн боомт болон суурин нутаг уруу гэх зэргээр 600-1000 км газарт тэмээ жин тээж байжээ. Жин тээдэг хүнийг жинчин гэнэ.
Эд баялагийн бэлэгдэл
засварлахТэмээн жингийн цуваа нь худалдаа арилжааны бэлгэ тэмдэг юм. Торгоны замыг монголчууд түүхийн урт хугацаанд “Тэмээн жингийн зам” гэж нэрлэж байв.
Уран барималч Ё.Далх-Очирын урласан Торгоны зам бүхий тэмээн жингийн цуваа Нийслэлийн төв рүү алхаж байгаа нь эд баялгийг эх орондоо авч ирж буйн бэлгэдэл ажээ.
Сайншанд хотын төвд байрлах Тэмээн жингийн хөшөө нь эд баялгийг нутаг орондоо авч ирж буйн бэлгэддэг.
Нэг зуун тэмээгээр жин тээх үед «Гүл шар» гэж нэрлэгдсэн гуулин хонхыг зүүдэг. Тэмээн жин тээхэд жингийн цуваа нэг удаад нэг зуун тэмээгээр тээх нь баяжихын бэлгэдэл гэж жинчид бэлэгшээдэг, замд тохиолдогсод ч тэдэнд хүндэтгэл үзүүлдэг байна.
Жин тээх
засварлахАрдын засгаас өмнөх үеийн нүүдэлчин монголчуудын алс замын ердийн хөсөг тэмээн жингээр жин тээх явдал байв. Жин тээхэд 10-15 тэмээ бүхий цуваа нэг “гал” болох ба дээд тал нь 10 гал буюу 150 орчим тэмээ бүхий цуваагаар аян жинд мордох нь цөөнгүй байжээ. Нэг тэмээний тэн ачаа нь дунджаар 200 гаруй кг хүнд байдаг.
Ахар болон холын жин
засварлахМонголчуудын тэмээн жинг зорих газрын хол ойроор нь хоёр ангилдаг. Үүнд: ахар жин, холын жин гэж байдаг.
Ахар жин
засварлахАймаг дотор, хошуу хооронд тээх жин буюу “ахар жин” гэж нэрлэдэг.
Холын жин
засварлахАймаг хошуунаас алсад хил хязгаарыг даван одох жин буюу “Холын жин” хэмээн ангилдаг.
Тэмээн жингийн явалт
засварлахТэмээн жингийн хоёр янзын явалт байдаг. Үүнд: "Халх явалт", " Харчин явалт" гэнэ
Халх явалт
засварлахХалх явалт нь үүрээр ачаалан хөдөлж үдэд буудаллаж тэмээгээ амрааж идүүлж услан, жинчид хоол цайгаа идэж уугаад нар жаргах үед ачаалан хөдөлж шөнөжин яваад маргааш үдэд бууж, дараагийн өдөр нь дахин үүрээр хөдөлдөг. Зарим жинчид тогтмол үүрээр хөдлөөд үдшийн бүрийгээр буудаллахыг мөн халх явалт гэдэг.
Харчин явалт
засварлахХарчин явалт нь өглөө зэхийхэн ачаалж хөдлөөд шөнө марал мичид гудайлган (Шөнө дундаас хойш) буудаг.
Жингийн зам
засварлахЖинчид хоногт ойролцоогоор өртөө газар (30-40 км) дээд тал нь хоёр өртөө газар явдаг ажээ. Цаашаа явж байхдаа ихэвчлэн арагшаа гударган газар бууж, явж буй зүгрүү бэлчээж хононо. Тэгэхгүй бол шөнө тэмээ нутагруугаа цувчихаад болдоггүй.
Өглөө нар хөөргөж зэхий хөдлөөд орой нар жаргах юмуу шар гэгээ тасрах үед бууж хоноглоно. Тэмээ ачаандаа дасч ирэнгүүт өдөрт (4-5 хоногоос) явах хугацааг аажмаар нэмнэ.
Тэмээний ачааг сольдоггүй. Өдөрт үдлэхгүй, өдөржин явна. Тэмээ явуут шээж чаддаггүй болохоор хэсэг яваад цуваагаа зогсоож “шээр шээр” гэхэд бүх тэмээ шээдэг. Үдэлдэггүй болохоор жинчид өдөр цайлдаггүй.
Тэмээн жингийн хонх
засварлахТэмээн жинд зайлшгүй байх зүйл нь хонх юм. Хонхыг хамгийн сүүлчийн тэмээний хүзүүнд голлон зүүнэ. Хонх зүүх тэмээ нь номхон, үргэдэггүй байна. Хонх зүүх тэмээ нь жигд алхаатай байх ёстой. Жигд зөв алхаатай тэмээний хонх жигд савлаж явдаг. Хонхыг гол төлөв хүрлээр хийнэ. Тэмээн жингийн үед хэрэглэж асан ийм нэгэн хонхыг доорх зургаас харж болох бөгөөд өдгөө Увс аймгийн Зүүнхангай сумын дунд сургуулийн сурагчдын хичээлийн завсарлагыг дохиолон жингэнэж байгаа уг хонх нь дээр нэр нэхэн дурдагдсан хүмүүний хэрэглэж байсан хонх бүлгээ. Зэсээр амыг нь эмжсэн зэс амт, адаг хүрлээр хавчих хар хэмээх зуувандуу хэлбэртэй хавчиг хар, зэс, цагаан тугалганы хайлшаар хийсэн цас хэмээх цайвар хонх байдаг. Бүх хонхны хэлийг хатуу модоор хийнэ. Модон хэл нь хонхыг зөөлөн жигд дуутай болгоно. Ачаа ачиж дуусаад жин хөдөлмөгц сүүлийн тэмээнд хонхоо зүүнэ. Жингийн цуваа буух газар ирмэгц хонхыг тайлж авна. Ачиж, буулгаж дуусаагүй, тэмээ амарч байх үед хонх дуугарвал тэмээ яарч босон харайх, хөдөлж явдаг тул хонхыг зүүх, авах журмыг хатуу баримтална. Нэг зуун тэмээгээр жин тээх үед «Гүл шар» гэж нэрлэгдсэн гуулин хонхыг зүүдэг. Нэг удаад нэг зуун тэмээгээр тээх нь баяжихын бэлгэдэл гэж жинчид бэлэгшээдэг, замд тохиолдогсод ч тэдэнд хүндэтгэл үзүүлдэг байна[1].
Төмрийг хавтгайлан хуйлж гонзгой хэлбэр гарган хийсэн энэ хонх нь 32 см өндөр, 19 см өргөнтэй. Хонхны дотор эргэн тойронд нь нимгэн төмөр хадаж тогтоосон хавтгай бөөрөнхий хэлбэртэй модон хэл харагдах ба түүнд бэхэлсэн төмөр цагирагнуудаас улаан өнгийн хялгасан молцог маягийн зүйл унжуулжээ. Хонхны гадна, дээд талд хавтгай төмөр бариул сэнж гагнаж тогтоосон байх ба түүнээс хос суран оосор уяжээ. Тус хонх нь Монгол улсын үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна.
Монголчууд алс хол аян жин тээхдээ чимээ өгөх зорилгоор сүүлийн тэмээний хүзүүнд иймэрхүү хонх зүүдэг байжээ. Жингийн хонх нэгэн хэмээр дуугарах тэр дууг “дууних” хэмээн нэрлэдэг байна.
Түүчээ
засварлахТэмээн жингийн тэргүүнд хонхтой явдаг тэмээг түүчээ гэнэ.
Тэмээ хомнох
засварлахТэмээнд ачааг зүгээр л шууд аччихвал ачаа нь тэмээний нуруу, хавирганыг дарж гэмтэл учруулах тул тэмээний биед ачааны жингийн дарах талбайг тэлэх зорилгоор хом хэмээх нэмэлт тоног хэрэглэдэг. Тэмээ хомоо, хом нь ачаагаа даадаг гэдэг. Тэгэхээр тэмээг хомнох нь жин тээх ажлын нэн чухал хэсэг ажээ.
Судалгаанд
засварлахТэмээн жингээр алсын аянд явах нь хүн, малын шандас, тэвчээр сорьсон бэрх хэцүү ч бахдам сайхан ажил байсан гэдэг. Нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтиморын бичсэнээр, тэмээн жингийн цуваа хүний алхаанаас төдий л их биш хурдтай явдаг байсан ба хүрэх газрын хол ойр, тэнгэр хангай, зам харгуйн нөхцлөөс хамаарч өдөрт 40 км хүртлэх газар туулдаг аж.
1957 онд Өмнөговь аймагт шинэ тээврийн газар байгуулагдсантай холбоотой тэмээн жинг халсан байдаг.
Уран бүтээлд
засварлахМонгол Улсын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийн нэгэнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, бурханч, уран зураач Д.Дамдинсүрэнгийн "Тэмээн жин" зураг багтдаг.
Монгол улсын эстрадын ууган хамтлагуудын нэг "Соёл-Эрдэнэ" хамтлаг "Тэмээн жингийн цуваа" дуу гаргасан байдаг.
Дорноговьд тэмээ, тэмээн сүрэг, тэмээн жингийн цувааг алдаршуулсан "Гоо гоо брэнд" үйл ажиллагаа явуулж байна. Гоо гоо брэндийнхэн
"Айл гэрт аз жаргал
Алт эрдэнэс тээж ирэгч
Тэмээн жингийн цуваа
Тэртээ холоос зорин ирлээ" хэмээсэн байдаг.
Мөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлахЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН НААДАМ "ТЭМЭЭН ЖИН"-ГИЙН ЦУВААГААР ЭХЭЛЛЭЭ
Эх сурвалж
засварлах
- ↑ Hovd university; Urnukhdelger, D. (2021). "Монголчуудын тэмээн жингийн соёл". Nomadic civilization: historical research. 1 (3): 41–52. doi:10.53315/2782-3377-2021-1-3-41-52. Archived from the original on 2024-05-28. Татаж авсан: 2024-05-28.