Сансрын хөлөг (гитарын гоцлол)
"Сансрын хөлөг" гитарын гоцлолыг Монголын анхны поп-рок гитарчин ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх 1969 онд зохиожээ. Энэ нь түүний гитар хөгжимд зориулсан бүтээл хийгээд Монголын цахилгаан хөгжмийн дан хөгжмийн анхны бүтээлүүдийн нэг юм. Тэрээр энэхүү алдартай гитарын гоцлолоо дөнгөж хорь, хорин нэгхэн настай байхдаа зохиож тоглосон байдаг байна.
Гоцлолд нэр өгсөн тухай:
Гитарын гоцлолоо “Сансрын хүлэг” гэж нэрлэтэл Жамцын Бадраа багш “Наад 'хүлэг' гэдэг үгээ 'хөлөг' болго” гэхээр нь “Сансрын хөлөг” болгоод Радиод анх бичүүлсэн хэмээн зохиогч дурсдаг.
Гоцлолын нэрний тухай:
Радиогийн Алтан Фондод гоцлол “Сансрын хөлөг” нэрээр оржээ.
1998 онд "Цэнхэр залаа" хуурцагт "Сансрын хүлэг" нэрээр орсон.
2016 онд "Цэнхэр залаа" цомогт "Сансрын хүлэг" нэрээр орсон.
2019 онд түүний эхлүүлсэн гоцлол гитарын цомогт "Сансрын хөлөг" нэрээр орсон.
Гоцлол төрсөн тухай зохиогчийн дурсамжаас:
“Сансрын хөлөг” гитарын гоцлол бол Радиогийн иж бүрэн шинэ цахилгаан хөгжим хэрэгслийн эффект нөлөөн дор төрсөн гоцлол. 1969 онд Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хороо иж бүрэн цахилгаан хөгжимтэй болсон нь Монгол улсын түүхэн дэх анхны тохиолдол байлаа. Радиогийн хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор Төмөрийн Чимэддорж 1968 онд хөгжимчдөө Польш улсад гурав дөрвөн сар сургалтад суулгаад ирэхдээ Германы үзэсгэлэн худалдаанаас тэр цахилгаан хөгжмийг худалдаж авчирсан юм.
Намайг МУИС-ийн 3-р дамжаанд сурч байхад 1969 оны хавар Радиод хөгжимчнөөр дуудаж ажиллуулсан. 1969 оны 7 сард Улсын баяраар телевизээр орон даяар цацагдах Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгын 30 минутын хөтөлбөрт бэлдэж байсан тэр үед чуулгын гитар хөгжимчин Мушгиагийн Лхагвасүрэн ажлаасаа гэнэт халагдсанд оронд нь намайг дуудаж ажиллуулсан байдаг. Радиод очоод би Герман улсад үйлдвэрлэсэн Мусима фирмийн хар өнгийн Делюкс гитарыг зориулалтын Регент-30 өсгөгчид залгаж тоглож байв.
Радиогийн тэр шинэ цахилгаан хөгжим хэрэгсэл тухайн үедээ дэлхийн түвшний хөгжим хэрэгсэл байсан, тэр дунд байсан Матадор-25 цахилгаан орган, анх сонсоход энэ дэлхийнх биш гэмээр, харь гаригийн дуу авиа л ийм байдаг болов уу гэмээр санагдаж, сонсох бүрт жингүйдэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байлаа. 1961 оны 4-р сары 12-нд Ю.А.Гагарин сансарт нисэхэд манайх гэр бүлээрээ Москвад байж таарч, хүүхэд насандаа олж авсан сансар огторгуйн талаарх ойлголт, төсөөлөл, тэр үед төрсөн сэтгэгдэл сэтгэлд тод хадгалагдаж үлдсэн байв.
Нэг шөнө би ажил дээрээ үлдээд хөгжмөө давтаж байтал энэ гоцлолын аялгуу ороод ирсэн. Тэгэхэд манай чуулга Төв шуудангийн баруун дээд жигүүрт байрладаг байсан. Тэгээд би тэр аяа гитарын гоцлол болгож тоглосон.
Жич: С.Баатарсүхийг энэхүү гитарын гоцлолыг зохиоход хүргэсэн Матадор-25 цахилгаан органыг 1969 оны 7-р сарын 10-нд Монгол орон даяар цацагдсан Радиогийн Цахилгаан хөгжмийн чуулга ("Баянмонгол" чуулга) хөгжимдөж, дуучин Л.Оюунчимэг дуулсан, Л.Дагвадоржийн шүлэг, Г.Алтанхуягийн ая "Нэгдэлчин түмнээ дуулъя" дууны эфирийн шууд бичлэгээс тус чуулгын хөгжимчин Бизъяагийн Даваагийн тоглож байгаагаар үзэх боломжтой. Органы дуугаралтыг 1972 оны 4-р сарын 23-нд тус чуулгын хөгжимчин Лунжгайн Батаа тоглож бичүүлсэн С.Баатарсүхийн "Цэнхэр залаа" ятгын гоцлолын Радиогийн эх бичлэг, МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээний аянаас сонсох боломжтой.
Гоцлолыг тоглосон хамтлаг чуулга, гоцлол гитарчид:
- 1969 оноос Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны цахилгаан хөгжмийн чуулга (Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулга)-ын гоцлол ба хэмнэлт гитарчин, зохиогч Самбуугийн Баатарсүх, 1974 оноос Бадамдоржийн Ганбат болон тус чуулгад тоглож байсан үе үеийн гоцлол гитарчид тоглож байв.
- 1969 оны сүүл 1970 оны эхээр Монголын Үйлдвэрчний Төв Зөвлөлийн дэргэд байгуулагдсан манай улсын хоёр дахь иж бүрэн хөгжим хэрэгсэлтэй цахилгаан хөгжмийн "Сансар" хамтлаг, гоцлол гитарчнаар ажиллаж байсан манай монголын Рок-попын загалмайлсан эцэг гэгддэг Зундуйн Зундарь (1970-1971) тоглож байв. Түүнтэй хамт тус хамтлагт зохиогчийн төрсөн дүү Самбуугийн Баатар аргил гитар тоглож байсан байдаг юм.
- 1971 онд нээлтийн тоглолтоо хийсэн Улсын Ардын Дуу Бүжгийн чуулгын дэргэд байгуулагдсан цахилгаан хөгжмийн "Соёл-Эрдэнэ" чуулга, С.Баатарсүхийн гарын анхны шавь, тус чуулгын анхны гоцлол гитарчин, бүх цаг үеийн агуу гитарчин гэгддэг Дэмчигдоржийн Галсанбат (1971-1992) тоглож байв. Жич: Их зохиолч Д.Нацагдорж "Од" шүлгээ бичсэний 40 жил, сансарт анх хүн ниссэний 10 жилийн ойн жил - 1971 онд зохиогч С.Баатарсүх "Сансрын хөлөг" гитарын гоцлолоо "Соёл-Эрдэнэ" чуулга болон шавь Д.Галсанбатынхаа урын санд зориулан дахин шинэчлэн найруулсан байдаг байна.
- Монгол улсын цахилгаан хөгжмийн бусад хамтлаг, гоцлол гитарчид
Гоцлолыг зохиогчийн тоглосноор сонсох:
https://www.youtube.com/watch?v=W3y8jp_L6eA [0:59-3:33]
Cover гоцлол сонсох:
2019-02-03, YouTube, Батцэнгэл - Гитарын аяз (Battsengel - Guitar melody), [1] [38:49-41:14]
2022-03-05, Улаанбаатар, The Corporate hotel and Convetion Centre-н их танхим, "Галсанбат & Зундарь" хүндэтгэлийн концерт, Төрийн Соёрхолт "Харанга" хамтлагийн хэмнэлт гитарчин, хөгжмийн зохиолч МУУГЗ Я.Одсүрэн [2]