Юрий Владимирович Андропов (1914 оны 6 дугаар сарын 2 [15]-нд Оросын эзэнт гүрний Ставрополь мужийн Нагуцкая өртөөнд төрсөн - 1984 оны 2-р сарын 9-нд, ЗХУ-ын Москва хотод нас барсан) - Зөвлөлтийн төр, улс төрийн зүтгэлтэн, 1982-1984 онд ЗХУ-ын удирдагч. ЗХУ-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга (1982-1984), ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга (1983-1984). ЗХУ-ын алдарт КГБ буюу Улсын Аюулгүй байдлын хорооны дарга (1967-1982).

Юрий Андропов

1982 онд ЗХУ-ын Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, ЗХУ-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга (1962-1967), 1973 оноос ЗХУ-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн (1967 оноос орлогч гишүүн). ЗХУ-ын Дээд Зөвлөлийн 3, 6-10-р хурлын депутат. Социалист Хөдөлмөрийн баатар (1974).

Тэрээр 1930 онд Коммунист залуучуудын эвлэлд элсээд хотын шууданд, Төмөр замын клубт киномеханигчийн туслах хийж байсан байна. 1932 он хүртэл эхийнхээ хамт Моздок-т амьдарч байсан. 7 жилийн дунд сургууль төгсөөд Ижил мөрнөөр усан онгоц дээр ажилчин байжээ. 1932 онд техникум орж 1936 онд төгсөөд Рыбинск хотын усан тээврийн Залуучуудын Эвлэлийн хорооны дарга болжээ. 1935 онд Нина Ивановна Енгалычеватай гэрэлсэн байна. Тэд нар Евгения, Владимир гэж хоёр хүүхэдтэй болсон байна.

1938 оны сүүлчээр Ярославль хотын Залуучуудын Эвлэлийн хорооны дарга болж 1940 онтой золгосон байна.

1940 оны 6-р сард Ю.Андропов Карел-Фины ЗХУ-ын Залуучуудын эвлэлийн хорооны даргаар сонгогдоход эхнэр хүүхдүүд нь явахгүй гээд Ярославльд үлдсэн байна. Шинэ газар тэрээр Татьяна Филипповна Лебедеватай танилцаж дайны өмнө гэрлээд 1941 оны 8-р сард Игорь гэж хүүтэй болжээ.

Юрий Андроповыг дайны жилүүдэд улсын залуучуудыг дайчлах, дайны улмаас сүйрсэн үндэсний эдийн засгийг сэргээх, Карелийн партизаны хөдөлгөөнийг зохион байгуулахад оролцсон ажлыг нь үнэлж одон медалиудаар шагнуулсан байна.

Тэрээр дайны дараа 1946-1951 онд ЗХУ-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургууль, нэгэн зэрэг Петрозаводск дахь Карело-Финландын улсын их сургуулийн түүх, филологийн факультетэд суралцсан байна.

1951 оны 6-р сарын 21-нд Карелийн дарга Отто Куусиненийн дэмжлэгээр Большевикуудын Бүх Холбооны Коммунист Намын Төв Хорооны шийдвэрээр түүнийг Москвад Большевикуудын Бүх Холбооны Коммунист Намын Төв Хорооны аппаратад шилжүүлжээ. Төв Хорооны байцаагчийн хувьд тэрээр Балтийн Зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудын намын байгууллагуудын ажлыг удирдаж байв.

1953 оны 5-р сарын 15-наас В.Молотовын санал тавьсанаар Андропов ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд Европын 4-р (Польш, Чехословак, Румын) газрын эрхлэгчээр ажилах болжээ.

1953 онд Унгар дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр томилогдож дараа нь 1954-1957 онд Элчин сайдаар ажиллаж, 1956 оны Унгарын бослогыг дарах ажилд оролцсон байдаг юм.

1957-1967 онд тэрээр ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны социалист орнуудын коммунист намууддтай харилцах хэлтсийн эрхлэгчээр ажилласан байна.

1967 оны 5 дугаар сарын 10-нд ЗХУ-ын УАХХ-ны /КГБ/ даргаар томилогдсон. 1973 оны 12-р сард түүд хурандаа генерал цол, 1974 онд Социалист Хөдөлмөрийн баатар, 1976 онд Армийн генерал цол олгосон юм.

1982 оны 5-р сард Андропов М.А.Сусловыг нас барсны дараа чөлөөлөгдсөн ЗХУ-ын Төв Хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд сонгогдсонтой холбогдуулан ЗХУ-ын КГБ-ын даргын албан тушаалаа орхисон байна.

Л.И.Брежневийг 1982 оны 11 дүгээр сарын 10-нд нас барсны дараа 1982 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Юрий Андропов ЗХУ-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болж, ЗХУ-ын албан ёсны удирдагч болжээ.

Юрий Андропов богино хугацаанд (15 сар буюу 1 жил 98 хоног буюу 463 хоног) бүрэн эрхийнхээ хугацаанд нам, төрийн аппаратын ялзралыг арилгах, социалист системийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авч байжээ.

1983 оны 2 дугаар сард бөөрний дутагдал хүндэрсэний дараа түүний биеийн байдал огцом муудаж эмчлүүлсэн боловч 1984 оны 2 дугаар сарын 9-нд нас баржээ.

Юрий Андроповыг Москвагийн Улаан талбайд Кремлийн хананд оршуулах ёслол 1984 оны 2-р сарын 14-ний өдрийн 12 цагт болжээ. Энэхүү ёслолын ажиллагаанд Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жорж Буш зэрэг олон орны төр, засгийн тэргүүн нар оролцсон байна.

Ю.Андроповыг Л.Брежневын үеийн удирдагч Төв хорооны гишүүд дотроос хамгийн ухаантай, олон талын мэдлэгтэй хүн байсан гэдэг бажээ.

Боловсрол

засварлах

Моздокийн долоон жилийн төмөр замын үйлдвэрийн сургууль (одоо - Ю. В. Андроповын нэрэмжит 108-р дунд сургууль) (1924-1931 онд суралцаж, бүрэн курс төгссөн).

Рыбинскийн гол усны техникийн сургууль (1932-1936 онд суралцаж, "Голын тээврийн үйл ажиллагааны техникч" мэргэжлээр төгссөн).

Большевикуудын Бүх Холбооны Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг эчнээгээр төгссөн (1947).

1946-1951 онд Карелийн-Финландын улсын их сургуулийн түүх, филологийн факультетэд (тэр дөрвөн дамжаанд суралцаж, Москвад шилжсэнтэй холбогдуулан их сургуулиа орхисон).