Дашийн Бямбасүрэн

Дашийн Бямбасүрэн (1942 оны 6-р сарын 20-нд Хэнтий аймгийн Биндэр суманд Ононгийн Шаазгайтын талд төрсөн)- Монгол Улсын улс төрийн зүтгэлтэн, Гавьяат эдийн засагч, доктор, профессор. 2009 онд "Чингис хаан" одон хүртсэн. Монгол Улсын Ерөнхий сайд асан (1990-1992).

Дашийн Бямбасүрэн 1960-1965 онд ЗХУ-ын Москвагийн эдийн засаг-тоо бүртгэлийн дээд сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжилтэй сурч төгссөн байна.

Эдийн засгийн ухааны доктор бөгөөд 1965-аас 1989 онуудад Статистикийн төв газарт, Үнэ стандартын улсын хорооны даргаар, Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн даргаар, ШУТ-н Улсын хорооны харьяа Удирдлагын автоматжуулсан системийн эрдэм шинжилгээ, зураг төслийн төвийн захирлаар, Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын захирлаар тус тус ажиллаж байв.

1989 онд БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн орлогч, нэгдүгээр орлогч, даргаар ажиллаж байсан ба 1990 оны ардчилсан сонгуулийн дараа 9 сарын 10-нд Ерөнхий сайдаар томилогдсон. Түүний Засгийн газрыг шинэчлэгч хандлагатай, технократ гэж мөн үздэг байжээ.

11 жил Засгийн газрын гишүүнээр ажиллаж, 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан.

1989-1992 онуудад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, 1-р орлогч дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа улс орноо эдийн засаг-нийгмийн шинэ тогтолцоонд шилжүүлэх ажлыг удирдаж байсан.

Д.Бямбасүрэн нь Монголын гадаад харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, бусад олон улсын байгууллагууд, урьд нь холбоо харилцаагүй байсан гуравдагч орнуудтай харилцах, өргөн хүрээнд хамтран ажиллах эхлэлийг тавьж, Япон улстай нарийн хамт ажилласны үр дүнд Япон болон Дэлхийн банк нийт $320 сая долларын буцалтгүй тусламжийг Монгол улсад өгсөн түүхтэй.

1992 оны 10 сард МАХН-аас гарч 1994 онд Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Намыг байгуулсан. 2010 онд Монголын Ардчилсан Сэргэн Мандлын нам Ардчилсан Намтай нэгджээ.

Монгол орон социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн эгзэгтэй хүнд нөхцөлд тэрээр олон намын "Эвслийн засгийн газар"-г эмхлэн толгойлж байв.

Дашийн Бямбасүрэн нь Монгол улсын Удирдлагын Академи-ийн захирлаар ажиллаж байв (Удирдлагын хөгжлийн институт байсныг Удирдлагын академи болгосон).

Эдийн засгийн ухааны доктор (PhD) зэрэгтэй, Монгол Улсын гавьяат эдийн засагч цолтой, “Чингис хаан” одон шагналтай.

1965-2000 онуудад төрийн захиргаа, аж ахуй, эрдэм шинжилгээ, боловсролын болон иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж байх хугацаандаа Монголын эдийн засгийн макро түвшний үзүүлэлтүүдийн системийг боловсруулж нэвтрүүлэх, үнийн системийг шинэчлэх, улсын нэгдсэн чанарын удирдлагын системийг бүрдүүлэх, мэдээлэл-технологийн ололтыг нэвтрүүлэх, удирдах ажилтныг бэлтгэх системийг төгөлдөржүүлэх чиглэлээр ажиллаж байсан.

Зуун хорь гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, гурван ном бичиж хэвлүүлснээс гадна арав гаруй номыг хянан тохиолдуулж, нийт 15 эдийн засгийн загвар, тооцоо прогнозын хэрэгсэл боловсруулсан.

Мөн 2002 оны Дэлхийн Уулзалтад (Тогтвортой хөгжлийн дэлхийн уулзалт) оролцжээ.

Д.Бямбасүрэн Ерөнхий сайд албанд хүртэл зүтгэсэн үеийнхээ тухай "Үүрийн жавар" хэмээх ном бичжээ.

Мэргэжлийн зарим бүтээлүүд

засварлах

·       Эдийн засгийн загварчлалын кибернетикийн үндэс. 1973.

·       БНМАУ-ын салбар хоорондын балансын үндэслэлд. 1976.

·       БНМАУ-ын эдийн засгийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн загвар “Онон”, 1976.

·       Бог малын сүргийн нөхөн үйлдвэрлэлийн загвар. 1986 он.

·       Сэргэн мандах ирээдүй, 1996 он.

·       Орчлонгийн хүрд: Сэргэн мандахын гүн ухааны товчоо. 1994 он.

·       Макро эдийн засгийн динамикийн урт хугацааны загвар “МОН-2”, 2001 он.

·       Макро эдийн засгийн дунд хугацааны загвар “МОН-3”, 2011 он.

·       Хэрэглээний үнийн динамик бүтэц (товхимол) 2013 он.

·       Эдийн засгийн энхэл донхол, Монголын хаос, 2015 он.

·       Монголын макро эдийн засаг, Броуны фракталыг гэтлэх арга зам. 2019 он.

·       30 гаруй эрдэм шинжилгээний илтгэл өгүүллүүд.


1992 онд Пунцагийн Жасрай түүнийг залгамжилжээ.

Өмнөх
Шаравын Гунгаадорж
Монгол Улсын Ерөнхий Сайд
1990-1992
Дараах
Пунцагийн Жасрай