Хүүлээ хааны хүрэн сахалт Сусаев

Халимагийн офицер Сусаев нь 1942 оны хавар Смоленскийн тулалдаанд гарамгай гавъяа байгуулсан учир ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан гвардийн 12-р хорооны урдаа барьдаг мэргэн буудагч байжээ. Харин Москвагийн дэргэдээс Сталинград руу яаралтай татагдсан мэргэн буудагч Сусаев 1943 оны нэгдүгээр сард Германы тусгай албаныханы хараанд өртөн бүслэгдэж амьдаараа олзлогджээ. Түүнийг Сталинградын алдартай мэргэн буудагч Зайцевтэй андуурч барьсан гэдэг таамаглал ч бий. Тухайн үед Иосиф Сталины 270-р харгис тушаалд байлдааны галын шугамнаас ухарсан хийгээд олзлогдсон бол урвасанд тооцно хэмээн заасан байлаа. Мэргэн буудагч Сусаев Германы цэргийн олзонд 1945 оны нэгдүгээр сар хүртэл хоригдож байгаад Биркнаугийн хорих лагерийг чөлөөлөхөд суллагджээ. Суллагдсан даруйдаа тэрбээр мотобуудлагын 248-р дивизд мэргэн буудагчаар алба хааж Прагийг чөлөөлөх тулалдаанд оролцсон байна. Гэвч түүнийг дайн дуусаад эх нутагтаа ирсэний дараа Сталины байгуулсан цэргийн онцгой комиссынхон олзлогдож урвасан хэмээн 270-р тушаалын дагуу баривчилж урвагч Власовын армийн бие бүрэлдэхүүнд оруулан Сибирьт 25 жилийн хүнд хүчир яланд зүтгэх шийтгэл оногдуулан цөлж орхисон юмсанжээ. 1948 оны сүүлээр Цэнхэрмандалын уурхайгаас цагаан тугалга олборлуулж зөөлгөхөөр 12000 олзны орос ялтан орж ирсэний тоонд Сусаев багтсан байж. Уг газрыг оросуудМодотын там” гэдэг байсан нь хожим баруунд яг энэ нэрээрээ зохиол болон хэвлэгдсэн түүхтэй. Уг уурхайд 12000 орос хоригдол, 45 газар ухагч бульдозер, 25 шороо ачигч эксковатор, 15 км усан хоолой, 58 ус татагч насос, 5 том 20 жижиг дизель цахилгаан үүсгүүр болон хамгаалалтын 8000 цэрэгтэй том бааз байрлаж, 1948 оны хавраас эхлэн 1953 оны зун гэхэд нэг ээлжиндээ 1000 гаруй автомашинаар өдөр шөнөгүй зөөсөөр бүх баялагийг нь цөлмөж дуусгасан гэдэг. Харин 1950 оны намар уг уурхайгаас долоон хүн оргосоны нэг нь Халимагийн мэргэн бууч, ЗХУ-ын баатар ахлах дэслэгч Сусаев байжээ.

Хүүлээ хааны хүрэн сахалт Сусаев

Бүтэн нэр Хүүлээ хааны хүрэн сахалт Сусаев
Төрсөн газар тодорхойгүй
Нас барсан газар БНМАУ, Төв аймаг, Хэнтийн нурууны Хүүлээ хаан хайрхан
Ажиллагаа/салбар явган цэрэг
Нэгж Гвардийн 12-р хороо, Мотобуудлагын 248-р дивиз
Дэлхийн хоёрдугаар дайн Смоленскийн тулалдаан, Сталинградын тулалдаан, Прагийг чөлөөлөх тулалдаан
Шагналууд ЗХУ-ын баатар
Бусад үйл хэрэг 1943 онд германчуудад олзлогдоод 1945 он хүртэл хоригдсон ба олзлогдсон бас дээр халимаг ястан учир Гулагт хоригдсон ба 505 дугаар онцгой ангийн хоригдлоор БНМАУ-д хүргэгдэн ирж 1950 он хүртэл хоригдол байсан ба 1950-1954 онд оргодол болсон.

Оросын цэрэг-цагдаагийн их хүч оргодолуудын араас сар гаруй хөөцөлдсөний эцэст зургааг нь алж устган нутгийнханы хэлдэгээр “хүрэн сахалт”-ыг Хүүлээ хаан уул руу алдаж орхижээ. Угаасаа Хүүлээ хаан ууланд эрт дээр үеийн шилийн эрсийн орогнож байсан хэд хэдэн агуй нуувч бэлээхэн байсан нь мань эрд нуугдах боломж олгосон байна. 1951 оны хавар Хүүлээ хаан ууланд Сусаев бүгж байгаа нь нутгийн олонд илэрхий болсон учир 500 орчим орос цэрэг ирж Борхужирын улаан буланд байрлан үе үе чанга яригчаар уул руу хандан “Чамайг өөрөө ирж бууж өгвөл амийг чинь өршөөнө” хэмээн хэдэн өдөр зарлаж байгаад араас нь хөдөлсөн боловч долоо хоногийн дараа 10-аад хүнээ Сусаевийн суманд алдаад хоол хүнс нь дууссан учир юу ч үгүй бууж ирсэн байна.

Үүний дараа 1952 оны зун ЗХУ-аас татаж авчирсан 30 орчим чекист эр “местный” оросуудаар газарчлуулан Хүүлээ хаан руу орж уулан дээгүүр нь байлдааны онгоц хүртэл эргэлдээд бөөн сүр дуулиантай самналт хийжээ. Гэвч 14 хоног хөөцөлдсөний эцэст чекист оросууд тал хувь болох 15 хүнээ “Хүрэн сахалт”-ын мэргэн суманд алдаад мөн л ганзага хоосон буцжээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа монголчуудыг хүртэл оролцуулан отолт занга хийж үзсэн боловч Сусаев өөрөө цэв цэвэрхэн харин ч мэдэгдэхүйц хүн хүчний хохирол учруулаад зайлан гарч чаджээ. Гэхдээ тэрбээр монголчуудыг амин газраар нь бус шархдуулж бууддаг байсан бол харин өөрийгөө мөрдсөн оросуудыг цохонд нь юм уу зүрхээр нь нэвт буудаж алдаг байсан гэдэг. Үүний дараа 1953 оны мөн л Оросын 300 орчим зэвсэгтэй цэргүүд ирж Хүүлээ хаан уулыг нэгжин хүрэн сахалтын араас мөшгөсөн боловч хорь орчим хүнээ хядуулаад ямар ч урамгүй буцсан байна. Энэ явдлын дараа жил хэртэй Сусаевыг мөрдөн хөөх үйл ажиллагааг зогсоожээ. Ингээд 1954 оны зун Москвагаас Катерина хэмээх чекист хүүхнийг авчирч нутгийн ногоочин орос Климовынд суулгахын зэрэгцээ уул усанд дасгаж хэд хоног бэлтгэл хийлгээд хэдэн өдөр цор ганцааранг нь ойд жимс түүлгэхээр морин тэрэгтэй явуулжээ. Катерина хэмээх тэрхүү царайлаг чекист хүүхэн яг л алтан гургалдай шиг уянгалаг хоолойгоор дуулдаг нэгэн байсан гэдэг. Тийнхүү жимс түүж яваад санамсаргүй байдлаар хүрэн сахалттай тааралдаж цаадах нь ганцаардсан эр хүн юм болохоор хүүхэнд шууд л сэтгэл татагджээ.

Ийнхүү хэд хэдэн удаа сэжиггүй болзож дотноссоны дараа нэг удаагийн уулзаж болзох газарт нь шилдэг 12 мэргэн буудагч аваачин отоонд суулгажээ. Сусаевыг амьдаар нь барих маш осолтой байсан учир газар дээр нь буудан алах тушаал өгсөн гэдэг юм. Ингээд мань эрийг Катятай болзсон газраа уулзахаар ирэхэд нь мэргэн буудагчид газар дээр нь шууд нам буудан унагасан бөгөөд хожим нь мөн эсэхийг нь үзэж гэрчлэхээр очсон монголчууд биед нь зургаа, толгойд нь гурван сумны нүх онгойж байсан хэмээн ярьдаг ажээ. Оросын шалгарсан 48 шилдэг чекистийг Монголын нутагт буудан устгасан Халимагийн баатарлаг оргодолын үнэн бодит түүх ийнхүү эмгэнэлтэйгээр өндөрлөсөн бөгөөд харин түүний тухай үлгэр туульс шиг өчнөөн яриаг өнөөдөр ч нутгийн ардууд үргэлжлүүлэн зохиосоор байгаа билээ.

Хүүлээ хаан хайрхантай холбоотой сонирхолтой баримтууд

засварлах
  • 1900 оны орчим Шөргөөн Дамдин хэмээх шилийн хулгайч гурван хятад худалдаачныг цааш нь харуулж араас нь нэхсэн арван тавны цагдаа нараас хоёрыг нь хүндээр шархдуулан Хүүлээ хаан уул руу гарч байсан. Түүнийг мөн л Манж амбаны зүгээс тохоон томилсон тусгай морьт отряд бүтэн жил эрж хайн самнаж байж анчин Жадамбаа хэмээх мэргэн бууддаг нөхөр отож байгаад буудаж алсанаар хэрэг шувтарч байжээ. Эндээс үзэхэд Хүүлээ хаан ууланд тавь тавин жилийн зайтай заавал ямар нэгэн зэвсэгт мөргөлдөөн гарч хүний цус урсдаг гэсэн мухар сүсэг хүртэл бий болоод байгаа юм
  • 2000 онд Авдрантын гяндангаас хянагч нараа алаад оргосон Дорнодын онгорхой” Чука тэргүүтэй ялтанууд хүртэл Хүүлээ хааны хөвч рүү зугтаж яваад тусгайгийн отолтонд орж буудуулан амь насаа алдаж байсан

Мөн үзэх

засварлах