Волмари Исо-Холло

Волмари "Вомма" Фритижоф Исо-Холло (финээр Volmari "Vomma" Fritijof Iso-Hollo, 1907 оны 5 сарын 1 - 1969 оны 6 сарын 23) нь Финландын хөнгөн атлетикч бөгөөд 3000 метрийн саадтай гүйлтийн төрлийн олимпын хошой аварга.

Волмари Исо-Холло
Эрэгтэйчүүдийн хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Финланд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Волмари "Вомма" Фритижоф Исо-Холло
Төрсөн огноо 1907 оны 5 сарын 1
Төрсөн газар Финланд, Илөярви
Нас барсан огноо 1969 оны 6 сарын 23
Нас барсан газар Финланд, Хейнола
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лос-Анжелес 1932 3000м саадтай
Мөнгө Лос-Анжелес 1932 10000м
Алт Берлин 1936 3000м саадтай
Хүрэл Берлин 1936 10000м

Илөярвид төрсөн тэрээр Дэлхийн хоёр дайны хооронд дэлхийн тавцанд ноёрхож байсан Финландын хөнгөн атлетикийн алтан үе буюу "Нисдэг Финчүүд"-ийн сүүл үеийн төлөөлөгч билээ.

Исо-Холло залуудаа цана, гимнастик, боксоор хичээллэж байсан бөгөөд армид элссэнийхээ дараа гүйлтээр хичээллэх болов. Тэр 400 метрээс марафон хүртэл янз бүрийн зайд тодорхой амжилт гаргаж байлаа.

Исо-Холло анх 1932 оны Лос-Анжелесын олимпын 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэн. Тэгэхэд дэлхийн дээд амжилт тогтоох боломжоо шүүгчийн алдаанаас болж алджээ. Албан ёсны хажуугийн шүүгч нь арван төрөлтийн тулгууртай харайлтын уралдаанд анхаарлаа сарниулаад тойргоо буруу тоолж, Исо-Холло сүүлийн тойрогтоо орох үед хонхоо дуугаргаагүй бөгөөд тэр чигээрээ гүйсээр 3460 метр зам туулсан гэдэг. Тэрээр мөн 10 000 метрийн зайн гүйлтэд мөнгөн медаль хүртсэн байна.

1933 онд Исо-Холло Лахти хотноо 3000 м-ийн саадтай гүйлтэд 9.09.4 амжилтаар дэлхийн дээд амжилт тогтоов. Ийнхүү 1936 оны Берлиний олимпод түрүүлэх тамирчдын нэгэнд зүй ёсоор тооцогдож байлаа. Берлинд Исо-Холло арын тамирчнаасаа 3 секундээр түрүүлэн барианд орж, 9.03.8 гэсэн дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Уг уралдааны үеэр эхний 3 тамирчин дэлхийн хуучин дээд амжилтыг эвджээ. Түүнчлэн тэрээр 10 000 м-н зайд хүрэл медаль хүртсээр олимпын медалийн бүрэн цуглуулгатай болжээ.

Олимпын дараа Исо-Холло үе мөчний өвчнөөр өвдсөн ч 1945 он хүртэл уралдсаар байсан юм. Волмари Исо-Холло Хейнола хотод 62 насандаа нас нөгчжээ.

  • Wallechinsky, David and Kaime Loucky (2008). The Complete Book of the Olympics - 2008 Edition. London: Aurum Press, Limited. pp. 122, 169.