Яков Шишмарёв

Яков Парфеньевич Шишмарёв (1833 оны 9 дүгээр сарын 14-нд, Троицкосавск буюу өнөөгийн Хиагт хотод төрж, 1915 оны 1 дүгээр сарын 18-нд Санкт-Петербургт нас баржээ) - Оросын дипломатч, Өргөө дахь Оросын эзэн хаант улсын Ерөнхий консул, орчуулагч, монгол судлаач, оросын олон арван эрдэм шинжилгээний экспедицид тал бүрээр дэмжиж туслаж байсан хүн.

Яков Шишмарёв
Төрсөн 1833 оны 09 сарын 14
Оросын Хаант Улс, Троицкосавск хот
Амьдарч байсан газар Оросын Хаант Улс, Манж Чин улс, Ар Монгол Их хүрээ
Яс үндэс орос
Үндэстэн орос
Аль хотын суугуул Троицкосавск
Төгссөн сургууль орос-монголын цэргийн сургууль
Төлөөлөгч Оросын газар зүйн нийгэмлэгийн Сибирийн хэлтсийн жинхэнэ гишүүн
Юугаараа алдаршсан Өргөө дахь Оросын Хаант Улсын Ерөнхий консул
Шүтлэг Үнэн алдартны шашин
Эцэг эх Эцэг нь Парфений Яковлевич Шишмарёв (1806—?) Хиагтын хилийн комиссарын орчуулагч, эх Акулина Ивановна Хороших (1812—1888)

НамтарЗасварлах

Яков Шишмарёвын өвөг эцэг орос эхнэртэй монгол хүн байсан гэдэг. Эцэг нь Парфений Яковлевич Шишмарёв (1806—?) гэж Хиагтын хилийн комиссарын орчуулагч, эх нь тариачин Акулина Ивановна Хороших (1812—1888) гэдэг байжээ. Яков Шишмарёв Троицкосавск буюу өнөөгийн Хиагтад төрж, тэндээ 1849 онд орос-монголын цэргийн дунд сургууль төгссөн байна.

1855 онд түүнийг Хиагт хотын захирагчийн албанд томилсон бөгөөд ажлынхаа хажуугаар Оросын Гадаад яамнаас тусгайлан томилогдсон Хиагтын сургуулийн хятад хэлний багш К.Г.Крымскийн (1796-1861) удирдлага дор хятад, манж хэлний сургуульд үргэлжлүүлэн суралцжээ. Тэр жилдээ Зүүн Сибирийн генерал-губернатор Н.Н.Муравьевын албанд орж, Амурын судалгааны аяллуудад (экспедицид) оролцсон байна. 1858 онд тэрбээр "Айгуны гэрээ" байгуулах хэлэлцээнд орчуулагчаар оролцож байжээ. Тэрбээр хурандаа К.Ф.Будогосскийн дэргэдэх хилийн комисст орчуулагч байсан бөгөөд Уссурийн дээд хэсгээс далай хүртэлх газрын зураг тогтоон гаргахад мөн оролцож байжээ.

1859 оны 7-8 дугаар сард Бээжинд Орос, Хятадын урьдчилсан хэлэлцээ хийхэд оролцсон байна. 1860 онд мөн түүнийг "Бээжингийн гэрээ" байгуулахад оролцуулахаар Бээжинд илгээж байжээ.

1861 оноос Өргөө дахь Оросын консул К.Н.Боборыкины нарийн бичгийн дарга, орчуулагчаар ажиллаж байсан. 1864 оноос хойш Боборыкин удаан хугацаанд байхгүй байсан тул консулын үүрэг гүйцэтгэгч, консулын газрын захирагчаар ажиллаж байжээ. 1865 онд тэрбээр Оросын Консулаар, 1882-1904 онд Өргөө хотод Ерөнхий консулаар томилогдож, 1907-1911 онд Консулын газрын зохион байгуулагч албан тушаалд шилжсэн байна.

Я.Шишмарев эх орон нэгтнүүдээ хэзээ ч үг дуугүй шууд дэмжиж байгаагүй. 1883 онд Гадаад хэргийн яаманд бичсэн захидалдаа "Оросууд гэртээ ч гаргадаггүй зангаа Монголд гаргаж байна. Оросын худалдаачдын ичгүүр сонжуургүй байдал нь угийн сайхан сэтгэлтэй монголчуудын тэвчээрийг алдагдуулж байна" гэж бичиж байжээ.

1864 онд тэрбээр Өргөө хотод орчуулагчдын сургууль байгуулсан нь 56 жилийн нүүр үзжээ.

Оросын газар зүйн нийгэмлэгийн Сибирийн салбарыг төлөөлж Зүүн Монголын анхны газрын зургуудыг гаргахад оролцсон. Тэрбээр түүх судалж, санскрит, төвөд хэлнээс монгол хэл рүү ном хөрвүүлж, угсаатны зүйн цуглуулга цуглуулсан. 1863 онд тэрбээр Оросын газар зүйн нийгэмлэгийн Сибирийн хэлтсийн жинхэнэ гишүүн болж, 1865 онд Оросын газар зүйн нийгэмлэгийн мөнгөн медалиар шагнагджээ. Нийтдээ тэрбээр 9 нийтлэл нийтлүүлсэн бөгөөд ихэнх нь Оросын газар зүйн нийгэмлэгийн Сибирийн хэлтсийн тайланд багтжээ.

1911 онд тэрээр 78 насандаа Өргөө дахь Консулын албанаасаа чөлөөлөгдсөн байна. Тэтгэвэрт суугаад 1915 оны 1 дүгээр сарын 18-нд Санкт-Петербург хотод нас баржээ.

Тэрбээр амьдралынхаа төгсгөлд Монголын тухай ном бичсэн бөгөөд тэрхүү гар бичмэлийг нь 1938 онд төрөл төрөгсөд нь баривчлагдахаас айгаад устгасан гэдэг. Үүнээс гадна Яков Шишмарёв Төв Азийн байгаль, газар зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж, оросын олон экспедицийг зохион байгуулж, дэмжиж оролцсон ажээ. Тэбрээр алдарт Н.М.Пржевальский, П.К.Козлов, Г.Н.Потанин, А.М.Позднеев, В.А.Обручев, Д.А.Клементс нарыг ойр дотно мэддэг байжээ. Н.Пржевальскийтэй урт хугацаанд нөхөрлөж байсан баримтууд байдаг.