Хар сүүлт
Хар сүүлт зээр (Gazella subgutturosa) буюу Хар сүүлт нь хөхтөн амьтны аймгийн нэг Туурайтны баг болох тугалмайтны овогт багтана. Уулсын бэлийн хялганат, баглуурт сайр, садрага бүхий дагжуур хөрст хэвгий тал, загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг. Монгол Улсад Их нууруудын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархжээ. Монгол улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон.
Хар сүүлт зээр | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Элсний хар сүүлт зээр Gazella subgutturosa marica. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубайн цөлийн байгалийн нөөц газарт.
| ||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
|
Эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага гэнэ. Ооно 110-116 см, шаргачин 93-110 см урт, ооно 23-33 кг, шаргачин 18-20 кг жинтэй байна. Зүс нь элсэн саарал, мөч цайвар бөгс нь сүүлийн угнаас дээш үе хэтрэх цагаан танатай. 1-3 насны өсвөр бодьгалиуд нь хар халзан, нас гүцсэн ооно нь дун цагаан толгойтой болж их бие нь цайвар болдог. Эр нь 3, эм нь 2 наснаас үржилд ордог. Ороо хөөцөө нь 12 сарын 20-доос 1 сарын 10 хүртэл үргэлжилнэ. Нас гүйцсэн шаргачингийн 60 хувь нь ихэрлэж байгаа нь хээрийн судалгаагаар ажиглагдсан. Цаг хүндэрсэн үед байгалийн эрсдэлд өртөмтгий. Хүн, малын нөлөөнд хэт автагдаагүй нөхцөлд цагаан зээртэй адил улирлын нүүдэл хийж, шилжилт хийдэггүй, хонд үүсгэн бүлээрээ хэвтдэг ямаатай адил бүлэрхүү амьтан.
Хар сүүлт зээр нь нэг газар удаан амьдардаггүй, бэлчээрийн соргогийг даган хэдэн арван км аялал хийдэг. Сонсгол нь маш сайн, их хурдан, цагт 55-62 км туулж чадна. Гол дайсан нь чоно. Сүү нь 3,9 хувийн тослогтой. Янзага нь хоёр долоон хоногийн дараа эхийгээ дагаж, 10-8 хоногийн дараа өвс ногоо идэж чаддаг байна.
Амт чанар сайтай мах, арьсыг хулгайгаар агнаж ашигладаг. Түүнчлэн ус бага хэрэглэдэг боловч малын тоо толгойноос шалтгаалан баян бүрд задгай усны өрсөлдөөн бий болж, бэлчээрийн хомсдолд орсноос болж ховорджээ. Амьтны аймгийн тухай хуулийн дагуу Монгол Улсын ЗГ-ын 2001 оны 264-р тогтоолоор ховор амьтны зэрэглэл, хөхтөн амьтны Улаан дансанд тус тус бүртгэгдсэн. Хар сүүлтийн тархац нутгийн 15 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагджээ. Ан агнуурын тухай хуулиар хар сүүлт зээрийн ооныг жил бүрийн 11-р сарын 1-нээс дараа оны 8-сарын 31 хүртэл агнах, судалгаа шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар хар сүүлт зээрийг жил бүрийн 10-р сарын 15 аас дараа оны 7-р сарын 15 хүртэл амьдаар нь барихыг хориглосон. БОАЖЯ-наас санаачлан 2010 онд хийсэн нөөцийн үнэлгээгээр хар сүүлт зээр улсын хэмжээнд 25000 орчим, үүнээс Сүхбаатар аймагт 2400 толгой байх магадлалтай дүн гарсан.
Эшлэл
засварлах- ↑ {{{assessors}}} (2008). Gazella subgutturosa. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 18 August 2015-д авсан.