Андрей Симуков
Андрей Дмитриевич Симуков буюу Шар Дамдинсүрэн (1902 оны 4-р сарын 29-нд Санкт-Петербургэд төрж, 1942 оны 4 сарын 15-нд ЗСБН Коми Улсын Абезид нас барсан)- Зөвлөлтийн монголч эрдэмтэн, газарзүйч. 1923-1939 онд Монголд амьдарч байсан хүн юм.
Намтар
засварлахТэрбээр 1902 оны 4-р сарын 29-нд Санкт-Петербург хотноо Дмитрий Андреевич Симуковын ууган хүү болон мэндэлжээ. Андрей Симуковын эцэг Санкт-Петербургийн Их сургуулийн түүх, хэл бичгийн сургууль төгсөөд Сангийн яаманд ажиллаж байсан бол эх Наталья Яковлена Симукова эмчийн гэр бүлээс гаралтай бөгөөд Эмэгтэйчүүдийн дээд курсэд багшаар ажилдаг байжээ.
Орос оронд гарсан 1917 оны хувьсгал, иргэний дайны үр дүнд өлсгөлөн, үгүйрэл хоосрол зэрэг элдэв учир шалтгаанаар ажил амьдралын зам нь өөрчлөгдөж эцэг нь ажилгүй болж, эхийнхээ хуримтлуулсан багахан мөнгөөр амь зогоож байв. 1918 оны өлөн зөлмөн хаврын тарчиг цагаар Германы цэрэг Петроград руу довтлоход Симуковынхон Сангийн яамныхныг дагаж Доод Новгород руу нүүжээ. Тэндээс Дмитрий Андреевич албаа хаахаар Москва орж, эхнэр Наталья Яковлевна нь хүүхдүүдийн хамтаар хадмын нутаг болох одоогийн Брянск мужийн Сигеевка тосгонд нүүн очиж эцэг Дмитрий Андреевичийн ах дүү нар нь өмч хуваахад тэднийд 10 десятин газар, хуучин шавар тагзны тал ногдсон байжээ.
1920 оны намар Андрей Москвад сурахаар одов. Москвагийн Их сургуулийн физик-математикийн салбарын байгаль шинжлэлийн ангид элсэхээр бүртгүүлсэн хэдий ч эцэст нь Цэргийн хуягт техникийн дээд сургуулийн автотехникийн дамжаанд суралцахаар болсон байна.
Андрей 1921 оны намар Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн Механик-Цахилгаан техникийн дээд сургуульд орж шөнийн манаачаар ажиллаж гэрээр хичээл заах болжээ. Зун болгон тэрбээр тосгондоо газар тариалангийн ажилд зүтгэдэг байсан гэж охин нь эхээсээ сонсоноо дурссан байдаг.
Андрей Дмитриевич Симуков бага наснаасаа Төв Азийн үл мэдэгдэх өргөн уудам нутгаар аялахыг мөрөөддөг байсан бөгөөд тэруээр Н.М.Пржевальский, П.К.Козлов, С.Гедин нарын бүтээлүүдийг урам зоригтой амтархан уншдаг байжээ. 1923 оны хаврын нэг өдөр тэрбээр П.К.Козловын Монгол-Төвөдийн хээрийн хайгуулын ангид хүмүүс элсүүлж байгааг олж мэдээд өргөдөл өгчээ. Аяллын багт орох сонирхолтой хүн олон байсан боловч Андрей Төв Азид очсон Оросын газар зүйн нийгэмлэгийн хайгуулын ангид багтсан дөрвөн хүний нэг болж чаджээ. 1913-1916 онд Монголд Оросын Ерөнхий консулоор ажиллаж байсан, Симуковын авга нь болох Александр Яковлевич Миллертэй дотно танил байсан нь нөлөөлсөн байж ч болох юм.
1923 оны 9-р сарын 26-ны өдөр ЗХУ-ын Ардын Комиссариатын санхүүжилтээр П.К.Козловын удирдсан Оросын газарзүйн нийгэмлэгийн хээрийн судалгааны анги Монгол улсын хилийн дээс алхаж, Симуков анх удаа Монгол нутагт хөл тавьсан ажээ.
1926 оны намар В.П.Козловын экспедиц эх орондоо буцахын өмнө Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Жамсрангийн Цэвээн түүнийг Монголд үлдэж, тус байгууллагад ажиллах санал тавьсныг хүлээн авчээ.
А.Симуковыг монголчууд "Шар Дамдинсүрэн" гэдэг байсан.
1927 онд 24 настай А.Симуков Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн музей, зураг зүйн тасгийн даргаар томилогдон ажиллаж, хамгийн түрүүнд Богд хааны ордныг музей болгох ажлын анхны даалгавраа биелүүлж байжээ.
1927 оны тавдугаар сард эхнэр Мелания Алексеевна араас нь Оросоос ирж хээрийн шинжилгээний ангид ургамал цуглуулагч, гэрэл зурагчнаар ажиллах болж, тэр хоёр Монгол нутгаар хөндлөн гулд урт аяныг хамтдаа туулсан билээ.
1927 оны долоон сарын дундуур хоёр ажилтан буюу музейн туслах Жаргал, ажилтан Жамба, эхнэр М.А.Симукова нарын хамтаар анхныхаа говийн таван сарын аялалд гарчээ.
1927-1939 оны хооронд А.Симуков хээрийн судалгаа шинжилгээний 15 ангийг удирдан ажиллахдаа Монголын нутгаар 70 мянган км замыг туулжээ. Хангай, говийн физик газар зүйн судалгааг хийж анх удаа газрын зураг дээр хэд хэдэн уул нурууг тэмдэглэж, байгалийн үндсэн бүсүүд, хэвтээ босоо шугамын хуваарилалтыг тодорхойлон, бүсийн үндсэн ургамал амьтныг цогц байдлаар илрүүлэн ургамал болоод хөхтөн амьтны тархцын газрын зургийг гаргасан байна. А.Д.Симуков анх Монголын физик-газар зүйн бүсчлэлийг санал болгожээ. Тэрбээр газар зүйн ландшафтыг улс орны эдийн засагт ашиглах арга замыг хайх ёстой гэж үзсэн бөгөөд Монгол нутгийн бэлчээрийг анх удаа эрдэм шинжилгээний үүднээс тодорхойлж, бүтэц, шим тэжээлт байдлыг газар зүйн байрлалтай уялдуулан авч үзжээ. Тэрбээр монгол хэлийг сайн сурснаас гадна тайван амгалан зантай, нийцтэй, алиа хошин зантай байсан нь нутгийн ард түмний дэмжлэгийг төвөггүй олж, улмаар найз нөхөд болцгоодог байв. Улаанбаатарт байх гэрээр нь хөдөөний найз нар нь байнга зочилж “шар Дамдинсүрэн, өндөр Дамдинсүрэн” гэх мэтээр нэрлэдэг байжээ.
БНМАУ-ын анхны газрын зургийг Оросын судлаач В.И.Лисовский зохиосон. Дараагийнх нь А.Д.Симуковын алдарт "ногоон карт" байв. Үүний ач холбогдлыг үнэлж барашгүй юм. Энэ нь анхны нарийвчилсан, хуулбарласан газар зүйн зураг байсан бөгөөд үүний ачаар монголчууд эх орныхоо бүтцийг тодорхой нарийвчлалтай болгож чадсан юм.
Монголын хувьд чухал ач холбогдолтой өөр нэг зураг зүйн бүтээл болон түүний "БНМАУ-ын газар зүйн атлас" нь монголчуудад ханын "ногоон газрын зураг"-тай адил үзүүлэнгийн хэрэглүүр байсан юм. Тус атласт байгалийн шинж, засаг захиргааны байгуулал, угсаатны зүй, хүн амын нягтрал, таван хошуу малын байдал гэх мэт олон агуулгыг багтаасан нь Монгол судлалын түүхэнд энэ төрлийн анхны бүтээл болсон ажээ. Мөн “БНМАУ-ын газар зүйн найруулал” эмхэтгэн гаргаж түүнийгээ сурах бичиг болгон монголоор орчуулан гаргажээ. Энэхүү атласын монгол хувилбар 4000 хувь хэвлэгдэн гарсан даруйдаа зарагдаж дууссан. Энэ ажлын нь төлөө Андрей Дмитриевич Симуковыг 1935 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор БНМАУ-ын Засгийн газраас “Алтан гадас” одонгоор шагнасан юм.
А.Д.Симуков монгол нутгийн бэлчээрийг анх удаа эрдэм шинжилгээний үүднээс тодорхойлж бүтэц, шим тэжээлийг нь газар зүйн байрлалтай нь уялдуулан авч үзсэн байна. А.Д.Симуков Монголын хангай, говь нутгийн нүүдлийн хэв маягийг анх удаа илрүүлэн ангилж, мал аж ахуй эрхпэх арга барилыг задлан шинжилсэн билээ.
Симуков монгол орны засаг захиргааны анхны шинжлэх ухааны үндэстэй бүсчлэлийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд идэвхийлэн оролцож, эдийн засгийн анхны бүсчлэлийг санал болгож, тухайлбал Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын байрлалыг зааж өгчээ.
А.Д.Симуков монголчуудын дунд ер бусын алдар хүндтэй байсан. Тэрбээр олон монгол найз нартай байсан гэдэг. Тэдний дунд тухайн үеийн алдартай хүмүүс, энгийн малчид ч байсан. Андрей Дмитриевич яруу найрагт дуртай, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржтой найзалж, байнга ирж, хамт зугаалдаг байжээ.
Монголыг зүрх сэтгэлээрээ ойлгоход нь түүнд Ц.Жамсарано, Б.Ринчен нар нөлөөлсөн нь дамжиггүй бөгөөд арай хожуу Д.Нацагдорж, Ц.Бадамжавынхантай, бурхны шашин судлаач М.И.Тубянский, газар зүйч И.П.Рачковский нартай дотносон нөхөрлөж явсан юм. Симуковынхан С.А.Кондратьев, доктор П.Н.Шастиныхантай гэр бүлийн анд нөхөд, олон жил хамтран ажиллаж ирсэн өөрийн туслахууд Фучин, А.А.Турутанов, П.Ф.Чухломин, анчин Г.М.Корчановын гэр бүлийхэнтэй дотно харилцаатай байжээ.
1939 онд А.Д.Симуков эх орондоо буцаж цаг болж БНМАУ-д арван хоёр жил ажилласан тайлан, газар зүйн хэлтсийн 15 жилийн ажлын үр дүнгийн тухай тайлан бичиж эхэлжээ. Голдуу орос хэлээр бичсэн гол бүтээлүүдээ эх орондоо хэвлүүлэх санаатай байсан ажээ. Гэвч гэнэт асуудал үүсэж 1939 оны 9-р сарын 19-нд түүнийг Зөвлөлтийн Дотоод хэргийн Ардын коммисаруудын газрын /НКВД/ тусгай хэлтсийн ажилтнууд баривчилж, "гадаад улсын тагнуул хийсэн" хэргээр буруутгаж, "ард түмний дайсан" гэж зарлав. Дараа нь түүнийг тусгай хамгаалалт дор Зөвлөлт рүү авч явж Улаан-Үд хотын шоронд хийжээ. Дараа нь 1941 онд цааш Новосибирск, Архангельскээр дамжин Коми АССР-ийн Абезийн "Печора лагерь"-т шилжүүлж, 1942 оны 4-р сарын 15-нд "зүрхний дутагдлын улмаас" тэндээ нас баржээ.
1956 оны 12-р сард түүний “хэргийг бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж А.Д.Симуковыг бүрэн цагаатгасан байна.
Гэр бүл
засварлахА.Симуков хоёр дүүтэй.
1926 оны 2-р сард Москвагийн Их сургуулийн оюутан Мелания Алексеевна Алексеенкотой Москвад гэр бүл болжээ.
1928 оны хавар хүү Алтай төрж 1931 онд өвчнөөр нас баржээ.
193.. онд охин Наталья Симукова төржээ.
1937 онд А.Д.Симуковын охин, "Сэрэлт" киногоор сайн мэдэх "орос доктор" Доржпалам төржээ.
А.Д.Симуковын зээ хүүхдүүд Санжаасүрэнгийн Баяр, Монгол улсад Ардчилсан хөдөлгөөн үсгэн байгуулсан удирдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Оюун нар юм.