Потсдамын уулзалт

Холбоотон гурван гүрний удирдагчдын Потсдамын уулзалт буюу Потсдамын Бага хурал гэдэг- 1945 оны 7-8 сард Германы Потсдам хотод Германыг ялсан Гурван гүрний удирдагч нарын гуравдахь бөгөөд сүүлчийн уулзалтыг хэлдэг. Энэ уулзалтад ЗХУ-ын Ардын Коммисаруудын Зөвлөлийн дарга, ЗХУ-ын Батлан хамгаалах хорооны дарга Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумэн, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль болон Клемент Эттли (1945 оны 7-р сарын 28-нд албан тушаалдаа орж У.Черчиллийн оронд оролцсон) нар оролцов.

Холбоотон гурван гүрний удирдагчид, тус тусын гадаад хэргийн сайдуудын хамт
Потсдамын уулзалтын өдөрлөг болсон газар, Цецилийнхоф ордон

Холбоотон гүрнүүд Германыг ялсаны дараа Потсдам хотноо хийсэн уулзалтаар ялагдсан герман, европын ирээдүй болон дайны дараах дэлхийн хэмжээнд газар нутгийн нөлөөллийн бүсүүдээ хувааж авах талаар голлон тохирсон байна. АНУ, Их Британийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын тооцоогоор Японыг ялахад 1-2 жил дахин дайтах шаардлагатай бөгөөд хүн хүчний хувьд 1-2 сая цэргийн хохирол үзэх бөгөөд Азийн эх газарт байгаа японы байлдааны хамгийн өндөр чадвар бүхий Квантуны армийг бут цохих нь бараг боломжгүй бөгөөд дээрх тооцоон дээр нэмж асар их хохирол үзэх магадлалтай гэж үзэж байжээ. Иймд Японы эсрэг дайнд ЗХУ-ын цэрэг, зэвсгийн хүчийг ашиглан богино хугацаанд ялах сонирхол бүхий байсан АНУ, Их Британийн удирдагч нар ЗХУ-ыг японы эсрэг дайнд оролцуулах тухай саналаа удаа дараа Сталин болон ЗХУ-ын бусад удирдлагуудад хүргүүлж байжээ.

ЗХУ нацист Герман улсыг бут цохисны дараа 3 сар болоод Японы эсрэг дайнд оролцох боломжтой бөгөөд ингэхийн тулд Ялтын уулзалтаар тохиролцсон тохироог дахин баталгаажуулах шаардлага тавьсан байна. Энэ тохиролцоонуудын нэг нь БНМАУ-ын тухайн үеийн байгаа байдлыг буюу статус-квог хэвээр байлгах нэг гол болзол тавьсан байна. Үүнийг АНУ, Их Британийн удирдагч нар зөвшөөрсөн бөгөөд Сталины ятгалгаар энэ тухай Бүгд Найрамдах Хятад Улсын талд албан ёсоор мэдэгдэх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Трумэн биечлэн авсан байна.

Бага хурлын явц

засварлах

Потсдамын бага хурал 1945 оны 7-р сарын 17-ны орон нутгийн 17:00 цагт "Цецилиенхоф"-ын ордонд (герман. Cecilienhof) албан ёсоор нээгдэв. У.Черчиллийн хэлснээр дээд хэмжээний уулзалтыг сурвалжлахаар 180 орчим сурвалжлагч Берлинд ирсэн байжээ. Потсдамд болсон уулзалтын эхний үеийг ёслолыг гэрэл зураг авахуулахад зориулжээ. Урьдчилан боловсруулсан ёслолын дагуу төлөөлөгчид хэлэлцээрийн танхимд гурван талаас нэгэн зэрэг орж, гурван гүрний далбаагаар чимэглэсэн дугуй ширээний ард суув. Потсдамын бага хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гурван улсын Засгийн газрын тэргүүнүүдээс гадна Гадаад хэргийн сайд нар багтсан: ЗХУ - Вячеслав Молотов, АНУ - Жэймс Френсис Бирнс, Их Британи- 7-р сарын 25 хүртэл Роберт Энтони Эден, дараа нь 7-р сарын 28-аас Эрнест Бевин ба тэдний орлогч нар. Потсдамын бага хуралд мөн ЗХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Андрей Громыко, Их Британид суугаа Фёдор Гусев, АНУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайд Уильяам Аверелл Харриман, Их Британийн ЗХУ-д суугаа Элчин сайд Арчибальд Кларк Керр нар оролцсон байна. Үүнээс гадна дипломат төлөөлөгчид, түүнчлэн гурван улсын Засгийн газрын тэргүүн, штабын дарга нарын туслахуудыг болон дагалдан ирсэн цэргийн дарга нар байсан байна.

Потсдамын бага хурлын хүрээнд Их Британид парламентын сонгууль болж байгаатай холбогдуулан нийт 13 хуралдаан дундаа хоёр өдрийн завсарлагатайгаар болсон: В.Черчиллийн оролцоотой есөн хуралдаан, К.Эттлигийн оролцоотой дахин дөрвөн хуралдаан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бирнсийн хэлснээр, В.Черчилль, Р.Эден нарыг К.Эттли, Э.Бевин нараар сольсон нь Потсдамын бага хурлын эхэн үетэй харьцуулахад маргаантай асуудлаарх Британийн байр сууринд ямар ч өөрчлөлт орсонгүй гэжээ.

Бага хурлын үр дүн

засварлах

Потсдамд Европ дахь энх тайван, аюулгүй байдлыг дэмжих ардчилсан зарчмуудыг хүлээн зөвшөөрөв. Үүнд: Европ тивийн аюулгүй байдлын гол нөхцөл бол Германы милитаризмыг сэргээхээс урьдчилан сэргийлэх явдал бөгөөд улс хоорондын харилцааг бүрэн эрхт байдал, тэгш эрх, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, үндэсний тусгаар тогтнолын зарчмаар байгуулах ёстой гэжээ.

Потсдамын бага хурал нь фашизмыг ялахад тусалсан, дайны дараах энх тайван, аюулгүй байдлын баталгаа болох учиртай их гүрнүүдийн хамтын ажиллагааны амжилттай нэгэн жишээ болсон юм. Потсдамын бага хурал үзэл суртлын зөрүүтэй байсан ч маргаантай асуудлуудыг хэлэлцээгээр ширээний ард шийдвэрлэх боломжтой бөгөөд ингэж шийдвэрлэж байх ёстой гэдгийг харуулсан юм.

Цахим холбоос

засварлах
  Commons: Потсдамын уулзалт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан