Хурхан (манж хэлᡥᡡᡵᡥᠠᠨ,галиг:Hūrhan, хятадаар:扈尔汉, пиньинь: Hù'ěrhàn) (1578-1623) нь манжийн тунгия овгийн хүн. Хожуу Алтан улсын Нурхач хааны таван их сайдын нэг, улс төрийн зүтгэлтэн. Түүний эцэг Хулаху нь өөрийн дайсан овгийнхонд алуулсны дараа, 1590 онд 13 настайдаа Нурхачийн цэрэгт элсэхэд, Нурхач түүнийг өргөмөл хөвгүүнээ болгож, хүмүүжүүлэн өсгөв. Хурхан өсч том болох үедээ энэ ачийг санаж, Нурхачийн цэргийн манлайд тулалдаж байв.

1607 онд Варка овгийн Фэйю хотыг Ула аймгийн бэйл Бужаньтай довтолсонд тус хотын захирагч Гэмүтэхэй Нурхачаас тусламж гуйж элч илгээв. Нурхач хариуд нь дүү Шурхач бэйл, Хурхан жанжин нарт 3000 цэрэг өгч, Фэйю хот руу илгээсэнд, Ула аймгийн бэйл Бужаньтай нэг түмэн цэргээр Нурхачийн цэргийг довтлов. Хурхан, Янгула нарын жанжид 300 цэрэг авч алгинчилж, Бужаньтайн түмэн цэргийг ууланд бүслэн Фэйю хотын 500 өрхийг хамгаалан тулалдан, Ула аймгийн цэрэгт цохилт өгөв. 1607 оны зун Нурхач өөрийн дүү бэйл Баяарад мянган цэрэг захируулан, Хурханыг манлайд нь илгээж Ула аймгийн харъяат Хэсихэ, Омо, Сулу, Фунахэ зэрэг овгийг эзлүүлэхээр явуулсанд 3 зам, 2000 гаруй иргэнийг эзлэв. 1607 оны өвөл 12 сард Хурхан, Хохори, Эйду нарын жанжид 2000 цэрэг захирч Хурха аймаг, Жакута хотыг дайлж, мянга гаруй хүн алж, хоёр мянга гаруй хүн олзлоод буцав. 1613 онд Хурхан жанжин Нурхачийг дагаж Ула аймгийн Ула хотыг эзлэн авахад байгуулсан гавъяа нь түүнийг Таван их сайдын нэгд оруулахад нөлөөлсөн. 1616 онд Хожуу Алтан улс байгуулагдах үед Улс байгуулсан таван их сайдын нэгд өргөмжлөгдөв. Тус жилийнхээ намар Аньфиянгугийн хамт 2000 цэрэг удирдан Сахалиян аймгийн Уржян гол дагуух 36 тосгоныг эзлэн авчээ. хөвөөт цагаан хошууны цэргийг удирдан Сархугийн тулалдаанд Мин улсын цэргийг ялж, гавъяа шагнал хүртэж байв. 1623 оны 8 сард 48 насандаа өөд болжээ.

Хурхан нь Хунташи хэмээх хөвгүүнтэй. Гутгаар дэсийн зунбин түшмэл, намтар нь тодорхойгүй.

Холбоотой хуудас

засварлах