Богд хаант Монгол Улсын хүн амын тооллого

Богд хаант Монгол Улсын хүн амын тооллого нь 1918 онд явуулсан хүн амын тооллогыг хэлдэг. Энэ хүн амын тооллого нь Их Монгол Улсын үеэс хойш монголчуудын тоог тогтоон бүртгэлжүүлэх анхны тооллого юм. Учир нь Монгол Улсын хүн амын тоо хэмжээ удаан хугацаанд тодорхойгүй байсан билээ. XX зууны эхээр Ар Монголыг судалж байсан Беннигсен, Котвич, Болобан, Кушелев нар болон бусад шинжээчид үүнийг олж мэдэх гэж нэг бус удаа оролдож байсан ч найдвартай тоо бүртгэл, мэдээ баримт байхгүйн улмаас тус орны оршин суугчдын тоо 400 мянгаас 1 сая 400 мянга орчим гэсэн тоог дур зоргоороо, таамаглах байдлаар дэвшүүлэхээс хэтрээгүй байдаг. Ийм их хэлбэлзэлтэй байгаа нь урьд өмнө хийгдэж байсан бүх таамаглалууд үнэн байх магадлал тун бага болохыг харуулж байгаа болно. Богд хааны Засгийн газраас 1918 онд, хүн ам, мал сүргийн тооллого явуулсан . Энэ тооллого хэд хэдэн томоохон алдаатай байжээ. Тухайлбал, 1918 оны байдлаар Монголд ихээхэн олноороо сууж байсан хятад, оросуудыг тэд огт үл хөндөн зөвхөн монголчуудыг тоолсон байна. Улмаар, энэ тооллого монголчуудыг ч цөмийг нь бүрэн хамруулж чадаагүй. Ховдын тойргийн оршин суугчид, Хөвсгөл нуурын орчимд байдаг Богд гэгээний мэдлийн газар нутгийн хүн ам ч тооллогын гадна үлдсэн байв. Эцэст нь, тооллогын аппаратын бүдүүн бараг байдал, албан татвараас айхын эрхэнд гэр бүлийнхээ гишүүд, мал хөрөнгийнхөө тоог албаар буруу зөрүү мэдүүлсний улмаас тооллогын дүн мэдээнд нэлээд алдаа мадаг гарсан байх боломжтой. Тооллогыг хоёр аргаар хийгдсэн. Эхний хувилбараар орон нутгуудаас монгол түшмэл ноёд, лам хуврагуудын явуулсан тоо бүртгэлийн дүн мэдээг нэгтгэн гаргасан байна. Энэ нь маш олон зүйлийг орхигдуулж, илт худал тоо тавьсан (ялангуяа, Шавийн яамны тухайд) байжээ. Иймд арай нарийн зөв мэдээ баримт гаргуулж авахад чиглэсэн тусгай арга хэмжээнүүдийг авсаны үндсэн дээр хоёр дах хувилбараар тооллогыг хийсэн байна. Эхний тооллогод 87 хошуу гэсэн тоо гарсан бол хоёр дахад 104 хошуу байгаа нь үүний илэрхийлэл юм.

Богд хаант Монгол Улсын хэмжээнд 1918 онд явуулсан хүн амын тооллогын үр дүнд дараах тоог гаргасан байна. Үүнд:

Орон Хүн ам
(1918 он)[1]
Сэцэн хан аймаг 101,792 2
Түшээт хан аймаг 100,224 3
Сайн ноён хан аймаг 133,860 1
Засагт хан аймаг 70,241 5
Дөрвөн аймаг дахь шавь нар 70,387 4
Ховдын тойрог 50,000 6
гадаадын иргэн 16,320 7
Хөвсгөл дэх Богд гэгээний эзэмшил 16,000 8

Монголчуудын нийт дүн 542.504

Үүн дээр

Бүгд нийлээд 647.504

Монголчуудын тооллогын дээр дурдсан дутагдал, гажуудал болон Ховдын тойрог, Хөвсгөл дэх Богд гэгээний мэдлийн газар оронд хамаарах, мөн хятад, орос оршин суугчидтай холбоотой мэдээ баримтын барагцаалсан байдлыг бодолцвол дээрх нийлбэр дүнгүүд багцаа төдий юм. Гэхдээ ташаарлын хэмжээ хэдэн арваас нэг их хэтрэхгүй, сайндаа л гэхэд зуун мянган хүнээс үл хэтэрнэ.

Мөн үзэх

засварлах

Гадаад холбоос

засварлах