Мишигийн Сономпил
Мишигийн Сономпил (1965 оны 11 сарын 27-нд төрсөн) нь Монгол Улсын улс төрч, бизнесмэн.
Мишигийн Сономпил | |
---|---|
Монгол Улсын Эрчим хүчний сайд | |
Албан тушаал хашсан 2012 оны 8 сарын 20 – 2014 оны 11 сар | |
Ерөнхий Сайд | Норовын Алтанхуяг |
Өмнөх | Дашдоржийн Зоригт (Эрдэс баялаг, эрчим хүчний сайд) |
Дараах | Дашзэвэгийн Зоригт |
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд | |
Албан тушаал хашсан 2006 оны 1 сар – 2007 оны 12 сарын 22 | |
Ерөнхий Сайд | Миеэгомбын Энхболд |
Өмнөх | Цэрэнхүүгийн Шаравдорж |
Дараах | Жамъяндоржийн Батхуяг |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1965 оны 11 сарын 27 Увс, Тэс сум |
Бага нас, боловсрол
засварлахТэрээр 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн бөгөөд 1984 онд Дархан хотын 1-р дунд сургуулийг дүүргэсэн. Улмаар Цэргийн нэгдсэн дээд сургуульд элсэн, 1988 онд ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөөд 1990 он хүртэл Ардын армийн 167 дугаар ангид салаан захирагч, 1991 он хүртэл 50 дугаар ангид техникийн орлогчоор ажиллаж байв.
Бизнес
засварлах1991 онд Сономпил ах Чимэдцэрэнгийнхээ байгуулсан "Залуу Монгол" компанид менежерээр ажиллах болов. Улмаар 1995 онд тус корпорацийн ерөнхийлөгч болж, 2004 онд УИХ-ын гишүүн болох хүртлээ уг албан тушаалыг хашсан. Мөн 2008-2012 онд дахин "Залуу Монгол" корпорацийнхаа ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Улс төр
засварлахУИХ-ын гишүүн байсан Чимэдцэрэн ах нь 1998 оны 5 сард дельтапланы ослоор амь үрэгдэж, 53-р тойрогт нөхөн сонгууль зарлагдахад Ардчилсан Холбоо эвслээс Сономпилийн нэрийг дэвшүүлсэн хэдий ч МАХН-аас нэр дэвшсэн Д.Цэвээнжавт ялагдсан. 2000 оны сонгуульд Монголын Үндэсний Ардчилсан Намаас нэр дэвшиж, мөнөөх Цэвээнжавтаа дахин ялагджээ. 2004 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшин, анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдов.
2006 оны 1-р сард МАХН-ын бүлгийнхэн ерөнхий сайд Цахиагийн Элбэгдоржийн засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж санал хураахад Сономпил намынхаа шийдвэрээс эсрэгээр, засгийн газрыг огцруулах санал өгсөн. Улмаар хамтдаа засгийн газрыг унагаалцсан Мэндсайханы Энхсайхан, Жанлавын Наранцацралт нарын хамт шинээр бүрдсэн Миеэгомбын Энхболдын засгийн газарт батлан хамгаалахын сайдаар ажиллах болов. Үүний улмаас АН-ын гишүүнчлэлээ алдсан тэд мөн оны 5-р сард Үндэсний Шинэ Намыг байгуулжээ. 2007 оны 6 сард Онцгой Байдлын Ерөнхий Газрын Ми-8 нисдэг тэрэг осолдож, 15 аврагч амиа алдсан хэргийн улмаас ерөнхий сайд Энхболд цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын зүгээс улсын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаанд зохих хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ орхигдуулсан гэсэн үндэслэлээр Сономпилийг өөр 2 сайдын хамт огцруулах санал оруулсан ч 8 сарын 17-нд холбогдох байнгын хорооны хурлаар хэлэлцээд, УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гартал УИХ-аар хэлэлцэхийг хойшлуулсан юм. Харин мөн оны 11 сард МАХН-ын их хурлаар Энхболдыг өөрийг нь намын даргаас огцруулсан тул ерөнхий сайдын албаа ч өгөхөөр болж, ийнхүү Энхболдын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход Сономпил албан тушаалаасаа буусан.
2008 оны сонгуульд ҮШН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшсэн ч энэ удаад сонгогдсонгүй, бизнестээ эргэж оров.
2012 оны УИХ-ын сонгууль анх удаа пропорциональ системээр зохион байгуулагдахад Сономпил МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвслийн жагсаалтын 3-рт бичигдэн, улмаар УИХ-ын гишүүн боллоо. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан эвслийн засгийн газарт Сономпил эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байсан. 2016 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдсон. Мөн оны хавар Шударга ёс эвслийн бүлэг тарахад тэрээр Намдагийн Батцэрэг гишүүний хамтаар АН-ын гишүүнчлэлээ сэргээж, АН-ын бүлэгт харьяалагдах болсон.
Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Дархан-Уул аймгийн 43-р тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн боловч МАН-ын Б.Баттөмөрт ялагджээ.
Албан тушаалын хэрэг
засварлахСономпил Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, тус яамнаас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендерт “Хотгор зам” ХХК-ийг ялуулахад нөлөөлснийхөө төлөө уг компаниас өөрийнхөө байгуулсан “Залуу Монгол”-ын дансаар 264 сая төгрөгийн хахууль авсан хэмээн 2019 оны 7 сарын 24-ний өдөр 4 жил хорих ялаар шийтгэгдсэн. Мөн түүний хахуулиар олсон 264 сая төгрөгийг улсын орлого болгожээ. Тэр Дээд шүүх хүртэл давж заалдсан ч 2020 оны 2 сарын 18-нд түүний ялыг хэвээр үлдээсэн.
Гэр бүл
засварлахТүүний ах Мишигийн Чимэдцэрэн нь УИХ-ын гишүүн байсан.