Араб шах нь 1377-1380 онд Алтан ордны улсын төв хэсгийг захирсан хаан юм. Түүнийг хаан болох үед Алтан Ордны баруун хэсгийг беглярбег Мамайгийн тоглоомын хаад болох Булак, Туляк нар захирч, зүүн хэсгийг Урус хаан болон түүний хөвүүд, сүүлд Тохтамыш нар захирч байсан.

Хаанчлал

засварлах

Тэрээр Зүчи ханы хөвүүн Шибан ханы залгамчир Мир Болд хааны хөвүүн юм. Түүний эцэг Мир Болд нь 1362-1365 онд Алтан Ордны зарим нутагт хаанчилж, Мамайн тоглоомын хаад болон бусад хаадтай эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байсан. 1375 онд үеэл Хаанбег нь хаан болсны дараа Сарайчик хотыг захирах болсон. 1377 оны 8 сард Хаанбегийн хамтаар Москвагийн Дмитрий Иванович, Суздалийн Дмитрий Константинович нарын эсрэг дайны ажиллагаа явуулсан. Доод Новогород, Рязань хотуудыг галдан шатааж, Пьян голын дэргэд Оросын цэргийн хүчийг устгаж, оросуудыг номхотгож дахин хараат улсаа болгов. Үүний дараа Хаанбег хааны сэнтийнээс бууж, Араб шахд шилжүүлсэн. 1378 онд Мохшигийн эмир Тагай руу довтлон алж, Мохши хотыг харьяатаа болгов. Мөн жил Рязань хотыг довтлон их хэмжээний олзтой буцав.

1380 онд Доголон Төмөрийн дэмжлэгтэй Тохтамыш, өөрийн армиа удирдан Шибаны Саарал Ордыг захирч байсан Хаанбег, Алтан Ордын хаан Араб шах нарт бууж өгөхийг тулган шаардсанд тэр хоёр бодит байдлыг дүгнэж үзээд буулт хийж, Тохтамышд дагаар орсон.

Араб шахын хөвүүн Туклук Хажжигийн үр удам нь Хивагийн Хант Улсыг байгуулж, 1804 он хүртэл түүний угсааны хаад үе улиран захирч байсан.

Өмнөх
Хаанбег
Алтан Ордны Улсын Хаан
1377-1380
Дараах
Тохтамыш