Карл Бенц

(Карл Бенз-с чиглүүлэгдэв)

Карл Фрийдрих Бенц (герм. Karl Friedrich Michael Benz) (* 1844 11-р сарын 25-нд Мюльбургт (Карлсруэ хот); † 1929 оны 4-р сарын 4-нд Ладенбург) нь германы инженер автомашины салбарын анхдагчдын нэг. Түүний 1886 онд патентлуулсан Бенц Патент-Моторт тэрэг дугаар 1 машиныг орчин үеийн автомашины анхдагч гэж үздэг. 1886 оны 1-р сарын 30 тэрээр өөрийн бүтээсэн моторт тэрэгтээ патент авсан.

Карл Бенц
Төрсөн1844 оны арваннэгдүгээр сарын 25
Карлсруэ, Герман
Яс үндэсГерман
Төгссөн сургуульКарлсруэгийн Политехникийн Дээд Сургууль
АжилИнженер, зохион бүтээгч,
үйлдвэрийн эзэн
Юугаараа алдаршсанДэлхийн анхны автомашин
зохион бүтээсэн,
Мерседес-Бенцийг үндэслэгч
Эцэг эхИоханн Георг Бенц (эцэг),
Вайллантын Жозепине (эx)
Гарын үсэг

Амьдрал

засварлах
 
Түүний амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлсэн сууц

Бенцийн Карл нь 1844 оны 11-р сарын 25-нд Вайллантын Жозепине болон Бенцийн Георг Иоханны хүү болон өнөөгийн Карлсруэ хотын Мюльбург дүүрэгт төржээ. Түүний эцэг эх Карлыг төрөхөд гэрлээгүй байсан учир Вайлендын Михайл Фридрих Карл гэдэг нэрийг өгсөн. Түүнээс хойш жилийн дараа буюу 1845 оны 11-р сарын 16-нд Карлын эцэг эх нь хуримаа хийсэний дараа түүний нэрийг Бенцийн Карл Михайл болгон өөрчилсөн бөгөөд тэрээр сүүлд нь энэ нэрээ өөрөө Бенцийн Карл Фридрих болгон дахин өөрчилсөн байна. Карлын эцэг Бенцийн Георг Иоханн нь уурын галт тэрэгний машинист байсан. Энэ уурын галт тэрэгний машинистийн бүхээг онгорхой тул үүнээс шалтгаалан эцэг нь уушигны хорт хавдраар 1846 онд Карлыг 2 настай байхад насан өөд болсон байна. Карлын бэлэвсэн эx нь түүнийг сургуульд сурах төлбөрийг нь төлөхийн тулд хоол хийн зардаг байжээ. 1853 онд Бенцийн Карл нь байгалийн шинжлэх ухаанаар дагнасан лицейд элсэн орж улмаар 1860 оны 9 сарын 30-нд Карлсруэ хотын Политехникийн сургуулийн элсэлтийн шалгалтыг 15 насандаа өгөн тэнцсэн байна. Карл тэнд механик инженерээр суралцсан. Түүний багш нь Фердинанд Редтенбахер гэдэг мужааны гарын дүйтэй нэгэн байсан ба мужааныхаа ажлыг хэрэглээний математикаар илэрхийлэх үндэс суурийг тавин механик инженерийн шинжлэх ухааныг үндэслэгч юм. 1872 оны 7 сарын 20-нд тэрээр Рингерийн Бертатай хуримаа хийсэн. 1888 онд Карлын эхнэр Берта түүний зохион бүтээсэн автомашинаар аялал хийсэн. Энэ аялалын дараа Грозхерцог-Бадын захиргаанаас дэлхийн хамгийн анхны жолооны үнэмлэхийг 1888 оны 8 сарын 1-нд Бенцийн Карлд гардуулсан байна. Тэрээр эхнэр Бертагийн (эхнэр нь түүнийг санхүүжүүлж байсан учир) хамт автомашины аж үйлдвэрлэлийн үндэслэн байгуулагч болсон. Түүнд 1914 оны 11-р сарын 25-нд Карлсруэгийн техникийн их сургуулиас хүндэт Доктор цолыг олгосон байна. 1929 оны 4 сарын 4-нд Бенцийн Карл нь 84 насандаа бронхит өвчний улмаас насан өөд болсон байна.

Бенцийн компани

засварлах
 
Ойролцоогоор 23 настай Рингерийн Берта (1871 он хавьцаа), Бенцийн үйлдвэрийг санхүүжүүлсэн үе
 
25 настай Бенцийн Карл

Бенцийн Карл 1871 онд Манхайм хотод эхнэрийнхээ тусламжтай төмрийн цутгуурын үйлдвэрийг үүсгэн байгуулсан ба сүүлд нь Машины нимгэн төмөр боловсруулах фабрик хэмээн нэрлэсэн. Түүний байгуулсан компани нь хөгжлийн өртөг өндөр байсан учир банк түүнийг хувьцаат компани болгохыг шаардсан. Хувьцаат компанидаа хийж байгаа ажил нь (зохион бүтээгч инженер) Карлын хүсэл мөрөөдөл биш байсан учир тэрээр компаниа бүр орхин шинээр Бенц & Кие. (герм. Benz & Cie) хэмээх хийн моторын үйлдвэр байгуулсан. Энэ ХК-нь 1900 он хүртэл дэлхийн хамгийн том автомашины үйлдвэр байлаа. 1903 онд тэрээр энэ компаниа мөн орхин гарсан.

1906 онд тэрээр Ладенбург хотод Карл Бенц Хөвгүүд нэртэй компанийг хөвгүүдтэйгээ нийлэн нээсэн бөгөөд энэ компани нь автомашинаар мэргэшсэн компани байсан. Өнөөдөр энэ компаний байранд Др. Бенцийн Карлын автомашины музей байдаг.

Түүний өрсөлдөгч зохион бүтээгч инженер Даймлерын Готтлиб түүний найз Майбахын Вилхелм нар нийлэн Бенцийн компанийг очлуурын хоолойн патентыг нь зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн ба шүүх Карлыг үүнд буруутай хэмээн үзсэн байна. Очлуурын хоолой нь моторыг асаахад хэрэглэдэг. 1886 онд энэ хэргийг шүүх хурал болсон бөгөөд үүнээс өмнө буюу хойно нь Даймлер болон Бенц нь хэзээ ч хувиараа танилцаж байгаагүй байна. 1900 онд Даймлер нас барсан. 1926 онд Бенц & Кие. болон Даймлерын Готтлибын үүсгэн байгуулсан Даймлер-Мотор ХХК-ууд хоорондоо нэгдэн Даймлер-Бенц хувьцаат компани болсон байна.

Техникийн бүтээл

засварлах
 
Бенцийн 3 дахь патентын моторт тэрэг, үүнийг эхнэр нь унаад Манхаймаас Пфорцхайм хүртэл явсан

Бенцийн Карл 1878/79 онд шахалтгүй хоёр такттай мотор, сүүлд нь хөнгөн дөрвөн такттай моторыг зохион бүтээсэн. Мөн Бенц нь бусад автомашины эд хэсэг болох дифференциал хөтлөгч, очлуур, залах тэнхлэг, ременээр түлхэх авалцуур, карбюратор, ус хөргөгч болон араа солих механизмыг зохион бүтээсэн байна.

Тэрээр анхныхаа бензин хөдөлгүүртэй автомашин Бенц Патент-Моторваген дугаар 1 гэх нэртэй гурван дугуйтай, дотоод шаталтын хөдөлгүүртэй мөн цахилгаан асаалтын систем бүхий автомашинаараа 1885 оны зун Манхайм хотод анх унаж явсан байна. Энэ тэрэг нь түлхэх удирдлага бүхий нэг цилиндрт-дөрвөн такттай мотортой, 250/мин эргэлтэнд 0,67 морины хүч бүхий чадалтай тэрэг байв. Түүний хамгийн дээд хурд нь 16 км/цаг хүрч байжээ. Ингээд 1886 оны нэгдүгээр сарын 29-нд эзэнт гүрний патентын байгуулагад Карл Фрийдрих Бенц нь автомашинаа 37345 гэсэн дугаарт бүртгүүлсэнээр аж үйлдвэржилтийн түүхийг бичсэн юм.[1]

Гэвч олон түмэн түүний зохион бүтээсэн автомашиныг ажлын морьгүй тэрэг байна гэх мэтээр ихэд доог тохуу хийдэг байлаа. Нөгөө талаас Манхайм хотын 1886 оны есдүгээр сард гарсан өдөр тутмын сонинд „энэхүү тэрэг нь ихээхэн ирээдүйтэй тэрэг, учир нь хэрэглэхийн тулд олон зүйл хийх шаардлага байхгүй мөн хямд өртөгөөр хурдан хугацаанд бизнес аялагчид болон жуулчдыг ч тээвэрлэх бололцоотой“ гэж бичиж байжээ. Карл Бенц ч мөн ингэж хардаг байсан учир өөрийн автомашинаа үргэлж улам сайжруулахыг хичээдэг байв.

Бенцийн Берта нь 1888 онд өөрсдийн хүүхдүүд болох Б. Ойген болон Б. Ричардын хамт анхны холын зайн аялал хийсэн ба аялал нь Манхаймаас Пфорцхайм хүртэл (ойролцоогоор 140 км зайтай) замыг 12 цаг 57 минутанд туулан хүрсэн байна.[2] Энэ зам дагуу байрлах хотын эмийн сан нь дэлхийн хамгийн анхны бензин түгээх газар болсон бөгөөд тухайн үед аялалаар явсан тэдэнд лигрой түлш болгон нийлүүлсэн байна.

Бенцийн Карл нь сүүлд өөрийн дурдатгалдаа „Миний амьдралын хүнд өдрүүдэд ганцхан хүн л амьдралын завинд дотор минь бүх зүйл сайхан болно хэмээн тэвчээртэй хүлээсэн. Энэ бол миний эхнэр байсан. Завины маань далбааг шинээр дэлгэхдээ эрч хүч урам зоригийг надад бэлэглэсэн.“[3] хэмээн бичсэн байдаг.

1888 онд Мюнхен хотын ``Хүчний- болон ажлын машины үзэсгэлэн``-д оролцсон ба хэдийгээр энэ тэрэг нь германаас гадна олонд танигдсан байсан боловч худалдан авагчид сонирхохоос цаашгүй байлаа. 1889 онд Бенц шинэ загвараа Парисын дэлхийн үзэсглэн худалдаанд танилцуулжээ. Тухайн үедээ Франц нь хамгийн сайн замтай хот байсан ба удалгүй автомашины түгэн дэлгэрэх үйл явц ч мөн эндээс эxэлсэн юм.

  1. Тэсэрсэн шинэ санаа: Автомашины 125 жилийн ой – Түүхэн зургууд heise Autos; Stand: 2. März 2011.
  2. ARD-Долоо хоногийн сэдэв „Aвтомашинт хүн“ Kарл & Берта
  3. Бенцийн Карлын амьдралын дурдатгал in mercedes-benz-classic.com