Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг музей юм.
Түүхэн тойм
засварлах1965 оноос Музей үүсгэн байгуулах ажилэхэлж 1966 оны долоодугаар сарын 23-ны өдөр нээгдэн, орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл болон эрт үеэс нааш уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн ховор бүтээлүүдийг ард түмэнд үзүүлэн сурталчилж эхэлсэн.
Музей анх 300 гаруй үзмэртэй байсан бөгөөд жил бүр үзмэрээ баяжуулан өргөтгөсөөр ирсэн юм.
1989 онд орчин үеийн нэг хэсэг нь Уран Зургийн Галерей нэртэйгээр биеэ даасан музей болон тусгаарлажээ. Энэ музейд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээсэн Цагаан дарь эх, Язгуурын таван бурханы дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг. Тиймээс 1995 онд монголын шашин, төр, нийгмийн зүтгэлтэн Г.Занабазарын мэндэлсэний 360 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит болсон байна. Г.Занабазарын алдарт бүтээлүүдээс гадна XIX-XX зууны үеийн нэрт уран бүтээлчдийн ардын урлагийн бүтээлүүд, шүрэн баг, есөн эрдэнэ, шороон будгаар өнгө хослуулан бүтээсэн бурхадын хөрөг, Б.Шаравын "Монголын нэг өдөр", "Гүүний үрс гаргалт" зэрэг хосгүй бүтээлүүдийг үзэгч олонд дэлгэн сурталчилж байна. Эдүүгээ тус музей 20 мянга гаруй үзмэртэй болсон байна.
Үзмэр ба танхим
засварлахДоод палеолитийн үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 20000 гаруй үзмэр бүхий сан хөмрөгөөс түүвэрлэн үзүүлсэн үзүүллэгийн 12 танхимтай. Г.Занабазарын музей нь уран бүтээлчид олон нийттэй байнга хамтран ажиллаж байдаг. Музейн түр үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг.
2004 оноос эхлэн тус музейд ЮНЕСКО-н "Музейг хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд үзмэрийн бүртгэл картжуулалт, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж байгаа юм.
Гарч байсан үзэсгэлэнгүүд
засварлах- 2007 оны 9 сарын 7 "Фужи уул" Уран зургийн үзэсгэлэн
- 2012 оны 7 сарын 2 Тагнуулын байгууллага-90” үзэсгэлэн
- 2014 оны 3 сарын 26 зураач Ц.Монголын "Эх орон" үзэсгэлэн
- 2015 оны 4 сарын 27 “Номын их хүрээг нээсэн нь Сарьдагийн хийдийн судалгаа” тусгай үзэсгэлэн
- 2016 оны 10 сарын 26 “Эрдэнэ болсон гурван сахиус” үзэсгэлэн
- 2017 оны 10 сарын 13 “Монголын урлагийн бүтээлүүд гэрэл зурагнаа” үзэсгэлэн
- 2018 оны 1 сарын 11 зураач, багш О.Хишигбатын “Дорнын эгшиг” уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт
- 2019 оны 1 сарын 23 15:00 цагт Виртуал үзмэрийн нээлт
- 2019 оны 10 сарын 14 Ч.Кантер "Mother" анхны бие даасан үзэсгэлэн