Өлзий гоо хатан
Өлзий гоо хатан (Өлзийт гоо бэйж) нь Хиад боржигин овгийн Дүүрэнтөмөр хунтайжийн эхнэр байсан. Уг гарвал нь тодорхойгүй. 1398-1399 оны орчимд Элбэг хаан түүнийг булаан авч хүүгээ хороосон. Энэ явдлаас үүдэж Монгол улс баруун Ойрад, зүүн Монгол гэж хоёр хуваагдан бутрахад хүрсэн.
Намтар
засварлахТогоонтөмөр хааны хүү Аюушридар хаан 1370-1378 онд, Төгстөмөр хаан 1378-1388 онд Умард Юанийг удирдаж байсан. Үүний дараа Аригбөхийн үр удам болох Есүдэр, Энх нар дараалан 14-р зууны сүүлч үед Монгол улсын хаан ширээнд суув. Аюушридарийн хүү Элбэг хаан 1394-1399 онд, Монгол улсын тав дэх хаадууд байсан бөгөөд гурав дахь хүү Дүүрэнтөмөр хунтайж.
Аюушридар хааны хүү Элбэг нигүүлсэгч хаан Монголын төрийг 1394-1399 он хүртэл 5 жил барьсан. Элбэг нигүүлсэгч хааны дэргэд дөрвөн Ойрадын төлөөлөгчөөр мянгат овогт Хуухай Даюу гэгч түшмэл алба хааж байв. Хаан нэгэн удаа анд явж байгаад туулай намнахад тэр туулайн цус шинэхэн орсон цасан дээр дусалсан байжээ. “Энэ цас мэт цагаан царайтай энэ цус мэт улаан уруултай тийм гоо эхнэр байдаг болов уу?” гэхэд шадар түшмэл Хуухай Даюу “Хаан таны хүү Дүүрэнтөмөр тайжийн гэргий Өлзийт гоо бэйжийгийн өнгө зүс таны энэ хэлж байгаагаас лав арван хувь үлэмж сайхан билээ” гэж аймшиггүйгээр өчихөд Элбэг нигүүлсэгч хаан ихэд хөөрч баясан “Үзээгүйг үзүүлэхийг, үлэмж хүсэл хангахыг түшмэл Хуухай Даюу та мэдтүгэй. Хожим би танд Чинсан цол өргөмжлөхөд бэлэн байх болно” хэмээжээ.
Дүүрэнтөмөр тайжийг нэг удаа анд явсан хойгуур нь Хуухай Даюу нууцаар Өлзийт гоо Бэйжийн ордонд очиж “Хаан эзэн Бэйж чиний өнгө зүсийг үзэх гэж ихэд сонирхон хүсэж байна” гэж. Тэгэхэд нь Өлзийт гоо Бэйж ихэд зэвүүрхэн “Хан тэнгэр, эх газар хоёр нийлж болдог уу? Хаан эзэн дүү бэрээ үзэж болдог уу?” гээд Хуухай Даюуг хөөж явуулжээ. Энэ тухай хаанд айлтгахад Элбэг нигүүлсэгч ихэд уурлаж, өөрийн хүү Дүүрэнтөмөр хунтайжийн ан авын замыг тосуулан туршуул илгээж түүнийг хөнөөлгөөд гурван сар болсон давхар биетэй хүү бэр Өлзийт гоо бэйжжийг дэргэдээ авчирч хатнаа болгожээ.
1399 оны нэгэн өдөр Элбэг нигүүлсэгч хаан уламжлал ёсоор их авд мордоход Хуухай Даюу мөнөөх амлсан Чинсан цолоо авах тухай ярихаар хааны замыг тосон хээр хүлээж байгааг мэдсэн Өлзийт гоо бэйж хүн явуулж “Хааныг хээр хүлээж байхаар энд ордонд ирж хүлээ” гэж хэлүүлэхэд Хоохой Даюу дуртай нь аргагүй зөвшөөрчээ. Өлзийт гоо Баажийн ордонд ирсэн Хоохой Даюуд мөнгөн аяга дүүрэн сархад барин “Бага биеийг минь их болгож, Баажий намайг хатан болгосон та ачтан хүн” хэмээн магтан асар хүндэтгэл үзүүлж буй дүр эсгэн “Танд нэн их хайр шан хүртээхийг хаан мэдтүгэй” хэмээн архи сархад шавдуулан барьсаар шал согтоожээ. Хоохой түшмэлийг согтож унасны араар түүнийг хааны орон дээр өргөн гаргаж хэвтүүлээд, өөрийн нүүрийг маажиж шалбалан, үс гэзгээ сэгсийлгэж орхиод ан авлахаар мордсон хаанд хүн явуулж дуудуулжээ. Элбэг нигүүлсэгч хааныг яаравчлан гэртээ ирэхэд Өлзийт гоо Баажий хатан нүүр хацар нь шалбарчихсан үс толгой нь сэгсийгээд уйлж суув гэнэ. Хаан гайхан юу болсныг асуухад:
“Энэ Хуухай түшмэл ордонд ирж шал согтоод намайг татаж чангаалаа. Би түүнийг эс зөвшөөрч эсэргүүцээд ийм боллоо” гэжээ. Ийм үгийг сонсоод түшмэл Хуухай балмагдан санд мэнд гарч зугатжээ. Элбэг нигүүлсэгч хаан ёсгүй түшмэлийн араас нэхэн хөөхөд түшмэл Хоохой гэдрэг дайрч эсэргүүцэн хааны эрхий хурууг тас харважээ. Энэ үед ордоны доторхи шадар цэргүүд хөдөлж Хуухай түшмэлийг барьж алав. Тэд хааны зарлигийг гүйцээсний гэрч болгон Хуухай түшмэлийн зоо нурууны арьсыг өвчин хаанд авч ирж үзүүлсэн байна. Энэ үед Өлзийт гоо Бэйж хатан Хуухай түшмэлийн нурууны арьсан дээр хааны тас харвуулсан хурууны цусыг дусаан тос мэт нялж хэдэн удаа долоогоод: “Хар санаат хааны цусыг долоож, хатгаж үхүүлсэн Хуухайгийн тосыг ууж, эм хүн би эр нөхрийнхөө өшийг авлаа. Одоо надад үхэвч гомдох газаргүй билээ.” хэмээн өчжээ.
Элбэг нигүүлсэгч хаан Ойрадын Хуухай Даюуг хилс хороосноо мэдээд гэмшихдээ түүний хүү Батулад “Би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг Чинсан болгоё. Чи Ойрадын эзэн Үгэчи хасаха лугаа хамт дөрвөн Ойрадыг захирсугай” гэж зарлиг буулгаж, өөрийн охин Самар гүнжийг Батулад гэргий болгон өгчээ. Гэтэл Ойрадын тэргүүн Үгч хашха ихэд дургүйцэж “Энэ хаан золгүй төр байгуулан дүү юүгээ алаад, бэр юүгээн авч хатан болгоод ёсгүй засагийг явуулан миний түшмэл Хуухай Даюуг бэрдээ хууртан алаад ичсэндээ ноён намайг амьд байсаар байтал миний харц Батулад, Чинсан цол өгч Ойрадыг мэдүүлэв” гэж хилэгнэн түүний эсрэг цэрэг дайчлан хөдөлгөхөөр бэлтгэж 1399 онд Элбэг хааныг хороосон. 1402 онд Гүнтөмөр хаан алагдсны дараа Үгч хашха, хаан суугаад Өлзийт гоо бэйжийг татаж аван, хатан болгов.
Гэр бүл
засварлах- Хадам ах: Элбэг хаан
- Авааль нөхөр: Дүүрэнтөмөр хунтайж
- Булааж авсан нөхөр: Элбэг хаан, Үгч хашха
- Хүүхэд: Ажай тайж
- Ач нар: Тайсун хаан, Агваржин жонон, Мандуул хаан