Хатны булаг
Хатны булаг нь Хатанбулаг сумын төвөөс баруун тийш 25 км зайтай оршдог[1] домог рашаан булаг юм. Тахилга хүрэн хэмээх уулын энгэрээс эх авсан энэхүү булаг нь өвөл зун ширгэдэггүй урсдаг байна.
Түүхэн тойм
засварлахХатны булгийн хоёр талд баруун, зүүн шивээ гэдэг нэртэй хоёр жижиг толгойд харуул, хэвтүүл байсан гэдэг. Булгийн ойролцоо нэгэн түмэн цэрэг байрлаж байсан болов уу гэмээн хүрээ гэж нэрлэгддэг чулуугаар барьсан таван хашаа болон Хатны бунхан нэртэй овоолго байдаг. Үүнийг Чингис хааны хатны бунхан гэж нэрлэдэг.
Тусгай хамгаалалт
засварлахХатанбулаг сумын ИТХ-ын 1998 оны 4/8 дугаар тогтоолоор Хатны булгийг тусгай хамгаалалтад авчээ.
Байгаль орчин
засварлахБулгийн орчмын уулс аргаль, янгир, хулан, хар сүүлт, зээрийн сүрэг, шилүүс, мануул мэт зэрлэг амьтадтай. Баруунаас зүүн тийш чиглэн тогтсон хад цохиод уулсын царам хөндийтэй. Хатны булгийн ус нь зун цагт шүд ташим хүйтэн байдаг бол өвлийн цагт бүлээнээр ундардаг онцлогтой.
Хэрэглээ
засварлахХатанбулаг нутгийн хүмүүс рашаан ус гэж үзэж урин цагт ойр орчимд ирж буудаллан өглөө нар ургах цагаа булгийн уснаас авч ходоод гэдсээ цэвэрлэдэг уламжлалтай. Бас чихээ угааснаар чихнээс булаг гоожих өвчнийг анагаадаг гэдэг.
Хууч яриа
засварлахЧингис хаан өмнө зүгт аян дайнд явах замдаа өөрийн бага хатан Хулангаа авч явсан бөгөөд хатны бие чилээрхсэн тул энэ тунгалаг уст булгийн эхээр буудаллаж эмчлүүлсэн боловч сайжрал авалгүй насан эцэслэсэн байна. Ингээд Тахилга овооны зүүн талд байгаа бунхан хүрэнд Хулан хатныг оршуулж бунхалсан гэдэг.
Нутгийн хүмүүс уулын оройд морьтой гарч явахад түй түмгээсэн хоосон чимээ гардаг тухай ярьдаг.
Өөр нэгэнд домогт 1226 онд Чингис хаан тангуудыг дайлаар мордох замдаа Хатны булгаар саатан байжээ. Энэ үед Хатны булагт хүрхэрээ шиг ус байсан гэдэг. Мөн тангуудыг дайлаар мордоод нэгэн ноёны хатныг авч яваад Хатны булагт буудаллахад тэр хатан эзний биед мэс хүргээд, өөрийнхөө егүүтгэсэн хэмээх бөгөөд Чингис хаан түүнийг таалж хатан болгохоор авч явж байсан тул алтан саванд хийж энд оршуулсан гэлцдэг.
Түүхэн судалгаа
засварлахХатны булгийн домгийг Чингис хааны хатан Татаарын Есүй, эсвэл Мэргэдийн Хулан хатны түүхтэй холбон үздэг ч сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүгнэлтээр Монголын төрийн их үйл хэргийг гүйцэтгэж байсан Мандухай сэцэн хатны үйл хэрэгтэй хамааруулж үзсэн судалгааны бүтээл гараад байна. СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн хамтарсан “Хатны булгийн нууцаас” хээрийн судалгааны анги 2016-2018 оны хооронд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд судалгааны ажил хийсэн юм. Уг судалгааг гардан зохион байгуулсан судлаач С.Өлзийбаяр, Б.Баатархүү, Б.Очир, А.Уранжаргал нарын хамтын бүтээл “Домогт хатны булаг” ном хэвлэгдэж олны хүртээл болсон.[2].
Эрдэмтдийн судалгааны он цагаар Монголын эзэнт гүрний улс төрийн бутралын үетэй давхцаж буй бөгөөд Монголын төрийг удирдаж байсан хүчирхэг хатан Мандухайн үйл ажиллагаатай холбогдож буйг тогтоожээ. Даян хааны үед Мин улсаас ширүүн довтолгоо ирж байсан бөгөөд урд зүгийн довтолгооноос сэргийлэх зорилгоор хамгаалалтын бэхлэлт барих болсны нэгэн илрэл нь Хатны булгийн шороон хэрмийн цогцолбор дурсгал болно. Тиймээс эл баянбүрдийг зоригт сэцэн хатан Мандухайн нутаглаж байсантай холбогдуулан Хатны булаг хэмээн нэрлэх болсон[3].
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах
- ↑ Д, Одсүрэн (2023). Хутагтын нутгийн өв (1 ed.). Сайншанд: Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар. p. 34. ISBN 978-9919-9832-5-3.
- ↑ "ДОРНОГОВЬ: Домогт Хатны булгийн нууц". MONTSAME News Agency (англи хэлээр). Татаж авсан: 2024-07-01.
- ↑ "ДОРНОГОВЬ: Домогт Хатны булгийн нууц". MONTSAME News Agency (англи хэлээр). Татаж авсан: 2024-07-01.