Шимо Есянь (хятадаар: 石抹也先, пиньинь: Shí mǒ yě xiān) (1177-1217) бол Алтан улсын сүүл үеийн кидан угсааны шимо овгоос гаралтай цэргийн зүтгэлтэн. Чингис хааны удирдсан монгол цэргийн хүч Алтан улс руу дайран орсны дараа дагаар орсон. 1215 онд Мухулай ноёныг дагаж Алтан улсын зүүн нийслэл Дунжин фу цайзыг довтлохуйд, Дунжин цайзын Алтан улсаас томилсон шинэ захирагчийг зам зуурт нь барьж алаад, өөрөө хувцасыг нь өмсч, Дунжинд очин, Алтан улсын бэлтгэсэн цэргийг тараалгаж, нутагт нь хариулсны дараа Мухулайн ноёны удирдсан монгол цэргийг ирэх үед цайзын хаалгыг дотроос нь нээж өгснөөр тус хотыг амархан эзлэн хотыг сахиж байсан 47 түшмэлийг алж, ойр орчмын 32 хотыг дагаар оруулсан. Мөн Алтан улсын хойд нийслэл Бэйжин хотыг эзлэсний дараа, Бэйжин хотын даргач, юйши дафу тушаалд томилов. Монголд дагаар орсон Алтан улсын түшмэл Жан Жин өөрийгөө ляоши ванд өргөмжлөн харьяат цэргээ удирдан бослого гаргасныг Мухулай ноёны тушаалаар Жан Жинийг довтлон алж гавьяа байгуулсан тул юйши дафу, их жанжинаар томилогдов. 1217 онд дайнд амь үрэгдэв.

Тэрбээр Шимо Чала, Шимо Сяньши, Шимо Моболуо, Шимо Кань хэмээх дөрвөн хөвүүнтэй.