"Ваньянь Юнжи" (хятадаар: 完颜永济, пиньинь: Wányán yǒngjì) (? - 1213 оны 9 сарын 11) болбоос зүрчидийн Алтан улсыг 1208 оноос 1213 оныг хүртэл захирч байсан 7-р хаан. Тэр бол Улу хааны бохай угсааны ли хатнаас төрсөн хөвүүн. Түүний үед Их Монгол Улсын Чингис хааны удирдсан монгол цэргийн довтолгоонд өртөж, олон удаагийн тулаанд ялагдаж, хойд хэсгийн ихэнх газраа алдсан. 1213 онд түүний харьяат жанжин Хэшилэ Жижун гэх зүрчид жанжинд алуулсан. Түүнийг хожмын түүх шастирт хуанди бус "Вэй шао ван Юнжи" (衛紹王 允濟) гэж бичих болсон.

Товч намтар

засварлах

Юнжи нь Алтан улсын Улу хааны Бохай угсааны Ли овогт Гуаншянь бага хатнаас төрсөн долоодугаар хөвүүн бөгөөд Мадагэ хааны авга ах. 1171 онд Сюэ ван (薛王, Xuē wáng) цолоор өргөмжлөгдсөн ч, дараа нь Сүй ван (禭王, Suì wáng) болсон. Мөн хэсэг хугацааны дараа Лү ван (潞王, Lu wang) цол хүртснээ дараа нь Хань ван (韓王, Han wang) болсон. Мадагэ хааны үед Вэй ван (衛王, Wei wang) цолтой болсон. 1208 онд Мадагэ хаан таалал төгсөх үед угсаа залгамжлах хөвүүн үргүй байсан учир авга ах Юнжийг хаан болгохоор сонгожээ.

Түүнийг хаан ширээнд заларсны дараа 1211 онд Чингис хаанаар удирдуулсан монголын их цэрэг Алтан улсад дайн зарлаж, довтлов. 1211 оны 8-10 сард үнэгэн давааны тулаанд зүрчидийн шилдэг 400,000 цэргүүд монголын 100,000 гаруй цэрэгт ялагдаж, зүрчидийн 300,000 цэрэг нь хядуулсан. Улмаар 1212 онд Алтан улсын баруун нийслэл (одоогийн Датун хот), ойр орчмын хот тосгод монголд эзлэгдсэн. 1212 оны эхээр одоогийн Гирин мужийн орчимд байсан киданы хойчис Елюй Люгэ зэвсэгт бослого гаргаж, олон мянган хүнтэй болж ойр хавийн хэдэн хотыг эзлээд, өөрийгөө Ляо ванд өргөмжлөн, Чингис хаанд дагаар оров. Елюй Люгэг номхотгохоор зүрчидүүд их хэмжээний цэргийг илгээсэн ч, ялагдав. 1213 оны 8 сард Монголын их цэрэг Жунду хотыг бүслэн довтлоход Алтан улсын Хэшилэ Жижун (зарим сурвалжид Хушаху гэдэг) жанжин төрийн эргэлт хийж, Ваньянь Юнжиг барьж алав.

Юнжигийн дараа Мадагэ хааны дүү Удубу гэгчийг хаанд өргөмжлөв. Хушаху жанжны шахалтаар Юнжид хаан цол нэхэн өргөмжлөлгүй, Донхай жүнь хоу (東海郡侯, Donghai jun hou) хэмээх дунд тушаалын цэргийн түшмэлийн цол өгчээ. 1216 онд Удубу хааны зарлигаар Юнжигийн Вэй ван цолыг сэргээж, шао (紹) гэх үг соёрхож, "Вэй шао ван Юнжи" гэж нэрлэхээр болсон.

Эцэг эх:

Хатад хүүхэд:

  • Тудань овогт хатан (徒單皇后)
  • Юань овогт Циньшэн ахайтан (欽聖夫人袁氏)
    • Ци гуо гүнж (岐國公主): ууган охин. Чингис хаанд татвар эм болгож өгсөн.
  • Эх нь тодорхойгүй:
    • Ваньянь Цонкэ, Лян ван (梁王 完顏從恪): ууган хөвүүн
    • Ваньянь Жү (完顏琚, ?-1233), 2-р хөвүүн
    • Ваньянь Сюань (完顏瑄, ?-1233), 3-р хөвүүн
    • Ваньянь Цао (完顏璪, ?-1233), 4-р хөвүүн
Өмнөх
Мадагэ
Алтан улсын хаан
1208-1213
Дараах
Удубу