Хутагтай сэцэн хунтайж

Хутагтай сэцэн хунтайж (1540-1586) нь Ордосын Гүнбилэг мэргэн жононгийн 4-р хөвгүүн Номтарни гоо тайжийн Нигун төгс сэцэн хатнаас[1] 1540 оны "цагаан хулгана жил"[2] төржээ. Боржигин овогтон. Цол нь Сэцэн хунтайж.

Тэрбээр авга өвөө Түмэдийн Алтан хааны шадар түшмэл, Засагт Түмэн хааны ойр шадар ноёдын нэг байв. Өнгөрснийг хөөж, ирээдүйг угтаж мэдэх сэцэн хэмээн зөн билигийн чадвар нь домог болон алдаршиж, Мин улс, Ойрад, Түвэд зэрэг улс аймгуудын эсрэг дайтаж ялж байсан ялгуусан жанжин байснаас гадна Хубилай сэцэн хааны үеэс өвлөгдөж ирсэн Дөрвөн төрийн Арван буянт номын цагаан түүх гэх хууль цаазын бичгийг шинэчлэн найруулж тархааж, хураасан улсаа цааз ёсоор засаглан засахыг эрхэмлэж байсныг мэдэж болно.

Түүхэн тойм

засварлах

Хар нохой жил буюу 1562 онд 23 насандаа Дөрвөн Ойрадад морилон Эрчис мөрнөө Торгуудыг довтолж Хар Буур ноёныг алж, голомтод нь хар тугаа хатгаад, Шилбис Торгууд хоёрын заримыг нь агуулж харьж ирвэй.[2] Улаан бар жил буюу 1566 онд 27 насандаа Төвдөд морилон буулган авч ирэв.

1572 онд сэцэн хунтайжийн Буяндара хулачи баатар, Сайндара чинбаатар тэргүүтэн ноёд Тогмагийн Ахасар султаныг довтлон улс малыг нь талж авчан Чэүгэй нэрт хатныг Чинбаатар өөртөө авч буцан явах замдаа Ахасар султаны арван түмэн цэрэгт ялагдаж, Сэцэн хунтайжийн хөвгүүн Өлзий илдэч ганц мориор зугтан гарч ирсэн тул харагчин тахиа жил буюу 1573 онд 34 насандаа хоёр дүүгийнхээ өсийг авахаар 700 цэрэг шалган авч өст Хасулугийн Ахасар султаныг дайлан Эшил дабу гэх газарт байлдан дарж Ахасар султан, гурван хөвгүүдийг нь олзлон авч хоёр дүүгийнхээ өсийг авч нутагтаа буцжээ. Энэ тулааны тухай Эрдэнийн товчид ийн өгүүлжээ:

Сэцэн хунтайж зарлиг болруун: Энэ байрд миний урьд хэн бээр бүү ор. Би өөрөө удирдах хэрэг буй хэмээгээд, Бургучагийн Сайн уул сарвай сайн улаан морин хэмээхийг унаж, зааны арьсаар хийсэн алтат улаа муша хуягаа өмсч, өөрөө удирдаж орон ирэхүйеэ, чанад дайсны цэргийн нүдэнд нь тэргүүлэгч хүний хөмсөг сахлаас нь гал бадран, хоёр этгээд нь хоёр аймаг хар морьтон цэргүүдийн морьдын хөлөөс нь гал шатан ирэхүй үзэгдэн бүхийеэ даруйд хөдөлж өгөн дарагдсанд, их харгуй бостол цавчиж, Чин баатарын хуягийг нь таньж аван Ахасарын хөвгүүн гурван Султаныг амьд барьж, тэднээ үг хэлж амьд тавин илгээгээд тийн хоёр дүүгээ өсийг сайтар өслөн эгээрч харьж ирэн авай.[3]

Хөх нохой жил буюу 1574 онд Дөрвөн ойрадыг Буянбаатар хунтайжийн хамт Хойдын Эсэлбэй сайнхиаг найман мянган хойд аймгаар нь олзлон эрхшээлдээ оруулаад, Буянбаатар хунтайж Эсэлбэй сайн хиагийн урхинд орж Гэрчэбагын голд алуулав. 1577 онд Түмэдийн Алтан хаан Хөхнуурын Цавчаалын Тэгчэнчойнхорлин сүмд очиж Төвөдийн Зонхавагийн тэргүүн лам Содномжамцыг залах гурван ээлжийн элч томилоход гутгаар удаад Хутагтай сэцэн хунтайж, Түмэдийн Даян ноён тэргүүтэй 3000 ардаар угтан алт, мөнгө, элдэв эрдэнэ, алт мөнгөн буйлтан тэмээд, эрднээр чимсэн алтан эмээл хазаартай түмэн морьд зэрэг түмэн тоот бэлгийг барьжээ. Тэр жилээ Алтан хан, Содномжамцад Далай лам цол өгөхөд III Далай лам бээр Хутагтай сэцэн хун тайжид "Цогцсон зүрхэн сэцэн хунтайж"[4] цол хайрлажээ. 3-р Далай лам түүнийг урьд Магада улсын эзэн Сүгжан Нинбо хаан[5] байсан гэж дурджээ.

1586 онд Хутагтай сэцэн хунтайж 47 насандаа таалал төгсчээ. 1587 онд түүний ууган хөвгүүн Өлзий илдэч дархан баатар залгамжлан, Баатар сэцэн хунтайж цолтойгоор засгийг барьв. 1589 онд шарагчин үхэр жилд Баатар сэцэн хунтайж халивай. Өлзий баатар сэцэн хунтайжийг түүний хөвгүүн Бат залгамжлан сэцэн хунтайж цолыг өвлөн авав. Түүний жич хүү Саган тайж 1615 онд өвөг эцгийн Сэцэн хунтайж цолыг өвлөн залгасан бөгөөд түүхч, бичгийн нэртэй эрдэмтэн байв. Тэр “Эрднийн товч” түүхийн зохиолыг 1662 онд бичиж дуусгаад тархаасан нь одоо үед монголын түүхийг судлах чухал хэрэглэгдэхүүн болжээ.

  • Ээж: Нигун төгс сэцэн хатан[1]
  • Хатан: Торгонзул сэцэн хатан[6]
  • Хөвгүүд: Өлзий илдэч дархан сэцэн баатар (1556-1589)[7], Шидадай сэцэн цөөхүр[7], Хүдэдэй бинт дайчин[7], Буянтай сэцэн зоригт[7], Бумбудай цогт тайж[7], Бумбашири сэцэн[7], Данашири хатан баатар[7]
  • Өлзий дархан баатар сэцэн хунтайжийн хөвгүүн Бат баатар сэцэн хунтайж болой, Бат баатар сэцэн хунтайжийн хөвгүүн Саган сэцэн хунтайж. Саган сэцэн хунтайж бол 17-р зууны эхэн үеийн Монголын төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин, түүхч хүн. Эрдэнийн товчийг зохиогч юм.
  1. 1.0 1.1 1.2 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т. 139
  2. 2.0 2.1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.140
  3. Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.142
  4. Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.152
  5. Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.150
  6. Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.158
  7. 7.0 7.1 7.2 7.3 7.4 7.5 7.6 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.145