Дарамын Батбаяр

Боржигон-Од овогт Дарамын Батбаяр (1940 оны луу жил Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт “Их Номгоны үзүүр” хэмээх газар төрсөн-2020 оны 5-р сарын 12-нд нас барсан) - Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, мэргэжлийн зохиолч, профессор.

Сэхээтэн гэр бүлээс гаралтай тэрбээр бага наснаасаа эрдэм номонд шамдан суралцаж, уран зохиолд шимтэн дурлаж, авьяас билгээ хөгжүүлж иржээ. Тэрбээр бага дунд сургууль, Москва хотод Геологийн дээд сургууль, МУИС-ийн геологийн анги, 1977-1979 онд ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курс төгссөн ашигт малтмалын инженер, мэргэжлийн зохиолч.

Ажил хөдөлмөрийн гараагаа хайгуулын хээрийн ангид геологичоор эхэлж, 1970 онд Монгол Телевизид редактор, 1974 оноос Соёлын яаманд Жүжиг, киноны хэлтэст мэргэжилтэн, 1979 оноос МЗЭ-ийн “Утга зохиол, урлаг” сонины утга зохиолын ажилтан, 1980 оноос “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, 1986-1990 онд Соёлын яамны Мэргэжлийн зохиолч, жүжиг, киноны хэлтсийн дарга, 1990 оноос “Ил товчоо” сонины ажилтан, 1995 оноос Монгол мэдлэгийн дээд сургууль, 1998 оноос кино урлагийн “Бэрс” дээд сургуулийн багш, 2000 оноос ”Их Монгол” дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, багш, 2016 оноос “Шинэ Монгол” сургуулийн зөвлөх багшаар ажиллаж байсан.

Д.Батбаяр сүүлийн хорь гаруй жил багшилж, уран зохиолын олон авьяастанг төрөн гаргаж, эрдэм судлалын бүтээл хийж, олон тооны илтгэл, хэлэлцүүлэг зохиож, улмаар профессор цол хүртсэн байна.

Д.Батбаяр 1960 аад оны эхэн үеэс уран бүтээлээ эхэлж, 1965 онд “Гар”/хамтын/ нэртэй түүвэр нь хэвлэгдсэн бол түүнээс хойш “Жаргалын найман морь”, “Аниргүй эрвээхэй”, “Тэнгэрийн царай”, “Айсуй баярын зөн”, “Саахалтын нууранд ангир дуугарна”, ”Амрагийн тэнгэр”, “Чамд аз жаргал хүсье”, “Давалгаа бас дахин давалгаа”, “Навчисын хүүрнэл” зэрэг олон бүтээл хэвлүүлсэн нь орчин цагийн Монголын соёлын амьдралын содон үзэгдэл болжээ.  Түүнээс гадна “Цахилж яваа гөрөөс”, “Мемонтог бүтээхүй”, “Ийнгаа миний хээр тал”, “Мөнхөөр савласан мөнх бус” зэрэг хүүрнэл зохиолын томоохон бүтээлүүд бичиж, “Шувуу бүхэн жаргалтай”, “Хайрыг хайрла” жүжгийн түүвэр, “Ирэх өдрүүдийн нар сар” яруу найргийн ном хэвлүүлжээ. Түүний сүүлийн үед бичсэн ”Бүтээхүйн зүй тогтол, сайханыг бүтээх нууц”, “Сайханыг бүтээхүйн нууц” зэрэг уран сайхны сэтгэлгээ, туурвилзүйн чиглэлийн бүтээлүүд нь олон уншигчдын бахдал талархлыг хүлээсэн юм.

Зохиол бүтээлүүд нь Орос, Болгар, Япон, Хятад, Англи, Вьетнам, Латви зэрэг дэлхийн 10 орчим улсын хэлээр орчуулагдаж, монголын уран зохиолыг дэлхийд сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. ХХ зууны монголын уран зохиолын сонгодог бүтээлийн нэг ” Цахилж яваа гөрөөс” туужаар бүтээсэн кино нь 1995 онд Азийн шилдэг киногоор шалгарч, Япон Улсын Токио хотод зохиогдсон кино наадамд амжилттай оролцож, 1996 онд Энэтхэгийн Дели хотод болсон Азийн шилдэг киноны наадамд шалгарсан байна.  “Мартагдсан аялгуу” жүжиг нь 1987 онд Вьетнам хэлээр орчуулагдаж Ханой хотын Олон Улсын Их Театрын тайзнаа тоглогджээ. “Хөхэлдэй хүүгийн үлгэр” жүжиг нь 1990 онд ОХУ-ын Москва хотын хэд хэдэн театрт тоглогдож, Олон Улсын Театрын наадамд оролцож байжээ. Тэрбээр хүлээн зөвшөөрөгдсөн үндэстний хэмжээний сонгодог зохиолч төдийгүй Жан Батист Мольер, Морис Метерлинк, Жан Поль Сартр, Кобэ Абэ зэрэг дэлхийд алдартай зохиолчдын олон бүтээлийг эх хэлнээ орчуулжээ.

Тэрбээр 1988 онд “Хайрыг хайрла”, “Мартагдсан аялгуу” жүжгийн зохиол бичсэн учир МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Цахилж яваа гөрөөс” тууж бичсэний учир Монгол Улсын Төрийн шагнал, 2008 онд шилдэг жүжгийн зохиолууд бичиж, орчин цагийн театрын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсны учир Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнуулсан юм.

Нэрт зохиолч, багш Дармын Батбаяр нь уран зохиолын бүхий л төрлөөр жигд туурвиж, Монгол хэл соёл, язгуур өв уламжлалыг хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн уран бүтээлээрээ жинтэй хувь нэмэр оруулжээ. Монголчуудын оюун санааны амьдралд цогцлуулсан түүний бүтээлүүд цаг цагт улам гэрэлтэж, цаглашгүй цаг хугацааг туулах нь дамжиггүй.