Консулын харилцааны тухай Венийн Конвенц
Консулын харилцааны тухай Венийн Конвенц (Англи: The Vienna Convention on Consular Relations) бол тусгаар улсууд хоорондын консулын харилцааны хүрээг тодорхойлсон Олон улсын гэрээ юм.
Консулын харилцааны тухай Венийн Конвенцийг 1963 оны 3 дугаар сарын 4-нөөс 4 дүгээр сарын 22-ны хооронд Австрийн Вена хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Консулын харилцааны бага хурлаар оролцогчид эцэслэн хэлэлцэж 1963 оны 4 дүгээр сарын 24-нд баталсан байна. Албан ёсны эх хувийг англи, франц, хятад, орос, испани хэлээр үйлдсэн бөгөөд бүгд адил хүчинтэй юм. Уг Конвенц 1967 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон юм.
Энэхүү Конвенцын оршлын дараа уг баримт бичигтэй холбоотой нэр томьёоны тайлбар 1 дүгээр зүйлд орсон байдаг. Залгаад 1. Консулын харилцааны тухай нийтлэг заалт, 2. Консулын байгууллага, орон тооны консулын албан тушаалтан болон консулын байгууллагын бусад гишүүдийн давуу эрх, эрх ямба, дархан эрх, 3. Өргөмжит консулын албан тушаалтан, тэдний тэргүүлсэн консулын байгууллагад хамаарах дэглэм, 4. Нийтлэг заалтууд зэрэг нийт 79 зүйл бүхий үндсэн 4 бүлэгтэй юм.
Энэхүү Конвенцод НҮБ-ын гишүүн болон Ватикан, Палестин зэрэг НҮБ-ын ажиглагч нийт 180 гаруй улс орон нэгдэн орсон байна. Конвенцыг соёрхон батлаагүй улсууд: Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Израил, Кот-д'Ивуар ба Бүгд Найрамдах Конго Улс юм.
Конвенцод нэгдээгүй буюу соёрхон батлаагүй НҮБ-ын гишүүн орнууд байдаг. Үүнд: Афганистан, Бурунди, Чад, Коморос, Гвиней-Бисау, Этиоп, Палау, Сан-Марино, Соломоны арлууд, Өмнөд Судан, Уганда зэрэг орнууд юм.
Монгол Улс 1988 оны 6 сарын 20-нд нэгдэн орсон.