Монгол Улсын Үндсэн хуулийн цэц
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /Англи.The Constitutional Court of Mongolia/ гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх юм. Ардчилсан, эрх зүйт төртэй улс орнуудад төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний үйл ажиллагааны хууль ёсны байдалд хяналт тавих, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний баталгааны хэрэгжилтэд Үндсэн хуулийн замаар хяналт тавьдаг тусгай шүүх ажилладаг бөгөөд Монголд энэхүү чиг үүргийг Үндсэн хуулийн цэц гүйцэтгэдэг юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц | |
---|---|
Байгуулагдсан огноо | 1992.07.01 |
Байгууллагын дарга | Гунгаагийн Баясгалан |
Цахим хуудас | www.conscourt.gov.mn |
"Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн."
– Үндсэн хууль, Жарандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1992 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш нийт 3000 гаруй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гарах бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болдог.
Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг Монгол Улсын Үндсэн хуулиар чандлан хориглосон юм.
"Үндсэн хуулийн дээр зөвхөн мөнх хөх тэнгэр л байдаг."
– Галдангийн Совд, Үндсэн хуулийн цэцийн анхны даргын эрдэм шинжилгээний хурал дээр тавьсан илтгэлийн хэсгээс...
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг байгуулсан түүх
засварлахБНМАУ-ын Ардын Их Хурлын XI дэх удаагийн сонгуулийн IX чуулган (1990 оны 5-р сар) БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг баталж мөрдүүлсний дараа дээр дурдсан Үндсэн хуулийн хяналтын тусгай байгууллагын тухай асуудал яригдаж эхэлсэн юм. Чингээд БНМАУ-ын Ардын Их Хурлын XII дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар (1990 оны 9-р сар) “БНМАУ-ын Үндсэн хуулийн хяналтын зөвлөлийн тухай асуудлыг хэлэлцсэн байна. Эл хуралдаан дээр депутат Т.Очирхүү, О.Очиржав, Ч.Пүрэвдорж, С.Баяр, Ж.Чунагсүрэн, Ч.Хурц, Э.Бат-Үүл нарын 10 гаруй хүн үг хэлж, тэдний зарим нь ийм зөвлөл байгуулах нь зүйтэй гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь тийм зөвлөл байх хэрэггүй гэсэн санал гаргасан байна. Эцэст нь БНМАУ-ын Үндсэн хуулийн хяналтын зөвлөл байгуулах эсэх тухай санал хураалгахад хуралдаанд оролцсон депутатуудын их зонхийн саналаар энэ удаад тийм зөвлөл байгуулах шаардлагагүй гэж үзсэн юм.
1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдснаар Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх шүүх байгуулах эрх зүйн үндэс бүрджээ. Үндсэн хуулийн хяналтын механизмыг бий болгосон нь шинэ Үндсэн хуулийн нэг ололт, шинэлэг тал байлаа. Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн нэгд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мөн” хэмээгээд Үндсэн хуулийн цэцийн бүтэц, үйл ажиллагааны зарчим, эрх хэмжээг хуульчлан тунхаглажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийг “Цэц” хэмээн нэрлэсэн нь бас учиртай. Я.Цэвэл абугайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Цэц 1. Юмны онч, цэц булаалдах, цэц харвах, цэц хэлэлцэх, 2. Буу зэвсгийн зорьсон газартаа онож тусахдаа сайны нь, бууны цэц үзэх” хэмээн тайлбарласан байна. Тэгэхлээр асуудлын ончийг олж мэргэн шийдвэрлэх гэсэн үгийн утгаар энэ үгийг оноон тавьж сонгон авсан нь илэрхий байна. Утгын хувьд бас монгол төрийн болон үндэсний уламжлалыг бодолцсон аж. Энэ нь нэг талаас, Их Монгол Улсын үеэс хаанд зөвлөх эрх бүхий Цэцдийн (Сэцдийн) зөвлөл ажиллаж, Цэц гэдэг үгийг төрийн чухал институтийн нэр болгож байсан төрийн түүхэн уламжлалыг, нөгөө талаас, монгол үндэсний сонгодог спорт-эрийн гурван наадмын гол цөм-бөхийн маргааныг магадлан шийдвэрлэдэг, хөлийн цэц дээр үеэс ажиллаж, асуудлыг ончтой зөв шийдэж ирсэн үндэсний уламжлалыг бодолцсон хэрэг юм. Гол нь улсын эх хуулийг онч мэргэнээр сахин хамгаалах утгыг бэлгэдэж, Үндсэн хуулийн цэц хэмээн нэрлэсэн болой.
Монгол Улсын Бага Хурлын 1992 оны хаврын V чуулганы 7-р сарын 1-ний өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн анхны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Асуудлыг хэлэлцэхэд Улсын Бага Хурлын гишүүдийн 67.9 хувь нь оролцсон байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд хууль ёсоор Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс тус бүр гурван хүний нэр дэвшүүлжээ. Харин Улсын дээд шүүхээс нэр дэвшсэн Б.Пүрэв: Цэцэд янз бүрийн мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл оруулах, Цэцийн гишүүдийн бүрэлдэхүүнийг улам чанаржуулах гэсэн үндэслэлээр нэрээ татаж авсан байна.
Ингээд Улсын Бага Хурлын гишүүд санал хураалт явуулахад, Улсын Их Хурлын санал болгосноор Гэндэнгийн Нямдоо, Цэндийн Цолмон, Дамбадаржаагийн Чилхаажав нарыг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Жавхлангийн Бямбаа, Наваанпэрэнлэйн Жанцан, Галдангийн Совд нарыг, Улсын дээд шүүхийн санал болгосноор Лэгцэгийн Баасан, Баасайн Дангаасүрэн нарыг тус тус Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Харин 7-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Жамцын Чойжанцанг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон байна. Ингэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнтэй болжээ.
Улсын Их Хурлын чуулганы 1997 оны 7-р сарын 7-ний өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн төсөв, цалингийн санг тогтоосон байна.
Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан
засварлахҮндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.
Үндсэн хуулийн цэц дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:
- Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
- Зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
- Ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
- Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
- Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх;
- Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.
Цэц шийдвэрээ Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргадаг. Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болдог
Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан шийдвэрийг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ:
- хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /тогтоол/;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр;
- Засгийн газрын шийдвэр /захирамж, тогтоол/;
- Монгол Улсын олон улсын гэрээ;
- ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллага /Сонгуулийн ерөнхий хороо/-ын гаргасан шийдвэр /тогтоол/.
Цэц дор дурдсан албан тушаалтнуудыг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана:
- Монгол Улсын Ерөнхийлөгч;
- Улсын Их Хурлын дарга;
- Ерөнхий сайд.
Маргааны харьяалал
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Цэц дараах хэргийн харьяаллыг тогтооно:
Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.
Иргэн, байгууллагаас Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргаагүй ч Цэцийн гишүүний санаачилгаар Цэцийн их суудлын хуралдаан хуралдаж болно.
Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно.
Цэцийн гишүүн, түүний бүрэн эрхийн баталгаа
засварлахҮндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилдог. Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно. Шинээр буюу нөхөн томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөсөө эхлэн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.
Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар олонхын саналаар 3 жилийн хугацаатай сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно. Үндсэн хуулийн цэц өөрийн онцлох бэлгэ тэмдэгтэй бөгөөд хуралдааны явцад гишүүд олон улсын жишиг, Монгол төрийн уламжлалыг харгалзан үйлдсэн өмсгөлтэй байна.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг сонгон томилохдоо өндөр шаардлага тавихын зэрэгцээ тэдний хараат бус байдлыг хангах, бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх талаар төрөөс онцгой анхаарал тавьдаг.
Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эсхүл эрүүл мэндийн улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноос бусад тохиолдолд хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түүнийг уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэх хориотой. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу чөлөөлсөн бол түүнийг гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангадаг.
Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналтын тухай
засварлахМонгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьдаг цорын ганц байгууллага юм. Харин Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг бусад байгууллагууд бий. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль бол тухайн улс орны төрийн байгуулалтын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, бүрэн эрх, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хуульчлан бэхжүүлж, бусад хууль тогтоомжийн хууль зүйн эх сурвалж болдог учраас юуны өмнө төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурал, түүний гишүүд болон байнгын хороод бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн биелэлтэд байнгийн хяналт тавих үүрэгтэй. Түүнчлэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалах талаар ардчилалын баталгаа болсон шүүхийн байгууллагын чиг үүрэг бол Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих явдал юм. Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд прокуророос тавих хяналтын гол хэсгийг Үндсэн хуулийн хяналт эзэлдэг.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн хяналт Үндсэн хуульд хяналт тавьдаг бусад байгууллага, албан тушаалтны хяналтаас ямар ялгаатай вэ, тэрхүү хяналтыг заавал "дээд" хяналт гэж онцлохын хэрэг юу вэ гэдэг асуудал гарах нь зүйн хэрэг.
Нэгдүгээрт, дээрх байгууллага, албан тушаалтнууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулиас гадна бүх хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй. Үндсэн хуулийн цэц нь зөвхөн Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Цэц бусад хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянахаас бус тэдгээрийн биелэлтэд хяналт тавьдаггүй. Энэ утгаараа Үндсэн хуулийн цэцийн хяналтын үйл ажиллагаа нь объектын хувьд нэлээд явцуу байхаар Үндсэн хууль болон Цэцийн тухай хуулиар заагдсан байдаг.
Хоёрдугаарт, Цэц дор дурдсан албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана:
- Монгол Улсын Ерөнхийлөгч
- Улсын Их Хурлын дарга, гишүүд
- Монгол Улсын Ерөнхий сайд
- Засгийн газрын гишүүд
- Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч
- Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэхэд Цэц хяналт тавих болно.
Гуравдугаарт, Цэцийн Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хүлээн авч магадлал, дүгнэлт, тогтоол гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх асуудлууд ч гэсэн Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй бусад байгууллагын шийдвэрлэх асуудлаас эрс ялгаатай.
Үндсэн хуулийн цэцийн хяналтыг "Дээд хяналт" гэж хуульчлахын гол учир нь: 1-рт Цэцийн хяналтын зүйл нь хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай Үндсэн хууль байдаг. 2-рт Цэцийн хяналтын объект нь төрийн дээд байгууллага, түүний өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг биелүүлэх талаар мэргэжлийн өөр ямар ч байгууллагад харьяалагддаггүй байгууллага, албан тушаалтнуудад хяналт тавьдаг. 3-рт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийг давж заалдах, өөрчлөх, хүчингүй болгох, эрх бүхий байгууллага, албан тушаалтан байдаггүйд оршино.
Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналтаа хэрэгжүүдэг арга нь: 1-рт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан үзэж, дүгнэлт гаргах. 2-рт Уг маргааныг магадлан шийдвэрлэх явдал юм. Европын Үндсэн хуулийн шүүхийн загвар ёсоор дээр дурдсан хоёр эрх мэдлийг хэрэгжүүлэгч субьект нь Үндсэн хуулийн шүүх гэсэн нэртэй байдаг бөгөөд Үндсэн хуулийн цэц нь шүүх төдийгүй, зөвхөн Үндсэн хуулиар харъяалуулсан төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн өндөр албан тушаалтан Үндсэн хуулийн заалтыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, тэдгээрийн үйл ажиллагаанд Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх талаар гарсан маргаанд дүгнэлт гаргах, магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий Үндсэн хуулийн ардчиллын баталгаа болдог юм.
Цэцийн бүрэлдэхүүн
засварлахОдоогийн бүрэлдэхүүн
- Гунгаагийн Баясгалан - Үндсэн хуулийн цэцийн дарга
- Жуужаагийн Эрдэнэбулган - Үндсэн хуулийн цэцийн гишүүн
- Дашбалбарын Гангабаатар - Үндсэн хуулийн цэцийн гишүүн
- Лувсандоржийн Өлзийсайхан - Үндсэн хуулийн цэцийн гишүүн
- Одонхүүгийн Мөнхсайхан - Үндсэн хуулийн цэцийн гишүүн
- Эрдэнээгийн Энхтуяа - Үндсэн хуулийн цэцийн гишүүн
- Цэдэвийн Цолмон - Үндсэн хуулийн цэцийн гишүүн
- Бямбадоржийн Болдбаатар - Үндсэн хуулийн цэцийн гишүүн
- Рагчаагийн Батрагчаа - Үндсэн хуулийн цэцийн гишүүн
Үе үеийн цэцийн бүрэлдэхүүн
дд | Овог нэр | Албан тушаал | Ажилласан хугацаа |
---|---|---|---|
1992 оны цэцийн бүрэлдэхүүн | |||
1 | Галдангийн Совд | Цэцийн дарга | 1992-1998 |
2 | Гэндэнгийн Нямдоо | Цэцийн гишүүн | 1992-1995 |
3 | Цэндийн Цолмон | Цэцийн гишүүн | 1992-1997 |
4 | Дамбадаржаагийн Чилхаажав | Цэцийн гишүүн | 1992-2004 |
5 | Лэгцэгийн Баасан | Цэцийн гишүүн | 1992-1998 |
6 | Жавхлангийн Бямбаа | Цэцийн гишүүн | 1992-1998 |
7 | Баасайн Дангаасүрэн | Цэцийн гишүүн | 1992-1993 |
8 | Жамбын Чойжанцан | Цэцийн гишүүн | 1992-1994 |
9 | Наваанпэрэнлэйн Жанцан | Цэцийн гишүүн | 1992-1998 |
1996 оны цэцийн бүрэлдэхүүн | |||
1 | Галдангийн Совд | Цэцийн дарга | 1992-1998 |
2 | Наваанпэрэнлэйн Жанцан | Цэцийн гишүүн | 1998-2004 |
3 | Чимэдийн Энхбаатар | Цэцийн гишүүн | 1994-2001 |
4 | Суурийн Жанцан | Цэцийн гишүүн | 1993-1999 |
5 | Жавхлангийн Бямбаа | Цэцийн гишүүн | 1992-1998 |
6 | Жанлавын Бямбажав | Цэцийн гишүүн | 1996-2002 |
7 | Дамбадаржаагийн Чилхаажав | Цэцийн гишүүн | 1992-2004 |
8 | Лэгцэгийн Баасан | Цэцийн гишүүн | 1992-1998 |
2003 оны цэцийн бүрэлдэхүүн | |||
1 | Наваанпэрэнлэйн Жанцан | Цэцийн дарга | 2005-2011 |
2 | Дамбадаржаагийн Чилхаажав | Цэцийн гишүүн | 1992-2004 |
3 | Лувсандоржийн Ренчин | Цэцийн гишүүн | 2002-2005 |
4 | Жигжидийн Болдбаатар | Цэцийн гишүүн | 1998-2005 |
5 | Жүгнээгийн Амарсанаа | Цэцийн гишүүн | 1998-2004 |
6 | Чоймжуурын Дашням | Цэцийн гишүүн | 2001-2007 |
7 | Ванчийн Удвал | Цэцийн гишүүн | 1998-2005 |
8 | Цэрэнбалтавын Сарантуяа | Цэцийн гишүүн | 2001-2007 |
9 | Намжилын Чинбат | Цэцийн гишүүн | 1998-2004 |
Дашдоржийн Дэмбэрэлцэрэн | Цэцийн гишүүн | 1999-2000 | |
2005 оны цэцийн бүрэлдэхүүн | |||
1 | Жамсрангийн Бямбадорж | Цэцийн дарга | 2004-2010 |
2 | Наваанпэрэнлэйн Жанцан | Цэцийн гишүүн | 2005-2011 |
3 | Пунсалмаагийн Очирбат | Цэцийн гишүүн | 2004-2010 |
4 | Лувсандоржийн Ренчин | Цэцийн гишүүн | 2002-2005 |
5 | Жигжидийн Болдбаатар | Цэцийн гишүүн | 2005-2012 |
6 | Чоймжуурын Дашням | Цэцийн гишүүн | 2001-2007 |
7 | Даваасүрэнгийн Наранчимэг | Цэцийн гишүүн | 2005-2011 |
8 | Цэрэнбалтавын Сарантуяа | Цэцийн гишүүн | 2007-2013 |
9 | Жүгнээгийн Амарсанаа | Цэцийн гишүүн | 2005-2011 |
2012 оны цэцийн бүрэлдэхүүн | |||
1 | Жүгнээгийн Амарсанаа | Цэцийн дарга | 2012-2016 |
2 | Цэрэнбалтавын Сарантуяа | Цэцийн гишүүн | 2001-2013 |
3 | Пунсалмаагийн Очирбат | Цэцийн гишүүн | 2010-2016 |
4 | Наваанпэрэнлэйн Жанцан | Цэцийн гишүүн | 2005-2011 |
5 | Даваасүрэнгийн Наранчимэг | Цэцийн гишүүн | 2011-2018 |
6 | Тогоочийн Лхагва | Цэцийн гишүүн | 2012-2018 |
7 | Дүгэржавын Мөнхгэрэл | Цэцийн гишүүн | 2007-2013 |
8 | Банзрагчийн Пүрэвням | Цэцийн гишүүн | 2007-2013 |
9 | Дуламын Сугар | Цэцийн гишүүн | 2012-2018 |
2017 оны цэцийн бүрэлдэхүүн | |||
1 | Доржийн Одбаяр | Цэцийн дарга | 2017-2019 |
2 | Шарын Цогтоо | Цэцийн гишүүн | 2013-2021 |
3 | Наваанпэрэнлэйн Жанцан | Цэцийн гишүүн | 2012-2017 |
4 | Тогоочийн Лхагва | Цэцийн гишүүн | 2012-2018 |
5 | Дуламын Сугар | Цэцийн гишүүн | 2012-2018 |
6 | Дондовын Ганзориг | Цэцийн гишүүн | 2013-2019 |
7 | Дамдинсүрэнгийн Солонго | Цэцийн гишүүн | 2013-2021 |
8 | Даваасүрэнгийн Наранчимэг | Цэцийн гишүүн | 2011-2018 |
9 | Намжилын Чинбат | Цэцийн гишүүн | 2017-2022 |
Наваанпэрэнлэйн Жанцан | Цэцийн дарга | 2016-2017 | |
2018 оны цэцийн бүрэлдэхүүн | |||
1 | Доржийн Одбаяр | Цэцийн дарга | 2017-2019 |
2 | Намжилын Чинбат | Цэцийн гишүүн | 2017-2022 |
3 | Дондовын Ганзориг | Цэцийн гишүүн | 2013-2019 |
4 | Шарын Цогтоо | Цэцийн гишүүн | 2013-2021 |
5 | Дамдинсүрэнгийн Солонго | Цэцийн гишүүн | 2013-2021 |
6 | Шилагарьдын Солонго | Цэцийн гишүүн | 2018-2024 |
7 | Батсүхийн Буяндэлгэр | Цэцийн гишүүн | 2018-2024 |
8 | Цагааны Нанзаддорж | Цэцийн гишүүн | 2018-2024 |
9 | Гомбожавын Туулхүү | Цэцийн гишүүн | 2018-2024 |
2020 оны цэцийн бүрэлдэхүүн | |||
1 | Намжилын Чинбат | Цэцийн дарга | 2019-2023 |
2 | Доржийн Одбаяр | Цэцийн гишүүн | 2018-2023 |
3 | Шарын Цогтоо | Цэцийн гишүүн | 2013-2021 |
4 | Дамдинсүрэнгийн Солонго | Цэцийн гишүүн | 2013-2021 |
5 | Батсүхийн Буяндэлгэр | Цэцийн гишүүн | 2018-2024 |
6 | Цагааны Нанзаддорж | Цэцийн гишүүн | 2018-2024 |
7 | Гомбожавын Туулхүү | Цэцийн гишүүн | 2018-2024 |
8 | Шилагарьдын Солонго | Цэцийн гишүүн | 2018-2024 |
9 | Гунгаагийн Баясгалан | Цэцийн гишүүн | 2019-2023 |
2021 оны цэцийн бүрэлдэхүүн | |||
1 | Намжилын Чинбат | Цэцийн дарга | 2019-2023 |
2 | Доржийн Одбаяр | Цэцийн гишүүн | 2018-2023 |
3 | Дамдинсүрэнгийн Солонго | Цэцийн гишүүн | 2013-2021 |
4 | Батсүхийн Буяндэлгэр | Цэцийн гишүүн | 2018-2024 |
5 | Гомбожавын Туулхүү | Цэцийн гишүүн | 2018-2024 |
6 | Цагааны Нанзаддорж | Цэцийн гишүүн | 2018-2024 |
7 | Шилагарьдын Солонго | Цэцийн гишүүн | 2018-2024 |
8 | Гунгаагийн Баясгалан | Цэцийн гишүүн | 2019-2025 |
9 | Жуужаагийн Эрдэнэбулган | Цэцийн гишүүн | 2021-2027 |
2022 оны цэцийн бүрэлдэхүүн | |||
1 | Намжилын Чинбат | Цэцийн дарга | 2019-2023 |
2 | Доржийн Одбаяр | Цэцийн гишүүн | 2018-2023 |
3 | Шилагарьдын Солонго | Цэцийн гишүүн | 2018-2024 |
4 | Батсүхийн Буяндэлгэр | Цэцийн гишүүн | 2018-2024 |
5 | Цагааны Нанзаддорж | Цэцийн гишүүн | 2018-2024 |
6 | Гомбожавын Туулхүү | Цэцийн гишүүн | 2018-2024 |
7 | Гунгаагийн Баясгалан | Цэцийн гишүүн | 2019-2025 |
8 | Жуужаагийн Эрдэнэбулган | Цэцийн гишүүн | 2021-2027 |
9 | Дашбалбарын Гангабаатар | Цэцийн гишүүн | 2021-2027 |
Дарга нар
засварлахд.д | Овог нэр | Ажилласан хугацаа |
---|---|---|
1 | Галдангийн Совд | 1992 - 1998 |
2 | Наваанпэрэнлэйн Жанцан | 1998 - 2004 |
3 | Жамсрангийн Бямбадорж | 2004 - 2010 |
4 | Жүгнээгийн Амарсанаа | 2012 - 2016 |
5 | Наваанпэрэнлэйн Жанцан | 2016 - 2017 |
6 | Доржийн Одбаяр | 2017 - 2019 |
7 | Намжилын Чинбат | 2019 - 2023 |
8 | Гунгаагийн Баясгалан | 2024 - |
Цэцийн онцлох тэмдэг
засварлахМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Онцлох тэмдэг” нь дугуй хэлбэртэй, хөвөөгөөр нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц” хэмээн кирилл үсгээр эмжин бичсэн, доод талд нь эр, эм загас, гол хэсэгт нь хар, цагаан тавиуртай дэнс, хөвчлөн татсан нум сумыг хослон байрлуулсан байна.
Онцлох тэмдгийн доод талд буй эр, эм хоёр загас нь эл байгууллага бол Үндсэн хуулиа нүд үл цавчин, сонор соргог манах төдийгүй арга билгийг шүтэн барилдуулж үйл ажиллагаагаа явуулна гэсэн санааг илэрхийлнэ. Уг тэмдгийн төв хэсэгт байрлуулсан хар цагаан тавиуртай тэгш хэмийн дэнс нь Үндсэн хуулийн аливаа маргааныг төрийн алтан буулга мэт цааз эрхэмжийг чанд баримтлан, үүдэн буй асуудлыг оюун ухаандаа ширгээн тунгааж хуудуугүй нягт магадлан шийдвэрлэх утгыг илтгэнэ. Харин хөвчлөн татсан нум сум нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр тусгалаа олсон онч мэргэн, хурц цэгц байхыг билэгдэнэ.
“Монгол Улсын Үндсэн хуулийн цэц” гэсэн бичиг, эр, эм хоёр загасны дүрслэл, тэдгээрийг байрлуулсан дугуй хүрээ нь мандан бадрах нарыг бэлэгдсэн алтан шаргал өнгөтэй; дэнс, хөвчлөн татсан нум сумыг байрлуулсан дотор дугуй дэвсгэр нь мөнх тэнгэрийг бэлэгдсэн хөх цэнхэр өнгөтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Онцлох тэмдгийг өнгө ялгаж болон өнгө ялгахгүйгээр үйлдэж, дүрсэлж болно.