Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин (солонгос. 대한민국 국군) —Бүгд Найрамдах Солонгос Улсын цэрэг армийн нэгтгэлүүдийг хэлнэ. Хуурай замын, усан цэргийн болон агаарын цэргийн зэрэг 3 хүчнээс бүрддэг. Дэлхийн томоохон байнгын цэргийн хүчин юм. 2018 оны байдлаар энэхүү Зэвсэгт хүчин 3.7 сая албан хаагчтай (байнгын 599 000, нөөцийн 3 100 000 хүнтэй) ажээ. 2019 оны байдлаар Өмнөд Солонгосын батлан хамгаалах төсөв нь хамгийн өндөрт орох эхний 10-т ордог бөгөөд 43 тэрбум ам.долларт хүрсэн байна. Цэргийн нисэх хэрэгсэлийн (онгоц, нисдэг тэрэг) тоогоор тус улс дэлхийд 5-р орж байна.

БНСУ-ын Зэвсэгт хүчний далбаа.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин 1948 онд Японы эзлэн түрэмгийлэлээс салах үед байгуулагдсан юм.

Бүрэлдэн бий болох 1945-1950 онууд

засварлах

Цэргийн удирдлагын 1945 оны 11-р сарын 13-ны өдрийн 28 тоот тушаалаар Америкийн цэргийн эзлэгдсэн бүсэд хагас цэрэгжүүлсэн бүрэлдэхүүн ("үндэсний батлан хамгаалалтын анги", "далайн эргийн хамгаалалтын анги") байгуулах ажлыг эхлүүлсэн. 1945 оны эцсээр Америкийн цэргийн удирдлагын дэргэд Солонгосын Зэвсэгт хүчний газар байгуулагдаж, тэнгисийн болон агаарын цэргийн баазуудыг барьж байгуулж, цэргийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах сургуулиуд нээгдсэн байна.

1948 оны 8-р сард АНУ Өмнөд Солонгостой цэргийн хамтын ажиллагааны Хэлэлцээ байгуулсан бөгөөд үүний дагуу Өмнөд Солонгос Америкийн зэвсэг, цэргийн техникийг хүлээн авсны хариуд Америкийн цэргийн командлалын мэдэлд нисэх онгоцны буудал, боомт, цэргийн байгууламжуудыг өгчээ.

1948 оны 11-р сарын 30-ны “Үндэсний арми байгуулах тухай хууль”-ийг нийтэлж, цэрэг татлагын тогтолцоог нэвтрүүлсэн өдрийг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин байгуулагдсан албан ёсны өдөр гэж үздэг.

1949 онд АНУ-аас Өмнөд Солонгосын засгийн газарт цэргийн тусламж үзүүлэх анхны хөтөлбөрийг баталсан бөгөөд үүнд Америкийн зэвсэг, цэргийн техник нийлүүлэх, мөн Өмнөд Солонгосын армийн командлагчдыг сургах зэрэг багтсан юм. Зөвхөн 1949 онд АНУ Өмнөд Солонгосын армид 190 сая долларын өртөгтэй зэвсэг, цэргийн техникийг шилжүүлсэн (үүнд 4,9 мянган армийн ачааны машин; 105 мянган винтов, 2 мянган америк загварын пулемёт; 2 мянган М1 танк эсэргүүцэгч гранат харвагч Базука"; 105 мм-ийн гаубиц М101 гэх мэт) байна.

1949 оны 6-р сард Америкийн цэргийн удирдлагын мэдэлд байсан Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлах цэргийн байгууламжуудыг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний мэдэлд албан ёсоор шилжүүлсэн бөгөөд тухайн үед нийт 100 мянга гаруй албан хаагч байжээ. (50 мянган цагдааг тооцохгүйгээр).

1950 оны 1-р сард Өмнөд Солонгос, АНУ-ын хооронд Америкийн "цэргийн номлол" болон Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний байлдааны бэлтгэлийн цэргийн зөвлөхүүдийн институт байгуулах тухай хэлэлцээр байгуулагдав (энэ хугацаанд тэдний нийт тоо 500 байсан).

Солонгосын дайны дараах үе

засварлах

Солонгосын дайны төгсгөлд Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний нийт албан хаагчдын тоо 650 мянгад хүрсэн байна. Дайны дараах үед АНУ-тай цэргийн хамтын ажиллагаа үргэлжилж, эрчимжсэн.

1953 оны 8-р сард АНУ, Өмнөд Солонгос хоёр Солонгос-Америкийн харилцан хамгаалалтын гэрээ, 1954 оны 11-р сард Өмнөд Солонгост цэрэг, эдийн засгийн тусламж үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан. 1966 оны 6-р сард Өмнөд Солонгос Ази Номхон Далайн Зөвлөлд (англи. Asian and Pacific Councile (ASPAC) элсэв.

Вьетнамын дайны үед АНУ-аас Өмнөд Солонгосын армид үзүүлэх цэргийн шууд тусламжийн хэмжээ ихээхэн нэмэгдсэн (1961-1966 онд - 0,8 тэрбум доллар; 1966-1970 онд - 1,7 тэрбум доллар; 1971-1973 онд - 1, 45 тэрбум доллар), үүнээс гадна АНУ Өмнөд Солонгост үзүүлэх санхүүгийн зээлээ нэмэгдүүлж, түүнд хэд хэдэн цэргийн зориулалттай захиалга өгчээ.

1978 оноос Өмнөд Солонгосын цэргийн үйлдвэрүүд танк, нисдэг тэрэг угсарч эхэлсэн. 1980-аад онд Р.Рейганы засаг захиргааны үед Өмнөд Солонгост үзүүлэх Америкийн цэрэг, санхүүгийн шууд тусламж дахин нэмэгдсэн байна.

Зэвсэгт мөргөлдөөнд оролцсон байдал

засварлах
  1. Солонгосын дайнд оролцсон.
  2. Өмнөд Солонгосын засгийн газар цэргийн ар тал, засвар үйлчилгээ, орчин үеийн зэвсгээр хангах ажлыг АНУ хариуцах нөхцөлтэйгөөр цэргээ Вьетнамд илгээхийг зөвшөөрчээ. Өмнөд Солонгос 1973 онд Вьетнамаас цэргээ татсан нь АНУ-ын холбоотон орнуудын сүүлчийнх нь байсан юм. Нийтдээ 300 мянга гаруй цэргийн албан хаагч уг дайнд оролцож, Өмнөд Солонгосын цэргийн бүрэлдэхүүний зардал 927.5 сая доллар болж, цэргийн алдагдал - 3094 хүн амь үрэгдэж, 6051 хүн шархадсан байна.
  3. 2002-2012 онд Афганистанд Өмнөд Солонгосын 300 орчим цэргийн албан хаагчид, 100 гаруй бусад мэргэжилтнүүд оролцсон байна.
  4. 2004 онд Ирак дахь Өмнөд Солонгосын цэргийн тоо 3600 байжээ. 2007 оны 9-р сарын 19-ний байдлаар Өмнөд Солонгосын цэргийн анги 1200 хүнтэй байсан бөгөөд энэ нь Ирак дахь цэргийн хүчний гурав дахь том (АНУ, Их Британийн дараа) нь байжээ. 2008 оны 12-р сарын 18-нд Иракаас цэргийн бие бүрэлдэхүүнээ татан гаргасан.

Зэвсэгт хүчний жилийн төсөв:

засварлах
    • 28.94 тэрбум ам. доллар (2008)
    • 25.5 тэрбум ам.доллар (2010)
    • 28.5 тэрбум ам.доллар (2011)
    • 31.0 тэрбум ам.доллар (2012)
    • 40.1 тэрбум ам.доллар (2019)
    • 40.4 тэрбум ам.доллар (2020)
    • 45,6 тэрбум ам.доллар (2021)


Өмнөд Солонгосын хуулийн дагуу 18-35 насны бүх эрчүүд цэргийн алба хаах үүрэгтэй. Үүний дагуу Зэвсэгт хүчний өндөр тоотой бүрэлдэхүүн, чадавхи хэвээр хадгалагдаж байна. Тамирчид Олимпын наадмаас ямар нэгэн медаль хүртсэн эвсэл Азийн наадмын аварга болсон тохиолдолд цэргийн албан үүргээс чөлөөлөгддөг байна. Хөлбөмбөгчдийг 28 нас хүртэл чөлөөлдөг бөгөөд тоглогч Солонгосын аль ч клубт зургаан сар байж, БНСУ-ын Батлан ​​хамгаалах яамны клубт хоёр жил орчим тоглосон тохиолдолд цэргийн алба хаах үүргээс чөлөөлөгдөх боломжтой ажээ.