Шагдаржавын Эрдэнэбат

Шагдаржавын Эрдэнэбат (1929-1990) Урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч, цэргийн хөгжмийн удирдаач. 1929 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. 1943-1949 онд цэргийн хөгжмийн сурагч-хөгжимчин, 1949-1952 онд ЦЕС-ийн улс төрийн анги, 1955-1960 онд ЗХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит консерваторын Цэргийн хөгжмийн салбарыг удирдаач мэргэжлээр төгссөн.

1952-1955 онд цэргийн улс төрийн ажилтан, 1960-1965 онд цэргийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга удирдаач, 1965-1969 онд БНМАУ-ын СнЗ-ийн Мэдээлэл Радио Зурагт Радиогийн Улсын Хороонд хөгжмийн редактор, 1969-1973 онд УБДС-ийн хөгжмийн удирдаач-зохиолчийн салбарын эрхлэгч, багш, 1973 оноос Хилийн цэрэгт үлээвэр хөгжмийн туслах удирдаач, Хилийн ба Дотоодын цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжмийн удирдаач, зохиолч, урансайхны удирдагчаар ажиллаж 1989 онд гавьяаныхаа амралтад суусан.

Уран бүтээлээ 1960-аад оноос эхэлж үлээвэр хөгжимд зориулсан удиртгал, найраглал, марш, бүжгийн хөгжим бичиж, 1965 оны үеэс нийтийн дуу зохиожээ. "Арав дахь хавраа үдье", "Багшаа дуулъя", "Цэнгэлтэй үдэш" зэрэг зуун дамжин дуулагдсаар байгаа олон сайхан дууны ая зохиож орчин цагийн хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч.

Тэрээр хөгжмийн онолын сурах бичиг бүтээх гэсэн анхны ородлогоог хийж 1970 оны 2-р сарын 30 өрөлтөд орж 1971 оны 9 сарын 15-нд хэвлэлтэд шилжиж анх 10000 ширхэг хэвлэгдэн гарсан "Хөгжмийн онолын сурах бичиг"-ээ Зөвлөлтийн хөгжмийн нэрт онолчдын бүтээсэн онолын хэд хэдэн суралцах болон өөрийн ард түмний хөгжмийн соёлын урын санд тулгуурлан бүтээжээ.

1961 онд МХөЗЭ-ийн гишүүнээр элссэн.

Цэргийн болон Улс, Хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж, 1988 онд Урлагийн гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.

"Арав дахь хавраа үдье" дуу бүтсэн түүхээс

засварлах

"Монголын үнэн" сонины сурвалжлагч Т.Зөнбилэгт өгсөн ярилцлагадаа энэхүү дууны шүлгийг зохиосон Ш.Сүрэнжав ийн дурсчээ:

1963 онд Их сургууль төгсчихөөд Монголын Радиод очсон юм. Тухайн үед телевиз нээгдээгүй байлаа. Тэгэхэд Эрдэнэбат гэж Москвад хөгжмийн удирдаачийн сургууль төгссөн бор залуу Хөгжмийн редакцид дөнгөж ирээд байлаа. Залуу хүн болоод ч тэр үү дан хөгжмийн уран бүтээл хийдэг байсан юм, Эрдэнэбат. Ялангуяа цэргийн марш их бичсэн хүн. Тэгээд нэг өдөр надад хандаж "Хоёулаа хамтарч нэг дуу хийе" гэхэд нь сүрхий хорхойссон л доо.

"Арав дахь хавраа үдье" дууны түлхүүр анх яаж эргэсэн гэхээр Эвлэлийн төв хорооны Сургууль пионерын хэлтэс хариуцсан "орос" Оюун "Одоогийн залуучууд гитартай их дуулдаг болж. Тэдэнд таалагдах дуу хийх үү, чи" гэхэд нь "Тэгье, тэгье. Би хийе" гэчихлээ. Ажилдаа түүртээд Оюун даргын санал болгосон дууны шүлгийг бичихээ мартчихаж /инээв/.

Нэг өдөр гэртээ сууж байтал Оюун дарга яриад "Нөгөөдөр залуучуудын чуулга уулзалт болно. Түүн дээр шинэ дууг чинь дуулуулна. Хийсэн биз дээ" гэж байна. Би ч "Хийнэ" гэж хэлсэндээ бантаад "Хийж байгаа. Сүүлийн нэг бадаг дээр засвар хийх хэрэгтэй байна" гэж хэлээд тавьчихлаа. Тэгээд ёстой та нарын хэлдгээр бүх онгодоо буулгаад бодлоо доо. Нэг, хоёр удаа бичих гэж оролдлоо, болдоггүй. Хэсэг сууж арван жилийнхээ дурсамжаа сэргээлээ. Би Налайхын 10 жилийн сургуулийн анхны төгсөгч нь юм. 1958 онд төгсч байлаа. Тэгээд хичээлээ тараад нар хэвийх алдад уулан дээр хичээлээ давтдаг байсан үе минь санаанд буулаа. Тэндээс л

"Униар татсан хаврын орой Урьхан салхи шивнэхдээ Удахгүй сургуулиа төгсөх бидний Уяхан сэтгэлийг хааш нь дуудна вэ" гэдэг бадаг нь төрсөн юм. Шүлгээ бичиж дуусчихаад Эрдэнэбат дээр очиж "Нөгөө Оюун чинь дуугаа нэхэж байна. Үүнийг үзэж бай. Чи ая хийнэ гэсэн хэвээрээ биз дээ" гэтэл "Хэвээрээ" гэж байна.

Ингээд би Дундговь уруу долоо хоногийн томилолтоор яваад өглөө дөө. Томилолтоо дуусгаад хотод ирсэн нэг л танил үгтэй дууг хажуугаар өнгөрсөн хүүхэд бүр л аялаад гарах юм. Нэг их анзаарсангүй Ш.Эрдэнэбаттай уулзсан чинь "Дуугаа хийгээд дууссан. Одоо хотын залуус дуулж байгаа шүү дээ" гэхэд л миний шүлэг байна санаж байгаа юм чинь /инээв/. Тэр цагийн залуус, өнөөдрийн сургууль төгсөж байгаа залуус ч энэ дуугаар жигүүрлэж амьдралд хөл тавьдаг болсон болов уу гэж боддог юм.

Жич: 1965 оны хавар Ш.Сүрэнжавын шүлэг, Ш.Эрдэнэбатын хөгжим "Арав дахь хавраа үдье" дууг гарахтай зэрэгцээд Хүүхдийн Пионерын Ордон (одоогийн "Урлан бүтээх төв") дээр гитарын дугуйлан байгуулагдаж З.Хангал очиж багшилсан хэмээн С.Баатарсүх дурссан байдаг. Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа манай баруун хязгаарын нутаг Ховд аймагт ажиллаж байхдаа энэ дууг гитардаж дуулсан авъяаслаг охины дууг хальсанд буулгасан нь хожим Монголын Радиогийн хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор Т.Чимэддоржийн урилгаар Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулгын анхны эмэгтэй дуучин болж ирсэн дуучин Л.Оюунчимэг байсан билээ. Мөн Налайхын анхны 10 жилийн сургуулийн үүдэнд энэ дуунд зориулсан хөшөөг босгожээ.

Ш.Эрдэнэбатын дууны уран бүтээлээс

засварлах

"Арав дахь хавраа үдье" (шүлэг Ш.Сүрэнжав) [1]

"Багшаа дуулъя" (шүлэг Ж.Бадраа) [2]

"Миний ардын сэтгэл цагаан" (шүлэг Ш.Сүрэнжав) [3]

"Хайгуулчин" (шүлэг Ш.Сүрэнжав) [4]

"Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" (шүлэг П.Бадарч) [5]

"Цэнгэлтэй үдэш" (шүлэг Ш.Шажинбат) [6]