АРХАНГАЙ  АЙМАГ ЭРДЭНЭБУЛГАН СУМ

Түүхэн товчоо

           Цэцэрлэг хотын үүсэл нь Заяын хүрээ байгуулагдсан он цагаас тоологдож 400 гаруй жилийн түүхтэй Хархорум хотын дараа орох Монголын эртний хоёр дахь хот юм.

           1586 онд Булган уулын өвөр “Чонотын хөндий” хэмээх газарт Заяын хүрээний шавыг тавьж, анхны дуганыг барьсан хэмээн “Итгэл шаштир” судрын 9 дүгээр дэвтэрт тэмдэглэсэн байна. Харин 1631 оны цагаагчин хонин жил өргөтгөн тэлж Заяын хүрээний анхны томоохон дуган, сүмүүдийг барьж эхэлсэн. Автай сайн ханы дүү Түмэнхэн Хөндлөн Сайн ноёны хоёрдугаар хүү Бэгтэсжав буюу Данзан лам өвөг эцгийн тусламжаар Далай ламтай холбоо тогтоон шашны үйлсэд шамдаж нэр хүндийг олжээ. Хожим нь II Зая гэгээн Лувсанпэрэнлэй 1679 онд Цаст Түвдийн орноос нутагтаа морилоод хүрээний суурин дээр дөрвөн их дацан байгуулж, орон хүрээгээ бий болгосон нь “Заяын хүрээ” гэгдэн хуврагуудын их аймаг болсон аж.  

           Хожим Заяын хүрээний суурин дээр Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум үүсэж хөгжсөн түүхтэй. Хангайн нурууны ой мод, гол мөрөн, ан амьтан арвинтай, төрөл бүрийн ургамал, цэцэг, жимс дэлгэрсэн байгалийн гоо үзэсгэлэн бүрдмэл өндөр, сүрлэг дархан цаазат Булган уулын өвөрт, Хойд ба Урд Тамир голын дунд далайн түвшнээс дээш 1695 метрийн өндөрт оршино.

           1922 онд Сайн ноён ханы аймгийн чуулган даргын захиргаа нүүдэллэн ирж суурьших болсон тэр үеэс оршин суугчдын тоо өсч, хөл хөдөлгөөн ихэссэн.

           Архангай аймгийн Эрдэнэбулган сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Цэцэрлэг мандал уул аймгийн Эрдэнэбулган уулын хошуу. Эл зохион байгуулалтаар Заяын хүрээ хавийн ард иргэдийг ойролцоо байгуулагдсан Бумбат, Бүхт гэдэг хоёр суманд харъяалуулж байсан боловч удалгүй 1923-1924 оны үед дээрх хоёр сумыг нэгтгэн Булган сумыг байгуулж Заяын хүрээнд төвлөрүүлжээ. 1952 онд Булган сумын 7, 10, 11, 12 дугаар багийг нэгтгэн аймгийн хороо, захиргаа буюу аймгийн төв, 1961 онд Цэцэрлэг хот, 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 33 дугаар тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сум хэмээн нэрийдэж төвийг нь Цэцэрлэг хот гэж тогтоожээ.

Газарзүйн байршил

           Эрдэнэбулган сум нь Улаанбаатар хотоос 483 км зайтай, Булган, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр сумдтай хиллэдэг.

           Хангайн уулархаг муж, далайн түвшнөөс дээш 1695 метрт өргөгдсөн, геоморфологийн хувьд Орхоны сав дахь дундаж өндөр уулс, Орхон тамирын бэлчирт багтана. Нутаг дэвсгэр нь газрын гадаргын хувьд уул нуруу, гол горхи, хонхор хөндий ихтэй.

           Хөрс ургамал, бэлчээр ус

           Хөрсний бүтэц нь их төлөв ойт уулсын саарал, хар шороон хөрс, уулын хар хүрэн хөрс, уулын ам хөндийн хар бараан хөрстэй хосолсон хүрэн, хар хүрэн хөрс нэлээд хэсгийг, тал хээрийн хүрэн, цайвар хүрэн хөрс, нуга, намгийн хар хөрс багахан хэсгийг, уулын хяр хад, асга, цасан дорх хөрс ялимгүй хэсгийг эзэлнэ.

           Тус аймгийн нутагт 1700-гаад зүйлийн ургамал ургадгаас Хуайс, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, монос, тавилгана, шар мод, далан хайлс, гацуур, жодоо, сөөгөн ба бургасан царам, шинэс, хуш, хус, зожир өвс, улиас, бургас зэрэг тавь гаруй төрлийн модлог, бутлаг ургамал ургадгийн зэрэгцээ монгол алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрүү, бамбай, нохойн хошуу, царван, төллүүр, өргөст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдүүжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, сөд өвс, говийн ганга, тарваган шийр, зүрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан түрүү, чихэр өвс, хурган гоньд, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий.

           Жимс, жимсгэний төрлөөс үхрийн нүд, хар хад, аньс, нохойн хошуу,  өргөст тошлой, улаалзгана, самар, тансаг үнэрт ургамлаас агь, ганга, даль, санхам, минжиннаваг зэрэг ургамлууд ургадаг. Нар, хур хосолсон хавар, зуны дэлгэр сайхан улиралд удвал, шар яргуй, хөх яргуй, цээнийн ягаан, багваахай цэцэг зэрэг ургамал ургадаг.

10 гаруй гол горхи, Хүрээ нутаг, Ганц мод, Жамган, Шивэрт зэрэг рашаан устай.

Ан амьтан

           Янгир, шилүүс, буга, зэрлэг гахай, бор гөрөөс, үнэг, чоно, чандага, туулай, тарвага, зурам, хэрэм, жирх зэрэг ан амьтан элбэг.

Уур амьсгал

           Цэцэрлэг хотод агаарын дундаж температур 0.10С бөгөөд 1 дүгээр сарын дундаж температур -250С хэм хүйтэн, 7 дугаар сарын дундаж температур +320С хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь манай орны хамгийн их тунадастай нутгийн нэг бөгөөд Цэцэрлэг хотод жилд дунджаар 300-400мм тунадас унана. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/с бөгөөд хамгийн их салхитай үеийн дундаж хурд 22-25 м/с хүрдэг юм.

           Жилийн агаарын дундаж чийгшил 45-50%, хамгийн их нь 60%, хамгийн бага нь 30% байдаг ба чийгшлийн хамгийн өндөр нь 7-8 дугаар сард, хамгийн бага чийгшилтэй нь 3-4 сар байдаг.

Түүхийн дурсгалт газар

Эрдэнэбулган сум нь түүх, соёлын дурсгалын газрууд ихтэй.

           Булган уулын Байгалийн дурсгалт газар: Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уул нь нутгийн сүсэгтэн олон шашны зан үйл үйлддэг дэлхийд зул өргөдөг гурван уулын нэг юм. Далайн түвшнээс дээш 2143м өндөрт өргөгдсөн. 1965 онд анх дархан газар болгосон байдаг. 1995 онд байгалийн дурсгалт газрын ангиллаар 1.8 мян.га талбай бүхий газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ.

           Эрдэнэбулган сумын төвд орших Улсын тусгай хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал Заяын гэгээний хийд, чонон хөшөө, Булган уулын бурханы зосон зураг, Сандуй хувилгааны дуган зэрэг бүтээл байдаг.

1. Чонон хөшөө

           Заяын хүрээний дурсгал буюу дугануудын дунд Чонон чулуун хөшөө байрладаг ба хөшөөг 1956 онд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Хаалгатын амнаас олсон байна. 46 см өндөр яст мэлхий чулуун суурин дээр байрлах 194 см өндөр тус хөшөөний оройн хэсэгт хүүхэд хөхүүлж буй чонын дүрстэй бөгөөд 582 онд босгосон Түрэгийн дөрөв дахь хаан Таспарын дурсгалд зориулан босгосон талаар Чонын дүрсний доод хэсэгт Согод бичээсээр сийлсэн байдаг.Энэ нь МЭ 582 онд бүтээгдсэн Монгол нутаг дахь нүүдэлчин Түрэг овог аймгийн уг гарвалыг илэрхийлсэн цор ганц түүхийн биет дурсгал юм.

2. Булган уулын бурханы зосон зураг

           Булган уулын энгэрт Богд Зонховагийн дүр болон Нархажид, Оточ манал, Цагаан дарь эх, Луваанжалбуу бурхадыг XVIII-XIX зууны үед бүтээн залсан байдаг. XVIII-XIX зууны үед бүтээсэн нь тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол бичиг, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг. Зулын 25, шинийн 8, битүүн тэргүүтэй билэгт сайн өдрүүдэд Булган уулнаа зул өргөдөг уламжлал тогтсон нь одоо ч хадгалагдан үлдсэн байна.

3. "Галдан зуу" хийд

           Булган уулын өврийн Эрдэнэ толгой дээр "Галдан зуу" хийд байрладаг. Тус хийдийг 1980-аад оны дундуур Богд Зонховын их дүйцэн билигт сайн өдөр ахин сэргээн засварласан. Монгол Улсын түүх соёлын дурсгалт газруудын нэгэнд тооцогддог.

Хийдийн дотор 4.5 метр өндөртэй бурхан багшийг хоёр шавийнх нь хамт байрлуулж шүншиглэсэн аж.

Эрдэнэбулган суманд түүх соёлын үнэт өв болсон олон гэрэлт, хөшөө дурсгалууд бий. Үүнд:

1. Зая гэгээний I дүр Лувсанпэрэнлэйн хөшөө

           Сууринаасаа нэг метр гаруй өндөр, хүрэл цутгамал суумал энэ хөшөө бол Заяын гэгээний I дүр Лувсанпэрэнлэйн хөшөө юм. Хөшөө Булган хайрхан уулын энгэр бэл газар аймгийн музейн урд хэсэгт “Зая” цогцолборын голд оршиж байна. Монголд Зая гэгээний долоон дүр заларсан байдаг ба анхны дүр Лувсанпэрэнлэй 1642 онд тодорч байжээ. Анхны дүр нь бурхан шашны олон ном бичиж, нутаг орондоо бурхан шашныг хөгжүүлэх, ёс суртахууныг бий болгох, төлөвшүүлэх, зон олондоо айлдвар айлдах гэхчлэн гавьяатай үйлсийг бүтээжээ.

2. Бурхан багшийн сэрэг дүр

           2007 онд Булган ууланд Бурхан багшийн сэрэг дүрийг залан Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн болгосон. "Бурхан багшийн сэрэг дүр" бүхий уул өөд өгсөх 108 шат бүхий томоохон цогцолбор юм.

3. Г. Дэмид жанжны хөшөө

           1900 онд Ихтамир сумын Хан-Өндөр багийн Алтантэвш хэмээх газарт мэндэлсэн. Тэрээр Монгол Улсын анхны сургууль болох Хан-Өндөрийн бага сургуульд суралцаад 1921 онд ардын журамт цэрэгт элсэж, цагааны дээрэмчдийг бут цохиход гавьяа байгуулжээ. 1930-аад оноос цэргийн яамны сайд бүх цэргийн жанжин, 1936 оны эхээр улс орноо батлан хамгаалахад оруулсан хувь нэмрийг үнэлж улсын бага хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр Г.Дэмидийг БНМАУ-ын маршал (өрлөг жанжин) цолоор шагнажээ. Тэрээр нам төрийн зүтгэлтэн манай цэргийн анхны өрлөг жанжин юм.

4. Н.Жамъян аваргын хөшөө

           Улсад 2 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэж, 1 удаа дөрөвт үлдэж, 10 гаруй удаа шөвгөрчээ. 1926 онд анх улсын баяр наадамд 960 бөхөөс буур Жамъян 10 давж түрүүлж, мөн аймгийн Төмөрбаатар 9 давж үзүүрлэжээ. Н. Жамъян нь  Гайхамшигт, улс даяар маш гайхамшигт, харилтгүй үнэн хүчит, даяар дуурсагдах далай даян хамаг олны сэтгэлийг татагч, даян аварга гэсэн цолтой байсан.

5. Р.Минжүүр аваргын хөшөө

           Төр нийгмийн зүтгэлтэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар Рэнчингийн Минжүүрийн 100 насны гэгээн дурсгалд  зориулж боржин чулуугаар сийлбэрлэн бүтээсэн 5 метрийн  өндөртэй, 30 тн жинтэй энэхүү хөшөөг 2014 онд бүтээсэн байна. Хөшөө нь 2 хэсгээс бүтэх ба суурийн хэсэг нь 2 м өргөн, 2 м өндөр, их биеийн хэсэг нь 3 м өндөр юм.

           Тус хөшөөг босгохдоо Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор босгосон бөгөөд тухайн саадыг “Баатруудын нэрэмжит саад” болгосон байдаг.

6. Бөх Билэгтийн хөшөө

           “Эрт цагт аварга могой газраас цухуйн хамаг амьтныг залгин гамшиг тарьж буйг Бөхбилэгт гэгч их хүчтэн Булган уулнаас Тайхар чулууг үүрч Цагаан даваагаар давж, уулын оройгоос могойн толгой руу шидэн даржээ” гэсэн домогтой. Ойролцоогоор 3 м орчим өндөртэй, могойг том чулуугаар дарж буй утга бүхий энэхүү уран баримал хөшөөг Архангай аймгийн Хашаат сумын уугуул, уран барималч С.Чоймбол түүний дүү уран барималч С.Чимэд, БНМАУ-ын гавъяат уран сийлбэрч С.Чуваамэд нар үлгэр домог ийм л байх боловуу хэмээн хэлбэр, дүрс, утга агуулгыг сэдэж гарган хийж байжээ. 

7. Самойл Мойсолевич Немойны хөшөө

           Зөвлөлт Орос улсын мэргэжилтэн их эмч С.М.Немой түүний гэргий Хася Матвеевна нарын зэрэг авъяас чадвартай олон эмч нарын хамт ажиллаж аймгийн эмнэлгийг анх байгуулан ажиллаж, 1932 онд Тариат суманд хувьсгалын эсэргүү бүлгийг дарах тулалдаанд оролцож байгаад харамсалтайгаар амь насаа алдсан ба түүний үйл хэргийг мөнхжүүлэхийн тулд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1960 оны 8-р сарын 29-ний зарлигаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийг С.М.Немойн нэрэмжит болгон түүний хөшөөг босгосон болно.

8. Виктор Станиславович Кияковскийн хөшөө

           1932 онд Монгол Улсад ирж улсын аюулаас хамгаалах байгуулагад зөвлөхөөр ажиллажээ. Тэрээр баруун, төвийн аймагт тухайлбал: Д.Содном сайдын отрядын бүрэлдэхүүнд оролцон Архангай аймгийн Тариат сумын нутаг Баян-Улаан уулын орчим газар дайсны эсрэг хүч тэнцвэргүй тулалдаанд эрэлхэг зориг гарган байлдаж, 1932 оны 5 дугаар сарын 13-нд Монгол ах дүү нартаа туслахаар ирсэн үүргээ нэр төртэй биелүүлж алтан амиа алдсан юм. Кияковский Зөвлөлтийн Улаантугийн одонт, хүндэт чекист байв.

9. Хэлмэгдэгсдийн хөшөө

           1937.09.10-нд нийтийн баривчилгаа эхэлж 35000 гаруй хүнийг хэлмэгдүүлжээ. 1990 оноос төр засаг дурсгалыг мөнхжүүлэх, уучлалт гуйх, нөхөн олговор олгох зэрэг ажил зохиож байв. ”Монгол Улсын УИХ-ын 1996 оны 08 дугаар сарын 29-ний 33-р тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгосонд зориулж босгосон юм.

Засаг захиргаа, хүн ам

           Эрдэнэбулган сум нь Цагаан даваа, Арслан цохио, Цогт уул, Бор толгой, Баян булаг, Хоршоолол, Тамир гэсэн 7 багийн нийт 6512 өрхийн 21841 хүн амтай. нийт газар нутаг 1537.6 га талбайтай, Хүн амын нягтралаар хамгийн өндөр буюу 0.74 хүн/га, төр, захиргааны болон үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ давамгайлсан хот суурингийн амьдралын хэв маяг зонхилдог, Оршин суугчдын дийлэнх нь төрийн болон худалдаа, үйлчилгээний байгууллагад ажилладаг.

Эрдэнэбулган сумаас төрсөн алдартнууд:

Хөдөлмөрийн баатрууд:

·        Хөдөлмөрийн баатар У.Доржпалам

·        Хөдөлмөрийн баатар Р.Ёндон

·        Хөдөлмөрийн баатар Д.Гантөмөр

·        Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвжав

Гавъяатууд:

·        Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Б.Раднаа

·        Гавъяат тээвэрчин Л. Пэрэнлэй

·        Гавъяат тээвэрчин М. Равдан

·        Гавъяат тээвэрчин Д. Дамдинсүрэн

·        Гавъяат барилгачин С. Дамдинсүрэн

·        Гавъяат барилгачин С.Насан

·        Гавъяат барилгачин Ц. Цэвээн-Очир

·        Гавъяат багш Т. Нямдорж

·        Гавъяат багш Д. Гончиг

·        Гавъяат багш Г. Шаалай

·        Гавъяат эмч Э. Баатархүү

·        Гавъяат эмч Н. Очиржанцан

·        Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д. Дагвасүмбэрэл

·        Гавъяат жүжигчин Ш. Чогсомжав

·        Урлагийн гавъяат зүтгэлтэн Г. Эрдэнэбулган

·        Соёлын гавъяат зүтгэлтэн С. Даваадорж

·        Гавъяат жүжигчин Д. Баянжаргал

·        Гавъяат жүжигчин Ц. Сандаг-Очир

·        Гавъяат С.Жүнш

·        Гавъяат Д.Ганболд

·        Гавъяат багш М.Шагдарсүрэн

·        Гавъяат Ш.Нэргүй

·        Гавъяат А.Оюунчимэг

·        Гавъяат Г.Жамц

·        Гавъяат С.Баасанжав

·        Гавъяат С.Лхамжав

·        Гавъяат С.Бадамдорж

·        Гавъяат Р.Бямбаахүү

·        Гавъяат Ч.Оюунчимэг

·        Гавъяат Л. Рэнцэндорж

·        Гавъяат С.Нямдорж

·        Гавъяат Г.Даваа

·        Гавъяат С.Бараасан

·        Гавъяат Б.Ёндонжамц

·        Гавъяат Р.Батмөнх

·        Гавъяат Ц.Дорждавга

·        Гавъяат С.Отгонбаяр