Иоханн Иериг (герман. Johann Jährig; 1747 оны 3-р сарын 17-нд Германы Херрнхааг тосгонд төрсөн—1795 оны 6-р сарын 15-нд Оросын хаант улсын Санкт-Петербургт нас барсан) — германы болон оросын төвөд, монгол судлаач, угсаатан зүйч, хэл зүйч, орчуулагч, газрын зураг зүйч, аялагч, байгаль болон ургамал судлаач, зурхайч хүн.

Дэлхийд төвөд хэлний дүрмийг боловсруулсан анхны эрдэмтэн.

Иоханн Иериг Германы Херрнхааг (герман. Herrnhaag) тосгонд, өнөөгийн Бюдинген хотын орчим, Иоханн Готтлиб Иериг (герман. Johann Gottlieb Jährig), Анна Барбара Иериг (герман. Anna Barbara Jährig) нарын хүү болж мэндэлжээ.

Эцэг эх нь 1751 оноос өмнө Херрнхаагад суурьшсан Моравын ах дүүс шашны гишүүд байв. Шашны бүлгийнхэн 1751 онд Грошенерсдорф руу нүүж явсны дараа Иериг 1752 он хүртэл асрамжийн газар амьдарч байжээ.

1760 оны 6-р сарын 9-нд Иериг Хернхут дахь хамтран амьдрагч бүлэгт оржээ. 1766 оны 6-р сарын 11-нд түүнийг Барби руу хэвлэгчээр бүлгээс илгээсэн байна. 1769 оны 10-р сарын 13-нд тэрээр Германаас оросын Ижил мөрөн дахь Сарепта (өнөөгийн Волгорад орчим) хэмээх герман хүмүүсийн суурьшил газар амьдрах болжээ. 1770 оноос Иериг халимагуудтай холбоо тогтоож, тэдний хэлийг сурсан байна. Иериг өөрийн хэвлэх компанийг алдагдалтай ажиллуулж байсан тул бүлгийн ахмадын чуулганд оролцох эрхгүй болж 1773 онд түүнийг ахан дүүсийн үлгээс хөөжээ. Иериг Сарептаг орхиж, Астрахань руу явуулах ёстой болов. 1774 онд Иериг Питер Саймон Палластай уулзаж, Эзэн хааны шинжлэх ухааны академид албан тушаал очсон байна. 1780 оны 4-р сард тэрээр Сарептад дахин очив. 1780 оны 6-р сард Саратовоос Хятадын хил хүртэл хөдөлжээ. Тэрээр 1790 онд Анагаах ухааны коллежийн ажлаар томилолтоор явахдаа Петербургээс Хятадын хил хүртэл явжээ. Мөн онд тэрээр Гёттингений Шинжлэх Ухааны Академийн корреспондент гишүүнээр сонгогдов.

И.Иериг 1792 онд тэрээр "Төвд хэлний дүрмийн товч тайлбар" (герман. "Anfangsgründe der Tibätischen Schrift und Sprach-lehre") зохиолоо унгарын төвөд судлалыг үндэслэг Кёрёси Цома Сандор (унгар. Kőrösi Csoma Sándor)-оос 42 жилийн өмнө бичжээ. Төвөдийн утга зохиолын дурсгалт зүйлсээс мөн орчуулсан байна. Иоханн Иериг төвд хэл сурч, Далай ламын захидлын орчуулгыг Петербургийн Шинжлэх ухааны академид илгээж байжээ.

1794 онд тэрээр “Монгол хэлний толь бичиг, дүрэм” (герман. “Mongolischer Worterspiegel”) боловсруулан эмхэтгэж чаджээ.

Тэрээр Ижил мөрний орчим ард түмний амьдрал, хэлийг судалжээ. Иэриг Ижил мөрний халимагуудын түүх, ёс зүй, зан заншил, хэрхэн тэднийг эмчлэх арга барилын талаар өгүүлэл бичсэн байна.

Тэрээр Астрахань, Оренбург, Эрхүү, Галуут нуур, Хахирай, Хиагт зэрэг бүс нутгуудын халимаг, монгол, буриад, тангуд аялгуу, эртний дурсгалуудыг судалж, угсаатны зүй, хэл шинжлэлийн шинж чанартай асар их хэмжээний үнэт материал цуглуулсан байна. Иериг Сибирь даяар янз бүрийн экспедицид оролцож, эмийн ургамал, эрдэс бодис, өвс ургамал, амьтан, газарзүйн тодорхойлолт гэх мэтийн дээжийг Оросын Санкт-Петербургийн Шинжлэх ухааны академид илгээж байжээ.

Мөн түүнийг Сэлэнгэ мөрний орчимд материал цуглуулахаар явуулсан байдаг юм. Иериг аяллынхаа үеэр Тобольск хотоос Хиагт хүрэх замын нарийвчилсан газрын зураглалыг тодорхойлж, эмхэтгэж, Сэлэнгээс Эрхүү хүрэх замыг байр зүйн нарийвчилсан мэдээллээр олж тогтоожээ. Дараа нь Иериг Байгаль нуурын уулархаг бүс нутгийг судалж, энэ бүс нутгаас эмийн болон ховор ургамлын баялаг цуглуулгатай буцсан байна.

Эрхүүгийн амбан захирагчийн даалгавараар Эрхүү мужид эрт дээр үеэс өнөөг хүртэл амьдарч байсан ард түмний түүхийг дэлгэрэнгүй бичжээ. Байгаль нуурын буриадуудын түүх, ахуй амьдралыг судалсан байна. Судлаач удаан хугацааны туршид ямар ч санхүүгийн дэмжлэггүйгээр соёл иргэншлээс хол хүнд нөхцөлд ажилласан байдаг.

Иериг мөн зурхайн чиглэлээр суралцсан. Тэрээр Энэтхэг гаралтай зурхай судлалын мөн чанарыг судалж, тайлбарласан.

Эрдэмтэн аяллынхаа үеэр нутгийн ард түмний ном судар, гар бичмэл олж авч Оросын Шинжлэх ухааны академийн номын санг баяжуулсан юм. 80-аад онд XVIII зуун болон Кунсткамерагийн буддын шашны цуглуулгууд голчлон Иеригийн ачаар аривжсан юм. Тэрээр ариун нандин зургуудыг цуглуулж, эх хувь, заримдаа бүр өөрөө хийсэн хуулбарыг илгээдэг байжээ.

Иоханн Иериг 1795 оны 6-р сарын 15-ны өглөө Санкт-Петербургт нас баржээ.