Оюуны өмч (англи. intellectual property, франц. propriété intellectuelle, орос. интеллектуальная собственность) гэдэг нь эд хөрөнгө, өмчлөлийн нэг төрөл бөгөөд хүний оюуны ухаанаар бий болсон биет бус өмч юм. Тухайн ойлголт нь голдуу патентзохиогчийн эрх, барааны тэмдэг болон газар зүйн заалт гэх зэрэг ухагдахуунуудыг багтаадаг. Уг ойлголт нь мөн бусад төрлийн эрх, тухайлбал, арилжааны нууц, сурталчлах эрх, ёсны эрх болон шударга бус өрсөлдөөний эсрэг эрх гэх зэрэг эрхүүдийг давхар хамруулдаг. Дуу хөгжим болон уран зохиол гэх мэт урлагийн бүтээлүүд, мөн зарим нэг шинжлэх ухааны нээлт, зохион бүтээл, үг хэллэг, өгүүлбэр, тэмдэглэгээ, ялгах тэмдэг болон загвар дизайн оюуны өмчийн эрхээр хамгаалагддаг.[1][2] Оюуны өмчийн эрх зүй нь олон зуун жилийн туршид хөгжин өнөөдрийг хүртэлх замыг туулжээ. Оюуны өмчийн орчин үеийн үзэл баримтлал нь 17-18-р зуунд Англид бий болсон. "Оюуны өмч" гэсэн нэр томьёо 19-р зуунаас хэрэглэгдэж эхэлсэн ч 20-р зууны сүүлч хүртэл дэлхийн ихэнх хууль эрх зүйн тогтолцоонд оюуны өмч нийтлэг болсон[3] .

Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын гишүүн орнууд

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ) нь олон улсын түвшинд оюуны өмчийн эрх зүйтэй холбоотой бүх гэрээ хэлэлцээрийг боловсруулж, хянан зохицуулдаг бөгөөд үүнээс гадна мэдлэг түгээж, сургалт семинар зохион байгуулж, судалгаа шинжилгээ гүйцэтгэж болон оюуны өмчтэй холбоотой төрөл бүрийн өгөгдлийн сангуудыг хөгжүүлдэг аж.

Түүх засварлах

 
Аннын тогтоол 1710 онд хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн

Монополийн эсрэг тогтоол (1624) болон Их Британи Улсын Аннын тогтоол (1710) нь патент болон зохиогчийн эрхийн үүсэл хөгжлийн цэг гэж тооцогддог. [4] Тухайн тогтоолууд нь ерөнхийдөө оюуны өмчийн эрх зүйн суурь үндсийг тавьж өгсөн гэж ойлгож болно.

"Оюуны өмч" гэдэг нэр томьёог хамгийн анх 1769 онд Лондон хотын Сар бүрийн тойм сэтгүүлд дурдсан байдаг.[5] Гэхдээ тухайн нэр томьёог яг орчин үеийн утгаар нь ашиглаж эхэлсэн цаг бол 1808 оны эхэн үе юм. Учир нь энэ цаг үед оюуны өмч гэдэг нэр томьёог албан ёсоор ашиглан хэд хэдэн зохион бичлэгийн цуглуулгад нийтэлжээ.[6]

Герман Улсын хувьд оюуны өмч гэдэг нэр томьёог хамгийн анх Хойд Германы Нэгдсэн Улсыг байгуулснаар ашиглаж эхэлсэн бөгөөд тус улсын үндсэн хууль оюуны өмчийг албан ёсоор хамгаалах эрх зүйн үндсийг тавьж өгсөн байна.[7] Үүний дараагаар Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц (1883)[8] болон Утга зохиол болон урлагийн ажлыг хамгаалах тухай Бернийн конвенцоор (1886)[9] байгуулагдсан захиргааны газрууд 1893 онд нэгдэж, Берн руу нүүхэд шинээр байгуулагдсан Оюуны өмчийг хамгаалах Олон улсын нэгдсэн товчоо нь оюуны өмч гэдэг нэр томьёог шууд хэрэглэж эхэлсэн бөгөөд цаашид баруун Европт өргөн дэлгэрэхэд хүргэсэн юм. Оюуны өмчийг хамгаалах Олон улсын нэгдсэн товчоо нь хожим нь 1960 онд Женев руу нүүж, улмаар 1967 онд НҮБ-ын салбар байгууллага болж хувирсан бөгөөд Дэлхийн оюуны өмчийн байгууллага гэдэг шинэ нэрийг авсан. Харин АНУ-ын хувьд тэд энэ цаг үеэс оюуны өмч гэдэг нэр томьёог ашиглаж эхэлсэн бөгөөд 1980 онд Бэйл-Доулын актыг баталснаар өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.[3]

Оюуны өмчийн эрх зүй
Патент
Шинэ бүтээл, Ашигтай загвар, Аж үйлдвэрийн загвар
Зохиогчийн эрх
Ёсны эрх, Эдийн засгийн эрх
Барааны тэмдэг
Уламжлалт тэмдэг, Уламжлалт бус тэмдэг
Газарзүйн заалт
Гэрчлэх тэмдэг, Хамтын тэмдэг
Худалдааны нууц
Нууж жор, Нууцлалын гэрээ

Оюуны өмчийн ангилал засварлах

Патент засварлах

Үндсэн нийтлэл: Патент

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц патентад ашигтай загвар болон бүтээгдэхүүний загварыг ижил түвшинд хамруулсан байдаг ч "патент" гэдэгт зөвхөн шинэ бүтээлийн патентыг ойлгодог. Шинэ бүтээлийн патентаар тухайн шинэ бүтээлээр санал болгож байгаа техникийн шийдлийг хамгаалахыг зорьдог. Техникийн шийдэл гэдэг нь бидний ажил, амьдралд тулгарч байгаа техникийн тодорхой асуудлуудыг байгалийн хуулийг ашиглах шийдвэрлэх санаа байна. Товчхондоо байгалийн хууль, хүчийг ашиглах замаар тодорхой үр дүнг бий болгож чадах шийдэл байх юм. Тухайлбал, усан дээр биетийг байрлуулахад тухайн биетэд түрэгдэж гарсан усны жин хөвөх хүчтэй тэнцүү бол уг биет усан дээр хөвнө. Энэ үзэгдэл нь байгалийн хуулийг илэрхийлэх хэдий ч патентаар хамгаалагдахгүй, харин уг байгалийн хуулийг ашиглан зохион бүтээсэн усан онгоцны хэлбэр хийц техникийн шийдэлд хамаарч байвал патентаар хамгаалагдах боломжтой.

Патентын эрх гэдэг нь төрөөс цоо шинэ зохион бүтээл бүтээсэн хүнд олгож буй албан ёсны онцгой эрхийг хэлнэ. Энэ эрхийг ашиглан патент эзэмшигч бусад хүмүүсийг зах зээлд нэвтрэхээс сэргийлж, улмаар зах зээлийн өрсөлдөөнд өөрт давуу байдлыг бий болгодог. Тухайлбал патент эзэмшигч түүний зохион бүтээсэн бүтээлийг хэн нэгэн хүн хуулбарлан зах зээлд бүтээгдэхүүн болгон гаргахыг шууд хориглодог. Түүнчлэн онцгой эрх эзэмшигчийн хувьд өөрийн патентын эрхийг бусдад шилжүүлэх болон лицензлэх замаар худалдаалж болно. Apple болон Samsung гэх зэрэг компаниуд ухаалаг гар утасны зах зээлд ширүүн өрсөлдөөнтэй байдаг бөгөөд олон жилийн туршид патентын дайн үүсгэн хоорондоо тэмцэлдэж байна. Олон улсын түвшинд 1883 онд батлагдсан Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц патентын эрх зүйн бүх үндсэн зарчмыг тусгаж, хуулийн хүрээнд зохицуулсан байдаг. Монгол Улсад 2006 онд батлагдсан Патентын тухай хууль[10] өнөөдөр тухайн эрх зүйн харилцааг зохицуулах баримт бичиг болж байна.

Зохиогчийн эрх засварлах

Үндсэн нийтлэл: Зохиогчийн эрх

Ерөнхийдөө зохиогчийн эрхээр голдуу "бүтээл" гэж нэрлэгддэг зохиогчийн утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалдаг. Зохиогчийн эрх нь зохиогч болон хамаарах эрхийн объект эзэмшигчийн тухайлбал, уран зохиолын бүтээл туурвигчийн эрх, зураачийн уран бүтээлийн зохиогчийн эрх, гэрэл зурагчны гэрэл зургийн бүтээлийн зохиогчийн эрхийн ойлголт юм. Илүү нарийвчилбал, зохиогчийн эрх нь зохиогч өөрийн бүтээлийн хувьд эдлэх эрхийн тухай бол өргөн утгаараа зохиогчийн эрхийн тогтолцоотой ихэнх улс орнуудад "хамаарах эрх" гэж нэрлэгддэг тоглогч, дүрс бичлэг үйлдвэрлэгч, өргөн нэвтрүүлгийн байгууллага, хэвлэлийн газар зэрэг байгууллагын эдлэх эрхийг мөн багтаадаг.

Зохиогчийн эрх нь мөн патентын адил төрөөс олгож буй албан ёсны онцгой эрх юм. Патентын эрхээс ялгаатай нь зохиогчийн эрхийг голдуу утга зохиол, урлаг болон уран сайхны ажил бүтээсэн хүнд олгодог. Өөрөөр хэлбэл тухайн эрхийн хамгаалах субьект патентаас тэс өөр юм. Зохиогчийн эрх нь хоёр төрөлд хуваагддаг. Тэдгээр нь ёсны эрх болон эдийн засгийн эрх юм. Зохиогчийн эрх эзэмшигчид патент эзэмшигчдийн адил бусас хүмүүсийг зөвшөөрөлгүйгээр тэдний хийсэн ажлыг ашиглаж, улмаар зах зээлд бүтээгдэхүүн болгон гаргахаас хориглох боломжтой. Эрх эзэмшигчид өөрсдийн бүтээлийг мөн бусдад шилжүүлэх болон лицензлэх замаар худалдаалдаг. Бусдад өөрийн хийсэн ажлаа шилжүүлсэн тохиолдолд зөвхөн эдийн засгийн эрхээ шилжүүлдэг. Ёсны эрх бол мөнхийн шинжтэй эрх юм. Олон улсын түвшинд 1886 онд батлагдсан Утга зохиол болон урлагийн ажлыг хамгаалах тухай Бернийн конвенц зохиогчийн эрхийн бүх үндсэн зарчмыг тусгаж, хуулийн хүрээнд зохицуулсан байдаг. Монгол Улсад 2006 онд батлагдсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль[11] уг харилцааг зохицуулж байна.

Барааны тэмдэг засварлах

Барааны тэмдэг гэдэг нь нэг зах зээлд өрсөлдөж буй бизнес аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ялгаж өгөх зориулалттай дүрс зураг, бичиг, дизайн болон тэдгээрийн хослолыг хэлнэ. Барааны тэмдэг нь бизнес хөгжүүлэлтэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд аливаа бизнес, аж ахуйн нэгжийн нэр төр болон үнэ цэнийг бүрдүүлдэг чухал элементүүдийн нэг. Барааны тэмдэг нь уламжлалт болон уламжлалт бус гэж ангилагддаг. Тухайн ойлголтыг мөн газар зүйн заалттай холбон авч үздэг. "Coca-cola" нь барааны тэмдгийн жишээ юм.

Газар зүйн заалт засварлах

Газар зүйн заалт гэдэг нь голдуу хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд дээр хэрэглэгддэг тусгай тэмдэг юм. Улс орон бүрийн хууль тогтоомж өөр байдгаас шалтгаалан газар зүйн заалтыг барааны тэмдэгт хамруулан зохицуулах аль эсхүл түүнээс тусад нь авч зохицуулдаг. Эрдэмтэн судлаачид газар зүйн заалтыг гэрчлэх тэмдэг, хамтын тэмдэг аль эсхүл энэ хоёрын нийлбэр гэж үздэг. Газар зүйн заалт нь хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үүсэл гарал, чанарыг илтгэдэг тул барааны тэмдгийн адил үүрэг гүйцэтгэдэг гэж үзэж болно. Сүүлийн үед генетикийн өөрчлөлттэй хоол хүнс улс орны аюулгүй байдал, ард түмний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан газар зүйн заалтын ач холбогдол улам их нэмэгдэж байгаа. Францын "Champagne" буюу шампанск хэмээх оргилуун дарс нь газар зүйн заалтын нэг жишээ юм.

Худалдааны нууц засварлах

Оюуны өмчийн төрөлд багтдаг бас нэг ойлголт бол худалдааны нууц билээ. Худалдааны нууц нь аливаа бизнес, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд чухал ач холбогдол эзэлдэг мэдээллийг хэлэх бөгөөд тухайн мэдээлэл нь өндөр нууцлалттай байдаг. Худалдааны нууц нь бусад өрсөлдөгчдөөс давуу байдлыг бий болгодог. Худалдааны нууц нь бүтээгдэхүүний нууц жор, бизнесийн үйл ажиллагаа, процесс, бүтээгдэхүүний загвар дизайн болон хэв маягийг хэлж болно. Бусад оюуны өмчөөс ялгаатай нь худалдааны нууцыг бизнес, аж ахуйн нэгж өөрөө хамгаалдаг. Төрөөс худалдааны нууцыг хамгаалах ямар нэгэн гэрчилгээ олгодоггүй. Худалдааны нууцыг ихэвчлэн нууцлалын гэрээ байгуулан хамгаалдаг. "KFC" шарсан тахианы нууц жор бол худалдааны нууцын жишээ юм.

Оюуны өмчийн ач холбогдол засварлах

Эдийн засгийн өсөлт засварлах

Оюуны өмч нь улс орны эдийн засгийн өсөлтөд асар их нөлөөлдөг. Дэлхийн том том компаниуд өөрсдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд үргэлж судалгаа-боловсруулалтын ажил гүйцэтгэж, патент болон зохиогчийн эрхийн хамгаалалт авч байдаг бөгөөд компанийнхаа нүүр царай болох барааны тэмдэгт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, өөрсдийн үнэ цэнийг өсгөдөг. Өөрөөр хэлбэл оюуны өмчийг үр дүнтэй ашигласнаар компаниуд илүү нэмүү өртгийг бий болгож, тогтвортой өсөх үүд хаалгыг нээдэг юм. Азид байдаг 6 улс орны эдийн засгийн өсөлтөд оюуны өмчийн систем хэрхэн нөлөөлснийг судалсан ДОӨБ болон Нэгдсэн үндэсний их сургуулийн хамтарсан судалгаагаар "оюуны өмчийн системийг бэхжүүлэх нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлдөг" болохыг тогтоожээ.[12]

Бизнес хөгжүүлэлт засварлах

Оюуны өмч нь бизнес хөгжүүлэлтэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг, тэр тусмаа барааны тэмдэг. Барааны тэмдэг нь аливаа бизнес, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ялгаж өгөхөөс гадна түүний нэр төрийн илрэл бөгөөд үнэ цэнийг нь өсгөж өгдөг. Дэлхийн банкны ерөнхийлөгч асан Мойсез Найм өөрийн бичсэн "Хүч, эрх мэдлийн төгсгөл" хэмээх номондоо, "Өнөөдөр, эрдэмтэд, компанийн зах зээлийн үнэ цэнийн 40-өөс 90 хувийг биет бус хөрөнгө бүрдүүлж байна гэж тооцоолсон байна, энэ нь патент, зохиогчийн эрхээс авахуулаад компаниа удирдан зохион байгуулах арга, брэнд болон үйлчлүүлэгчдэд нөлөөлөх чадварыг хамруулдаг" гэж өгүүлжээ.[13]

Оюуны өмчийн хамгаалалт засварлах

Оюуны өмч хамгаалалтын хугацаа засварлах

Оюуны өмч хязгаарлагдмал хугацаанд хамгаалагддаг бөгөөд хамгаалалтын хугацаа дууссанаас хойш нийтийн хүртээл болдог. Оюуны өмчийн эрхийн хугацаа дууссан тохиолдолд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг хэрэглэх боломжтой юм. Уламжлалт буюу биет хөрөнгийн эрх үүнээс өөр байдаг. Жижиг, том ялгаагүй хөрөнгө байгаа л бол хуулиар хамгаалдаг. Гэр бүлийн өв хөрөнгө эвдэрч сүйдээгүй бол үе дамжин өвлөгдөж, хуулиар хамгаалагдаж байдаг.

Олон улсын түвшинд оюуны өмчийн хамгаалалт засварлах

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ) нь дэлхийн улс орнуудын оюуны өмчийн тогтолцоог уялдуулан зохицуулах, хамгаалах, олон улсын эрх зүй, дэг журмыг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Дэлхийн Худалдааны Байгууллага худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхтэй холбоо ТРИПС-ийн хэлэлцээрийг хариуцан ажилладаг. Олон улсын оюуны өмчийн хамгаалалтыг дараах гурван эрин үед хуваан үздэг. Үүнд:

  1. Парис болон Бернийн холбооны эрин үе. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон Утга зохиол болон урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн 1880-аад оны үед хүчин төгөлдөр болсны дараа уг конвенцид нэгдэн орсон талууд хоёр конвенцийг удирдан хэрэгжүүлэх зорилгоор Парисын холбоо болон Бернийн холбоог байгуулсан. Эдгээр оюуны өмчийн тулгуур конвенцийн гишүүн орнууд Парисын конвенцид тулгуурлан аж үйлдвэрийн өмчид хамаарах хэд хэдэн олон улсын гэрээг батлан гаргасан. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО мөн зохиогчийн эрхийг олон улсад хамгаалах асуудалд чухал үүрэг гүйцэтгэн оролцдог.
  2. Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын эрин үе. Парис болон Бернийн конвенцийн гишүүн орнууд 1967 онд "Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг байгуулах тухай конвенци"-д гарын үсэг зурсан. Улмаар 1970 онд Швейцар Улсын Женев хотод Дэлхийн оюуны өмчийн байгууллага байгуулагдаж, 1974 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын нэг болсон. Үүнээс хойш ДОӨБ-ын санаачлагаар олон улсын 20 гаруй гэрээ, хэлэлцээрийг батлан гаргасан бөгөөд Парис болон Бернийн конвенцид нэгдэн орсон улсуудын тоо эрс өсч олон улсад оюуны өмчийг хамгаалах асуудалд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан.
  3. Дэлхийн худалдааны байгууллагын эрин үе. ДХБ-ыг 1994 оны Уругвайн хэлэлцээрийн үеэр Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн гишүүн орнуудын санаачлагаар байгуулсан бөгөөд уг хэлэцээрийн үеэр хэд хэдэн багц хэлэлцээрийг баталсны нэг нь ТРИПС-ийн хэлэлцээр юм. ТРИПС-ийн хэлэлцээрийг ДХБ-ын гишүүн орнууд заавал дагаж мөрдөх үүрэг хүлээсэн тул олон улсад оюуны өмчийг хамгаалах асуудалд чухал хувь нэмэр оруулж, маргаан шийдвэрлэх тогтолцоо болон үр ашигтай хяналтыг бий болгож чадсан.

Эх сурвалж засварлах

  1. "What are intellectual property rights?". World Trade Organization. Retrieved 2016-05-23.
  2. "Intellectual property", Black's Law Dictionary, 10th ed. (2014).
  3. 3.0 3.1 "property as a common descriptor of the field probably traces to the foundation of the World Intellectual Property Organization (WIPO) by the United Nations." in Mark A. Lemley, Property, Intellectual Property, and Free Riding (Memento 26. Хоёрдугаар сар 2009 цахим архивт) Kategorie:Wikipedia:Vorlagenfehler/Vorlage:Webarchiv/Linktext_fehlt‎Kategorie:Wikipedia:Vorlagenfehler/Vorlage:Webarchiv/ParameterfehlerBitte entweder wayback- oder webciteID oder archive-is-Parameter angeben, Texas Law Review, 2005, Vol. 83:1031, page 1033, footnote 4.
  4. Brad, Sherman; Lionel Bently (1999). The making of modern intellectual property law: the British experience, 1760–1911. Cambridge University Press. p. 207. ISBN 978-0-521-56363-5.
  5. Загвар:OED (Citing Monthly Review, vol. 41. p. 290 (1769): "What a niggard this Doctor is of his own, and how profuse he is of other people's intellectual property.")
  6. Загвар:OED (Citing Medical Repository Of Original Essays And Intelligence, vol. 11. p. 303 (1808): "New-England Association in favour of Inventors and Discoverers, and particularly for the Protection of intellectual Property.")
  7. 'Article 4 No. 6 of the Constitution of 1867 (German)' Hastings Law Journal, Vol. 52, p. 1255, 2001
  8. http://www.wipo.int/treaties/en/ip/paris/
  9. http://www.wipo.int/treaties/en/ip/berne/
  10. "Archive copy". Archived from the original on 2018-01-03. Retrieved 2018-01-09.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  11. "Archive copy". Archived from the original on 2018-01-21. Retrieved 2018-01-09.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  12. "Archive copy". Archived from the original on 2011-11-28. Retrieved 2018-01-09.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  13. Moisez Naim (2013). The End of Power: From Boardrooms to Battlefields and Churches to States, Why Being in Charge Isn't What It Used to Be. New York. Basic Books. Page 175